СПОРТ

Түр завсарлаад байсан дээд лигийн сонирхолтой солилцоонууд

Манай улсын шигшээ багийнхан Азийн аварга шалгаруулах урьдчилсан шатанд Япон болон БНХАУ-тай тоглолт хийсэн. Үүний улмаас үндэсний сагсан бөмбөгийн дээд лиг түр завсарлаад байв.

Энэ завсарлагааны үеэр лигийн багуудын дунд сонирхолтой шилжилт хөдөлгөөн өөрчлөлтүүд оржээ.

-"Эрдэнэт Майнерст" шинэ импортын тоглогч ирж, "Бишрэлт Металл"-ын дасгалжуулагч өөрийн хүсэлтээр ажлаа өгөв-

Тодруулбал, "Эрдэнэт Майнерс" багийн импорт тоглогч болох Тате хасагдсан. Түүний оронд Esho Maxie Kunle тус багт орсон байна. Тэрбээр 2.03 метр өндөртэй төвийн байрлалд тоглодог тамирчин юм. Анх сагсан бөмбөгийн гараагаа Массачусетсийн их сургуулийн Амхерст кампусын Минутемен багаас эхэлсэн Тайванийн Тайпэй Фубон Вориорс баг болон Японы Сайтама Бронкос багуудад тоглож байсан.

Мөн “Бишрэлт Металл” багийн дасгалжуулагч өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэж өгчээ. Дасгалжуулагч Б.Ганхөлөгийн оронд Грек улсын дасгалжуулагч Tsepelis Evangoles ажиллахаар болсон. Гэхдээ одоогийн байдлаар албан ёсны тоглолтод ороогүй. Учир нь дээд лигийн журмын 4.26-д лигт ажиллаж буй бүх гадаад дасгалжуулагч "FIBA coaching license" \Олон улсын сагсан бөмбөгийн холбооны дасгалжуулагчийн лицензтэй байх ёстой. Тус дасгалжуулагчийн лицензийн мэдээлэл баталгаажиж ирээгүй учраас зөвшөөрөл өгөөгүй байна.

Бас нэгэн сонирхолтой тамирчин энэ сарын 26-ны өдөр "Бишрэлт металл" багт Wesley Byron гэх шинэ импорт тоглогч нэгдэж, эхний тоглолтдоо оролцсон. Тэрбээр эхний тоглолтод нийт 29 оноо авч, 3 самбар, 5 дамжуулалт өгч чадвартай гэдгээ харуулав. Түүний анхны сагсан бөмбөгийн гараа Калифорнийн их сургуулиас эхлэлтэй аж.

-SG Apes 100 мянган долларын цалинтай импорт авчирч, BCH Knight баг NBA-ын тамирчнаар хүч сэлбэж, эмэгтэй багууд дундаа тамирчдаа сольжээ-

"Би Си Эйч Ресурс" компаниар овоглодог “BCH Knights” баг NBA-д тоглож байсан тамирчинтай гэрээ байгуулж, багийнхаа хүчийг нэмээд байгаа юм. Тус тоглогч нь NBA сонирхогчдын сайн мэдэх Byron Mullens юм. Тэрбээр одоо 35 настай, 213см өндөртэй хүчний довтлогч, төвийн байрлалд тоглодог. 2009 оны драфтын 1-р тойргийн 24 дэх сонголтоор Даллас Маверикс багт сонгогдож байсан ба Шарлотт Бобкатс, Тандер, Сиксерс, Клипперс зэрэг багуудад тоглож байжээ.

Түүнчлэн Кайри Уокер болон “SG Apes” багуудын дунд байгуулсан гэрээ цуцлагдсан байна. Энэ талаар “SG Apes” багийн эзэн О.Мөнхжин “Кайри Уокер хувийн шалтгааны улмаас монголд ирэх боломжгүй болсон. Тэрбээр энэ сарын 27-нд ирэх хуваарьтай байсан ч ирж чадсангүй гэжээ. Харин дээд лигийнхний эргэн тойронд SG Apes багийнхан 100 мянган долларын цалинтай дахин өөр нэгэн импорт тоглогч авчрах шуум яригдаж эхлээд байна.

Харин эмэгтэй баг дунд “Скорпионс” багт байсан лигийн үнэ цэнтэй тоглогч Б.Болор-Эрдэнэ “Аравт” багт нэгдсэн. Лигийн шилжилт хөдөлгөөний дагуу хоёр баг харилцан зөвшөөрсөн албан маягт ирүүлж ийн шилжсэн байна.

Түүнчлэн 2008 онд “Хасын Хүлэгүүд”-ийг аварга авахад өөрийн ур чадвар, онцгой тоглолтоо харуулж чухал үүрэг гүйцэтгэсэн “Эрдэнэт Майнерс” багийн тоглогч ОУХМ Н.Золжаргал эхнийхээ тоглолтод оролцлоо.

30 дахь удаагийн үндэсний сагсан бөмбөгийн дээд лиг цаашид хэрхэн үргэлжилж аваргын алтан цомыг аль баг өргөх нь таамаг хэвээр байна. Энэ жилийн хувьд багууд эн тэнцүү өрсөлдөөнтэй, ширүүхэн тоглолтуудыг хийгээд байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button