Дэлхийд бүртгүүлэхээр 60 монгол банхар рентген зураг авхууллаа
Дэлхий дээр 500 гаруй тусдаа бие даасан нохойн үүлдэр байдаг ч монгол банхар нь өнөөдрийг хүртэл албан ёсны бүртгэлгүй. Иймд монгол банхрыг албан ёсны үүлдрээр бүртгүүлэхээр Mongolian Kynological Federation-MKF-Монголын Нохой Судлалын Холбоо болон Монгол банхар судлалын холбоо ажиллаж буй.
Энэ хүрээнд Монголын Нохой Судлалын Холбоо болон Монгол банхар судлалын холбоо хамтран банхрыг албан ёсны үлдвэрээр бүртгэх ажлыг эрчимжүүлж 60 монгол банхар нохойг HD ED түнх тохойн рентгенд хамруулж, зураг авах ажлыг эхлүүлээд байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Мэдээллийг ЭНД дарж харна уу.
Тэгвэл Монгол банхраа дэлхийд бүртгүүлэх (FCI) ажлын томоохон хэсэг болох 30 эр, 30 эм нохойны HD/ED рентген зураг авах ажил амжилттай дууслаа.
Сануулахад, Монгол банхруудаа олон улсын үзэсгэлэн тэмцээнд оролцуулж, олонд таниулах ажлыг өнгөрсөн хугацаанд идэвхтэй зохион байгуулсан юм. Тухайлбал, энэ оны дөрөвдүгээр сард Хорват улсад болсон Дэлхийн аварга шалгаруулах үзэсгэлэн тэмцээнд Монголоос Хангарьд, Гүен, Толигор нарын гурван монгол банхар оролцож, түүхэнд анх удаа Монгол Банхар үүлдэр олон улсын рингд гарч дэлхийн нохой сонирхогч, үржүүлэгч, шүүгч нарын анхаарлын төвд орж байв.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайн байна, хичээгээрэй