Энтертайнмент

Ирэх онд нээлтээ хийх "Wednesday" цувралын талаар бидний мэдэх зүйлс

2022 онд алдарт кино найруулагч Тим Бертон Netflix платформтой хамтран The Addams Family киноны спин-офф Wednesday цувралыг хийсэн нь олон амжилтыг дагуулсан. Тэгвэл тус цувралын хоёрдугаар бүлэг нь ирэх онд нээлтээ хийхээр төлөвлөж байна.


Шинэ улиралд юу гарах вэ?

Одоогоор шинэ бүлгийн талаар мэдээлэл хомс байгаа ч үйл явдал өмнөх бүлгийн адилаар ер бусын чадвартай хүүхдүүд суралцдаг Nevermore ахлах сургуульд өрнөх болно. Мөн Уэнсдэй Аддамсын дүрийг бүтээсэн жүжигчин Женна Ортега "Variety" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Бид Уэнсдэйтэй холбоотой романтик хэсгүүдийг тэр чигт нь хасахаар шийдсэн. Үүний оронд жинхэнэ аймшгийн бүтээл хийхээр төлөвлөж байгаа ба цувралын анги бүр яг л бүрэн хэмжээний кино шиг байх болно" хэмээжээ.


Энэ улирлын найруулагчдын багт хэн хэн байна вэ?

Хоёрдугаар бүлгийн зохиолыг Альфред Гоф, Майлз Миллар нар бичиж байгаа бол найруулагчийн үүргийг мэдээж Тим Бертон гардан гүйцэтгэх юм. Харин жүжигчин Женна Ортега энэ удаагийн бүлэг дээр давхар гүйцэтгэх продюсероор ажиллаж байгаа гэдгээрээ онцлог.


Шинэ жүжигчид нэмэгдэх үү?

Цувралын дүрүүдэд Билли Пайпер, Стив Бушеми, Тандиве Ньютон, Жоанна Ламли тэргүүтэй чадварлаг уран бүтээлчид шинээр нэмэгджээ. Жүжигчин Стив Бушеми "Nevermore" ахлах сургуулийн шинэ захирлын дүрд тоглоно гэх цуурхал гарсан ч Netflix-ийн зүгээс үүнд ямар нэгэн тайлбар өгөлгүй нууцалж байгаа аж. Мөн 1991 онд "The Addams Family" кинонд Уэнсдэйн авга ах Фестер Аддамсын дүрийг бүтээж байсан жүжигчин Кристофер Ллойд жүжигчдийн бүрэлдэхүүнд нэгдсэн бөгөөд үзэгчид түүнийг "Back to the Future буюу Ирээдүй рүү буцсан" нь киногоор нь сайн мэддэг билээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button