Агаарын бохирдлыг бууруулахад Чингэлтэй дүүрэг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллана
Өнөөдөр /2024.11.13/ Нийслэлийн Чингэлтэй Дүүргийн Засаг Даргын Тамгын Газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр агаарын бохирдлыг бууруулж, гэр хорооллын айл өрхүүдийн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх хүрээнд Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хот, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийг дэмжих, иргэдийн амьжиргааг дэмжихэд чиглэсэн хамтын ажиллагааг бэхжүүлэх юм. Тэр дундаа гэр хороолол дахь айл өрхүүдэд сэргээгдэх эрчим хүчинд түшиглэсэн халаалтын шийдлийг хэрэгжүүлж, нүүрсний хэрэглээг бууруулах юм.
Эхний шатанд Чингэлтэй дүүргийн 100 хүртэлх айл өрхөд нарны эрчим хүчинд түшиглэсэн халаалтын шийдлийг нэвтрүүлэх ба урт хугацаандаа агаарын бохирдлыг бууруулж, ногоон ажлын байрыг бий болгон, Улаанбаатар хотын иргэдэд амьдрах эрүүл орчныг бий болгохоор зорьж байна.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь техникийн туршлага, сургалт явуулах бол дүүргийн засаг захиргаа санхүүжилтийг гаргаж, төсөлд хамрагдах өрх болон байршлуудыг тодорхойлж, системийн засвар үйлчилгээг хариуцах юм.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул уг санаачилгын талаар “НҮБХХ-тэй хамтран ажиллаж байгаа нь Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг болох гэр хорооллын агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд чухал нэмэртэй үйл явдал болж байна. Энэхүү хамтын ажиллагаа нь Чингэлтэй дүүргийн айл өрхүүдэд бодит шийдлүүдийг авчирч, бохирдлыг бууруулж, байгаль орчин болон манай оршин суугчдад ашигтай цэвэр эрчим хүчний сонголтуудыг бий болгож байна.” гэдгийг дурдлаа.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовска энэхүү хамтын ажиллагаа нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилтийн тухай эмхлэн гаргасан “Хүний хөгжлийн үндэсний баримт бичиг”-ийн гол агуулга зөвлөмжүүдтэй уялдаж байгааг онцоллоо.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.