НИЙГЭМ

Хэвлэл мэдээллийн байгууллага, редакцуудын хэтийн хандлага хэрхэн өөрчлөгдөж байна вэ

Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүдээс IFPIM буюу “Нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээллийг дэмжих олон улсын сан”, "Сэтгүүл зүйн инновац, Хөгжлийн үүр төв НҮТББ" хамтран зохион явуулсан хөтөлбөрийн үр дүнд мэргэжлийн редакциуд хэрхэн туршлага хуримтлуулж, стратегийн төлөвлөгөөгөө сайжруулсан болон хөтөлбөрийн явц дахь алдаа оноо юу байсан талаар салбарынхандаа "Media Mongolia" нэрийн дор нээлттэй хуваалцлаа.

Уг хөтөлбөр нь хэвлэл мэдээллийн байгууллагуудыг сэтгүүл зүйн үр нөлөөгөө нэмэгдүүлэхэд шаардлагатай нөөц, стратеги болон бизнес загвараа сайжруулахад туслах зорилготой . Энэ хүрээнд хөтөлбөрт хамрагдахаар хүсэлтээ илгээсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудаас нийгмийн янз бүрийн төлөөллийн мэдээллийн хэрэгцээг хангах, тэдний дуу хоолой болох байдал зэргийг харгалзан салбартаа тогтмол үйл ажиллагаа явуулж буй зургаан редакцийг сонгон авч хөтөлбөрт хамруулсан бөгөөд эхний жилийн үр дүнгээ салбарынхандаа ийн танилцуулсан юм. Хөтөлбөрийг зохион байгуулагчдаас явуулж буй стратеги төлөвлөлтийн сургалтад хамрагдаж, цаашдын редакцийн төлөвлөгөө зорилтуудаа оновчтой тодорхойлсон нь хамгийн том өгөөж байсныг хуваалцсан юм. Хөтөлбөрт тэнцсэн редакциудыг гурван жилийн хугацаанд стратегийн зорилгодоо хүрэхэд шаардлагатай санхүүгийн болон менежментийн дэмжлэгийг Олон улсын сан, Хөгжлийн үүр төв, Financial Times Strategies компаниудаас олгоно.

Бүтэн жилийн үр дүнгээ эргэн харж, дүгнэхдээ хөтөлбөрт хамрагдсан редакциудын зүгээс "Хэвлэл мэдээллийн байгууллага хөгжлийн стратеги төлөвлөгөөгөө оновчтой боловсруулах, зорилт, хэрэгжилтийн үр дүнгээ тогтмол тайлагнах. Санхүүгийн эх үүсвэрүүдээ төрөлжүүлэх, нээлттэй байлгах, тогтмол уншигчдын чанарыг сайжруулах, контент үйлдвэрлэлийг хүний нөөцийн бодлоготой уялдуулах" гэсэн орчин үеийн сэтгүүл зүйн салбарт туршиж, хэрэгжүүлж болох ололт санаануудыг нэг дуугаар хэлж байлаа.

iToim агентлаг: Сард нийтийн эрх ашгийн төлөө дор хаяж 10 аналитик, эрэн сурвалжилсан контент гарган, бүртгэлтэй хэрэглэгчдээсээ орлого олох байдлаар орлогоо төрөлжүүлж байна

 Ерөнхий редактор Э.Мөнхцэцэг: Сэтгүүлчдэдээ үндсэн цалингаас гадна яаж нэмэлт урамшуулал олгох вэ, сэтгэл ханамжийг нь нэмэгдүүлэх вэ, хувь хүний хөгжилд нь хэрхэн анхаарах вэ зэргийг гурван жилийн хөтөлбөртөө тусгасан.

Хөтөлбөрт хамрагдсанаар бидний өдөр тутмын төлөвлөгөө дэс дараатай болсон. Тодруулбал, гурван жилийн дараа юунд хүрэхээ тодорхойлж, улмаар тодорхой тоонууд бүхий стратеги төлөвлөгөө баталсан. Тухайн төлөвлөгөөндөө өдөр тутмын үйл ажиллагааг нийцүүлж мөн үр дүнгээ хэмжиж явж байна. Хэмжиж буй нь ихээхэн онцлог. Контент маань хэр олон хүнд хүрэв, улмаар эерэг ба сөрөг ямар нөлөө үзүүлэв гэдгийг тогтмол хэмжих жишээтэй.

Төсөлд хамрагдсанаар нийтийн эрх ашигт үйлчилсэн контентын тоог нэмж, шууд хандалт бүхий уншигчдаа хэрэглэгч болгохоор зорьсон. Тэдгээр хэрэглэгчийг бүртгэж, санал хүсэлтийг нь авч, үйл ажиллагаандаа тусгах гэж хичээсэн. Мөн бүртгэлтэй хэрэглэгч нараасаа санхүүжилтийн тодорхой хувийг бүрдүүлдэг болж, санхүүгийн эх үүсвэрээ төрөлжүүлэхийг зорьсон. Нөгөө талд “Google Analytic” зэргээс авсан дата мэдээллүүдээ сайтар ашиглаж сурч байна. iToim агентлагийн давуу тал үйл явдлын араас явдаггүй. Цаана нь юу өрнөж байна вэ гэдгийг мэргэжлийн түвшинд хөнддөг буюу аналитик сэтгүүл зүй хөгжүүлэх үндсэн зорилготой.

Манай редакцад хүний нөөцийн асуудал бусдын адил тулгамддаг. Хүний нөөцөө тогтворжуулж, тогтоон барихын тулд KPI үнэлгээний систем нэвтрүүлэхээр зорьсон. Энэ маань амжилттай болбол туршлагаа хуваалцах боломж үүсэх болов уу гэж харж байна. Сэтгүүлчдэдээ үндсэн цалингаас гадна яаж нэмэлт урамшуулал олгох вэ, сэтгэл ханамжийг нь нэмэгдүүлэх вэ, хувь хүний хөгжилд нь хэрхэн анхаарах вэ зэргийг гурван жилийн хөтөлбөртөө тусгасан.

Ub.life сайт: Үнэн хэрэглэгчдийн хүрээллийг бэхжүүлж, редакцын бодлогоо тэлснээр залуу уншигчдыг сэтгүүл зүйн чанартай бүтээлээр хангахаар зорьж байна.

Эрхлэгч Ж.Тэгшжаргал: Бид залуу үетэйгээ дотно, яг л итгэлт найзаасаа хэрэгцээт мэдээллийг авч буй мэт харилцаа үүсгэхийг зорьдог

Хөтөлбөр маань жилийн өмнө нээсэн. Үүнээс бараг жилийн өмнө бид үндсэн дата мэдээллүүдээ өгч, хэд хэдэн удаа төсөл хэрэгжүүлэгч талтай уулзсанаар сонгогдож байлаа. Улмаар “Алтан гадас” зорилгоо тодорхойлж, бизнес моделио өөрчилж, контент, бодлого чиглэлдээ өөрчлөлт оруулсан. Хөтөлбөр нийт гурван жил үргэлжилнэ, бид эхний жилийнхээ ард ийнхүү гарлаа. Тодорхой хэмжээний өөрчлөлт харагдаж байна. Нийтийн эрх ашгийн төлөөх контентын тоо болон давтамжийг нэмсэн. Сошиал платформуудын онцлогт тохируулж хэлбэрээ өөрчлөх оролдлогыг хийсэн. Манайх залууст зориулсан сайт. Сонин байтугай сайт уншихаа байсан үед тэдний сонирхол жишээ нь Инстаграм дээр байна. Энэ чиглэлд ажиллаж, тодорхой амжилтууд гаргасан. Цаг үеийн, нийгэм улс төрийн шинжтэй контентуудыг ч хувирган туршиж, цаашид ч хийсээр байвал үнэ цэн бөгөөд үр өгөөжтэй гэдгийг харлаа. Financial Times болон “Сэтгүүл зүйн хөгжлийн Үүр төв”-тэй сар тутам уулзаж яваа. Иймд нэг удаагийн санхүүжилт өгч, нэг удаа зөвлөөд биднийг орхиогүй гэсэн үг. Улирал бүр тайлан гаргаж, уулзаж ярилцан ажиллаж байгаа. Алдаа, оноо, бэрхшээл бүгдийг хэлэлцэн, эргэх холбоотой явдаг. Иймд сэтгүүлчдэд ч хандлагын өөрчлөлт гарч байгаа. Хоёр жилийн дараа илүү өөрчлөлт, амжилттайгаар уулзах болов уу гэж найдаж байна.

Бид зургаан жилийн өмнөөс New York Times сонинтой хамтран ажиллаж байгаа. Сэтгүүлийн зургаан тусгай дугаар гаргасан. Мөн “Turning Points” сэтгүүлийнээ дараагийн дугаарыг бэлдэж байна. New York Times-тай ажиллана гэдэг тэдний стандартад нийцэх ёстой гэсэн үг. Их зүйлийг сурч байгаа. Эргээд тэдэнд санал дэвшүүлж, Монголын онцлогт тохирсон сэдэв, санаа ярилцдаг. Биднийг “Women Today” дугаараа хийхэд New York Times-ын сэтгүүлч нь, Азийг хариуцсан менежертэйгээ ирж байсан. Ирэх онд Монголдоо New York Times сонинтой хамтарсан үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна.

Бид залуу үетэйгээ дотно, яг л итгэлт найзаасаа хэрэгцээт мэдээллийг авч буй мэт харилцаа үүсгэхийг зорьдог. Тэднийг сонсох, контентдоо оролцуулах, “Та ч мөн бидний нэг хэсэг” гэдэг хандлагаар ажиллахыг зорьдог. Уншигчдын групптэй, тэдэнтэйгээ ярилцаж, контентдоо оролцуулаад явдаг. Үүнийг бид их чухал, үнэтэй харилцаа гэж боддог. Жишээлбэл, манай “Хөрөг” булангийн хандалт, уншигч их. Харин өнгөрсөн хугацаанд уншигчид хөрөг бичсэн сэтгүүлчтэй нь уулзахыг хүсдэг байсан юм билээ. Иймд Г.Түмэндэмбэрэл агсны хөрөг нийтлэгдсэний дараа уншигчидтай хийх уулзалт зохион байгуулахад заал дүүрэн хүн ирсэн. Сэтгүүлч Б.Энхцэцэгээс хүссэн асуултаа, нээлттэй асууж байсан. Хэрэглэгч, медиа хоёрын хооронд дотно харилцаа үүсдэг юм билээ. “Таны үзэл бодол ч мөн мэдээлэл шүү, та ч мөн манай контентод оролцож болно шүү” гэдэг “урилга”-ыг бид уншигчдадаа өгсөөр байна.

Graph.mn сайт: Уншигчдын хандиваар орлогоо бүрдүүлж, улс төр, эдийн засгийн мэдээ, мэдээллийг хүртээмжтэй суваг, форматаар хүргэхээр ажиллаж байна

Ерөнхий редактор Н.Саруулдөл: Хүний нөөцөө яаж тогтвортой барьдаг вэ гэхээр, редакцын өмнөө тавьсан зорилго тодорхой, бүгдээрээ түүнийг ухамсарладгийнх

Хөтөлбөрт хамрагдсанаар бидний ойлгосон хамгийн чухал зүйл бол тавьсан зорилтдоо хүрэхийн тулд нарийвчилсан төлөвлөгөө батлах тухай. Төлөвлөгөө баталж, сар бүр тайлан  гаргаж, үр дүнгээ дүгнэх маш чухал юм билээ. Өмнө нь өдөр тутмын урдах ажилдаа л төвлөрдөг байсан. Харин гурван жилийн төлөвлөгөө баталж, түүндээ яаж хүрэхээ тодорхойлсон нь онцлог. Бидний үзүүлэлтүүд ч дагаад өссөн. Хүний нөөц хоёр дахин, контентын тоо гурав дахин, нийтийн эрх ашгийн төлөөх контент тав дахин нэмэгдсэн. Үүнийгээ цаашид ч тогтвортой авч явах гэдэг хамгийн чухал сорилт болж байна.

Хүний нөөцийн хувьд удирдлагуудаас бусад нь Z үеийнхэн байгаа. Хүний нөөцөө яаж тогтвортой барьдаг вэ гэхээр, редакцын өмнөө тавьсан зорилго тодорхой, бүгдээрээ түүнийг ухамсарладгийнх. Бид хөтөлбөрт хамрагдсанаар тодорхой хэмжээний санхүүжилт авсан учраас цалингийн бодлогоо ч сайжруулсан нь нөлөөлсөн. Мөн ажилчдадаа уян хатан цагийн нөхцөл бий болгосон. Ямартай ч 11.00 цагаас хоцрохгүй ирэх ёстой. Харин өмнө нь ирж болно. Гэхдээ ажлын найман цагаа барина гэдэг зарчимтай. Саяхан бид менежертэй болсон. Одоо энэ тал дээрээ илүү амжилт үзүүлэх байх гэж найдаж байна.

“Зууны мэдээ” сонин: Дижитал шилжилт хийж, жил бүр нийтийн эрх ашгийн төлөөх 3 сэдвээр тогтмол эрэн сурвалжилга хийж, нийгмийн эерэг өөрчлөлтөд хувь нэмрээ оруулна.

Ерөнхий редактор, Ph.D Д.Отгонбаяр: Цахим захиалгын сайтаа сайжруулж, сонингоо гар утас, таблетаар уншихад таатай болгон хөгжүүлж байна

Бид уламжлалт, хэвлэмэл хэвлэл мэдээллийн байгууллагыг төлөөлж байгаа. “Илүү цахим орчинд шилжье” гэдэг зорилтынхоо хүрээнд үр дүн хүлээж байгаа. Технологи мэдээж уламжлалт хэвлэлд сорилт авчирсан. Эсрэгээрээ давуу тал ч бий болгосныг мартаж болохгүй. Хөтөлбөрт хамрагдсанаар хэрэглэгчдэд сониноо дижитал хэлбэрээр уншуулах боломжийн суурийг тавилаа. Энэ хүрээнд цахим захиалгын сайтаа сайжруулж, сонингоо гар утас, таблетаар уншихад таатай болгон хөгжүүлж байна.

Манай салбар өөрөө хүний нөөцийн хувьд хүндрэл ихтэй шүү дээ. Бид хүний нөөцдөө олон үеийн төлөөллийг хангахыг хичээдэг. Нас насны хүмүүст тохирсон контент бэлтгэхэд сэтгүүлчдийн оролцоо, тэдний үе үеийн онцлог ч чухал шүү дээ. Хоёрт гэвэл, өндөр цалин хангамж амлаж чадахгүй байлаа ч яаж ийгээд чөлөөтэй, нээлттэй дотоод соёлоор хангаж өгөхийг хичээдэг. Иймд ТББ-уудтай маш сайн хамтарч ажилладаг. Тэдний нөү-хау, шинэ санаачилга бүгдийг сэтгүүлчдэдээ тусгахыг хичээдэг. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн “Мэдрэмжтэй мэдээлье” хөтөлбөрт хамрагдсанаар манай сэтгүүлчид өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлж чадсан. Хэвлэлийн хүрээлэнгийн сургалтад хамрагдсан сэтгүүлчдэдээ бүтээл хий цаг завыг нь гаргаж өгдөг. Сэтгүүлчид мэдээж үргэлж завгүй. Харин байгууллага цаг завыг нь гаргаж өгье гэдгийг редакцын бодлого, соёлдоо төлөвшүүлэхээр хичээж ажилладаг” гэлээ.

“Сэтгүүл зүйн хөгжлийн Үүр төв” нь бие даасан, хараат бус сэтгүүл зүйг дэмжиж, мэдээллийн урсгалыг төрөлжүүлэх, хуурамч мэдээллийг бууруулах чиглэлд ажилладаг.

-Энэхүү хөтөлбөрт хамрагдсан редакцууд багагүй үр дүн, ахиц дэвшилд хүрснээ ярьж байна. Хөтөлбөрийн эхний жилийг танай байгууллага хэрхэн дүгнэх вэ. Мөн гурван жилийн дараах үр дүнг хэрхэн төсөөлж байна?

- Тэргүүн Б.Дуламхорлоо: Механикаар тооцож үзвэл эхний жилд нийт үр дүнгийн 30 хувьд хүрсэн байх ёстой гэж харагдаж байна. Харин олон улсад аливаа төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд эхний жилдээ учраа олох гэж цаг алддаг тул, үүнийг тооцох ёстой гэж үздэг. Миний хувийн ажиглалтаар, бид 2026 оноос өмнө ч зорьсон үр дүндээ хүрчхэж болохоор санагдсан.

Өнөөдрийн арга хэмжээний уур амьсгалыг харахад, манай салбар нээлттэй, идэвхтэй байна.

“Хэвлэл мэдээлэл бол бизнесийн байгууллага” гэхээр буруу ч юм шиг, ариун сэтгүүл зүйг мөнгө төгрөгтэй хольж хутгах гээд байгаа ч юм шигээр ойлгодог байсан нь өнөөдөр өөрчлөгдчихлөө. Энд хүн ажиллаж, зардал гаргаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Харин тэр зардал сэтгүүлчдийн сэтгэлийн хат дээр л яваад байдаг юм шиг санагддаг. Тэгэхээр үүнийг өөрчилье. Илүү ойлгомжтой, тодорхой бөгөөд ёс зүйгээ алдахгүйгээр хэрхэн энэ бизнесийг эрхлэх вэ гэдгийг эрүүлээр ярьж чаддаг боллоо.

-Редакцын санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, илүү нээлттэй, тодорхой болгох нь цаашид хэвлэл мэдээллийн байгууллагуудын урдаа тавих нэг зорилт байхаар харагдаж байна?

-Судалгаа хийхээр Монголын редакцууд санхүүгийн гурван суваг нэрлэдэг. Олон улсад зар сурталчилгааны орлого буурч байгаа нь ойлгомжтой. Ихэнх сурталчилгаа хэвлэл мэдээлэл рүү биш, сошиал платформууд руу явдаг болчихлоо. Гэдээ олон улсад бол редакцад санхүүгийн 230 суваг бий гэж үзэн, тэдгээрийг 11 дэд бүлэгт хуваадаг. Тав орчим нь л Монголд оршиж байна. Бусдыг нь нэвтрүүлэхэд иргэдийн ойлголт, тенологи, санхүүгийн зах зээлийн хөгжил яригдана. Яах вэ, ерөнхий барьер нь байгаа ч олон нийтийн ойлголтыг нэмэх хэрэгтэй байна.

Редакц мэдээж төрийн байгууллагаас санхүүжиж болно. Гэхдээ нийт орлогын 50 хувийг ч юм уу бүрдүүлээд эхэлбэл төрийн байгууллага “дарамталсан” эсэхээс үл хамаарч, заавал эрсдэлд орно. Харин санхүүжилтийн 20 хувийг бүрдүүлдэг бол, тэр хэсэг эрсдэлд орлоо гэхэд тогтвортой 80 хувийн санхүүгийн нөөц үлдэнэ, тэндээ тодорхой менежмент хийнэ гэсэн үг шүү дээ..

-Өнөөдрийн хөтөлбөрийн үр дүнг сонссон хэвлэл мэдээллийн байгууллагууд дараагийн хөтөлбөрт хамрагдаж, стратегийн төлөвлөгөөгөө оновчтой болгох, редакцийн бодлогын түвшинд олон зүйлийг сайжруулах хүсэл эрмэлзлэлтэй байгаа нь харагдлаа?

-Хэвлэл, мэдээллийн байгууллагуудын редакцын бодлогыг бид хөндлөнгөөс тодорхойлж болохгүй. Энэ удаагийн хөтөлбөрөөр жишээлэхэд, ерөөс нийтийн эрх ашгийн төлөөх контентыг л дэмжих зорилготой.

Харин нийт гэдэгт Монголын бүх хүн ам орохгүй. Ялгаатай хэрэгцээтэй бүхий нийгмийн нэг бүлэг хэсгийг нийт хэмээн тодорхойлно. Тухайлбал, Улаанбаатарын хамгийн түгжрэлтэй хэсэгт амьдардаг хүмүүс, эсвэл бүтэн цагаар ажил хийдэг бага насны хүүхэдтэй ээжүүд ч юм уу. Яг тэдэнд чиглэж, контент үйлдвэрлэдэг бол сайн, шинэ хандлага. Харин Төрийн ордон л тойрдог сэтгүүл зүй, “Өнөөдөр ямар хуулийн төсөл хэлэлцэгдэв” гэдэг мэдээг тэдгээр бүлэг 40 өөр газраас зэрэг хараад хэрэгцээгүй шүү дээ.

Гэтэл эрх ашиг нь хаягдаж үлддэг хүн амын бүлэг олон байна. Тэдэнд редакцын бодлогоо чиглүүлбэл бизнес модель ч оновчтой болно, нэг зах зээл дээр олуул өрсөлдөхгүй гэсэн үг. “Тип” өгөхөд, өнөөгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд яг ямар бүлэгт чиглэн ажиллаж байгааг хараарай. Тэгэхээр энэ татгалзахын аргагүй санал.

Нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээллийг дэмжих олон улсын сангийн Ази номхон далайн бүсийн захирал Айрин Жэй Лью: Монголын хоёр дахь томоохон өдөр тутмын сонин, санхүүгийн товхимол, телевиз, вебсайт, сошиал медиа төвтэй хэвлэл мэдээллийн байгууллага гээд Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын олон янз байдлын илрэл, ирээдүй болсон эдгээр бие даасан хэвлэл мэдээллийн байгууллагыг дэмжиж буй нь Олон улсын сангийн хувьд нэр төрийн хэрэг. Өөр, өөр сувгаар олон янз хэрэглэгчдийн бүлгийг чиглэн үйл ажиллагаа эрхэлж уй эдгээр байгууллага нийтийн эрх ашгийн төлөөх сэтгүүл зүйн үр нөлөөг нэмэгдүүлэх зорилгын дор нэгдэж буй. Хөтөлбөрийн үр дүнд ирэх жилүүдэд эдгээр байгууллага үр бүтээлтэй, амжилт дүүрэн байна гэдэгт итгэж байна.

Мөн тус хөтөлбөрт хамрагдсан Lemon Press, NTV телевизийн удирдлагуудын зүгээс хөтөлбөрийн эхний жилийн үр дүнгээ хуваалцаж, хүний нөөц болон бодлогын стратеги төлөвлөгөөгөө хэрхэн зураглаж буй талаараа хуваалцсан юм. Хэвлэл мэдээллийн салбар өөрөө илүү нээлттэй, тогтмол мэдээллийн урсгалаас илүүтэй уншигчдыг чанартай, баримттай, тогтвортой контент болон мэдээ, бүтээлээр хангах нь дэлхий нийтийн медиа салбарын онцлог болж байгааг илэрхийлж байлаа.

Редакцууд санхүүгийн тогтвортой, төрөлжсөн эх үүсвэртэй байх, хамтын ажиллагаат байгууллагуудаа нээлттэй байдлаар хуваалцдаг, хүний нөөцийн бодлогоо оновчтой тодорхойлох нь салбарын цаашдын чиг хандлага болж байгааг ч мөн илэн далангүй хэлэлцсэн юм.

Ц.ТАМИР

М.ТЭНГИС

Зураглаач: Б.Мягмарбаяр

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 22, 2024 08:23

УУГ НЬ БОЛ ЭД НАР ӨӨРСДИЙГӨӨ СЭТГҮҮЛЧ ГЭЖ БОДЧИХООД ТҮҮНДЭЭ ИТГЭЧИХЭЭД ЯВААД БАЙНА ТА НАРЫГ ХЭН СЭТГҮҮЛЧ ГЭХ ВЭ? ДЭЭ БИЧСЭН НИЙТЛЭЛ НЭРТЭЙ ГАЛЗУУ ХҮНИЙ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ НЬ НАЙРУУЛГА ҮГ ҮСГИЙН АЛДААГААР ДҮҮРЭН.УГТАА БОЛ СЭТГҮҮЛЧИД НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ХӨТӨЧ НЬ ЗАСАГЛАЛЫН БАС НЭГ МАШ ХҮЧТЭЙ ЗЭВСЭГ ТӨР НЬ ӨӨРӨӨ ДАМПУУ ШҮҮХ ЗАСАГЛАЛ СЭТГҮҮЛЧДЭЭ ЯГ ХАРЦААРАА УДИРДДАГ.ГАНЦ НЭГ НЬ СӨРӨХӨӨР НЬ НЭГ ХУДАГТ ХИЙЧИХНЭ ЯЛ ӨГЧИХНӨ АЙМХАЙ СЭТГҮҮЛЧИД НЬ НАМ БҮЛЭГЛЭЛ ФРАКЦИЙН ЭРХ АШИГТ ҮЙЛЧИЛЖ ЦААД ЭЗНИЙХЭЭ ДААЛГАВАРААР ХЭН НЭГНИЙГ ТЭНГЭРТ ТУЛТАЛ МАГТАЖ БАС ГУТААЖ ХЭН Ч БИШ БОЛГОНО СЭТГҮҮЛЧИД ҮНЭНИЙ ДУУ ХООЛОЙ БАЙХ БОЛОМЖИЙГ ЭРХ БАРИГЧИД НЬ ХААЧИХНА ДАНДАА МАГТАН ДУУЛАХЫГ ШААРДАНА МАГТАН ДУУЛУУЛАХ ЯМАР Ч САЙН МЭДЭЭ БАЙХГҮЙ ЭНИЙГ ХАРИН ИРГЭД МАШ САЙН ОЙЛГОЖ МЭДЭРДЭГ УЧРААС СЭТГҮҮЛЧИДЭЭ ТООХОО БОЛЬСОН.СҮҮЛИЙН ҮЕД СЭТГҮҮЛЧИНЦЭРҮҮД ИХ ХУРАЛД МОРИЛСОН ТЭД ӨӨРСДИЙГӨӨ ТӨРИЙН ТҮШЭЭ МЭТЭЭР СЭТГЭНЭ ТОМРОНО ПЭЭДЭЛЗЭНЭ ҮҮНИЙГ НЬ ИРГЭД ШООЛНО. БОДИТ ҮНЭН НЭГ ИЙМЭРХҮҮ

Ссс
Ссс
11 сар 22, 2024 22:45

Хэвлэл мэдээллийхэн бол мөнгөөр үйлчилдэг боловсон яа.шканууд. Яшка нийгэмд хор хөнөөл багатай бол хэвлэл мэдээлэл нэртэй я.шканууд бол �##�иваа улс орныг сүйрүүлдэг хулгайч авилгагчдын хамсаатанууд юм.

Ссс
Ссс
11 сар 22, 2024 22:46

ХУЛГАЙЧ АВИЛГАГДЫН ХАМСААТАНУУД БОЛ ХААЛТЫН ГЭРЭЭТЭЙ БҮХ ХЭВЛЭЛИЙХЭН ЮМ. Б.Д

Холбоотой мэдээ

Back to top button