Трампын татварын эрсдэлээс болж БНХАУ-ын экспорт сүүлийн хоёр жилд байгаагүйгээр нэмэгдлээ
Аравдугаар сард БНХАУ-ын экспорт өнгөрсөн хоёр жилд үзэгдээгүй хурдан өслөө. АНУ болон Европын Холбоо зэрэг гол зах зээлүүд гаалийн татвараа нэмж магадгүй гэж үзсэн тул Хятадын үйлдвэрүүд рүү экспортоо хурдасгасан нь үүнд нөлөөлөв. Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп том ялалт байгуулснаар гаалийн татвар нэмэгдэх магадлал улам ихэслээ. Тэр сонгуулийн кампанит ажлын үеэр амласан БНХАУ-ын импортод 60 хувиас дээш татвар ногдуулах амлалт өгч байсан. Энэ нь БНХАУ-ын гол экспортын зах зээл болох АНУ руу нөөц шилжүүлэхэд түлхэц өгч магадгүй.
Дэлхийн хоёр дахь том эдийн засгаас гарч буй экспорт аравдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.7 хувиар өссөн байна. “Reuters” агентлаг санал асуулга явуулахад эдийн засагчид 5.2 хувийн өсөлт үзүүлнэ гэж таамагласнаас нь өндөр амжилт үзүүллээ. Есдүгээр сард тус улсын экспорт 2.4 хувиар өссөн билээ.
Трампын татварын заналхийлэл нь жилд 500 тэрбум долларын бүтээгдэхүүн АНУ-руу экспортолдог Хятадын үйлдвэрийн эзэд болон албан тушаалтнуудыг түгшээж байгаа юм. Мөн Европын Холбоо БНХАУ-аас 460 орчим тэрбум ам.долларын бараа авдаг. Сүүлийн үед Европын холбоо, БНХАУ-ын худалдааны хурцадмал байдал цахилгаан машины улмаас нэмэгдэж буй.
Экспортын өсөлт нь хүндрэлтэй нөхцөл байдалд ороод буй БНХАУ-ын эдийн засгийн ганц гэрэл гэгээ болж байгаа. Гэвч үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өрийн хямралын улмаас хэрэглэгчдийн болон бизнесийн итгэлийг бууруулжээ. Экспорт өссөн бол импорт 2.3 хувиар буурч, сүүлийн дөрвөн сард анхны удаа сөрөг үзүүлэлтэд орсон байна. БНХАУ-ын худалдааны ашиг өнгөрсөн сард 95.27 тэрбум долларт хүрч, есдүгээр сарын 81.71 тэрбум доллароос өсжээ.
Economist Intelligence Unit”-ийн ахлах эдийн засагч Сюй Тянчэнь "Татварын дарамт эхлэхээс өмнө, дөрөвдүгээр улиралд ихээхэн нөөц бүрдүүлэлт хийгдэнэ гэж таамаглаж байна. Үүний гол шалтгаан нь Трамп. Аюул илүү бодитой болж байна" гэсэн юм.
Трампын нөлөө
Аравдугаар сард БНХАУ-ын АНУ руу хийсэн экспорт өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 8.1 хувиар өссөн бол Европ руу хийсэн экспорт мөн хугацаанд 12.7 хувиар өсжээ. “Capital Economics” фирмийн Хятадын эдийн засгийг судлаач Хуан Зичун "Ирэх саруудад экспорт нэмэгдэнэ гэж таамаглаж байгаа. Трампын татвараас үүсэх үр дүн ирэх жилийн хоёрдугаар хагас хүртэл ажиглагдахгүй байж магадгүй. Түүний эргэн ирэлт БНХАУ-ын экспортод богино хугацааны өсөлт үүсгэж, АНУ-ын импортлогчид татвар нэмэгдэхээс өмнө худалдан авалтаа ихэсгэхэд хүргэж магадгүй" хэмээжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.