Дээд лиг: Багууд 400 саяас хоёр тэрбумыг энэ улирал төсөвлөжээ
![](https://eguur.mn/wp-content/uploads/2024/11/league.jpg)
30 жилийн түүхтэй сагсан бөмбөгийн дээд лиг эхэлж, гал халуун тоглолтууд үргэлжилсээр байна. Сүүлийн жилүүдэд манай улсын лиг дэлхийн хэмжээнд хүрч олон арван импортын тоглогч нарыг багтаа элсүүлэн багууд ширүүхэн өрсөлдөөд байна.
Олон жилийн турш багуудын санхүү төсөв нууцлалтай байдаг байсан бол энэ жил салхи өөр тийш эргэж, багийн тамирчдын цалин хөлс, импортын тоглогчдын үнэ тэр байтугай багийн төсөв олон нийтэд ил болоод байна.
Ийнхүү 30 дахь удаагийн үндэсний дээд лигт оролцож буй багуудын төсвийн талаарх мэдээллийг хүргэж байна.
-Үндэсний сагсан бөмбөгийн дээд лигийн долоон удаагийн аварга "Хасын хүлэгүүд" багийн энэ онд 1 тэрбум төгрөгийг төсөвлөжээ-
Энэ жилийн хувьд тэд бүрэлдэхүүнээ нэмж, шинэ залуучуудаар багаа сэлгэсэн. Улирлын дунд хүртэл нэг ч удаа хожигдол хүлээгээгүй лигийг тэргүүлсэн хэвээр байна. Тэдний бүрэлдэхүүн зузаан, аваргын цомоо дахин хамгаалж чадна гэдэгт үзэгч, шүтэн бишрэгчид нь итгэлтэй байгаа. Тэгвэл “Хүлэгүүд”-ийн энэ жилд 1 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа юм.
Мөн тэд энэ удаа 2011 оноос 2016 хүртэл NCAA-ын нэгдүгээр дивизонд тоглож байсан. Өмнө нь Бельги, Франц, Итали, Малайз болон Тайвань улсын лигт тоглож байсан туршлагатай J.Tolbert-ыг багтаа элсүүлээд байна.
-"Танан Гарьд" нэрээр 14 жилийн туршид тоглож, гурван удаа аваргын цом хүртсэн түүхтэй “BCH Knights” баг 2.5 тэрбумыг төсөвлөсөн байна-
Сагсан бөмбөгийн спортод “Танан Гарьд” нэрээрээ олон жил өөрсдийн өнгө төрхөө үлдээж, амжилтаа дархалсан тус баг өнгөрсөн жил “BCH Гарьд” болсон. Харин энэ жилийн лигт шинэ өнгө төрх, шинэ ивээн тэтгэгчтэй болж нэрээ өөрчлөн “BCH Knights” болоод байна. Ийн тус баг энэ жилийн лигт 2.5 тэрбум төгрөгийн төсөвтэй оролцож байна. Тэд таван хожил, гурван хожигдолтой амжилтын хүснэгтийн гуравдугаарт эрэмбэтэй байна.
-Өнгөрсөн улирлын шилдэг дөвөн багийн нэг “SG Apes” 2.5 тэрбумаар энэ жил лигт оролцож байна-
Өнгөрсөн жилийн лигт шилдэг дөрвөн багийн нэгээр шалгарсан “IHC Apes” баг 2024 оны шинэ улиралд “Шунхлай” групптэй хамтын ажиллагаа эхлүүлж, “SG Apes” болж шинэ бүтэц бүрэлдэхүүнээр лигт өрсөлдөж байгаа аж. Багийн эзэн О.Мөнхжин лигийн эхэнд ширүүхэн сенсаци дэгдээгээд асар өндөр гэрээг үзэглэж олны анхаарлын төвд орсон. Ойрын өдрүүдэд тус багийг 100 мянган ам долларын цалинтайгаар импортын тоглогч авчирж байгаа гэх шуум гарах болсон. Ийнхүү томоохон ивээн тэтгэгчтэй болсон тус багийн энэ жилийн төсөв 2.5 тэрбум төгрөг байна.
-Энэ улиралд хамгийн залуу тоглогчидтой баг болох “INUT YES TLG”: 400 саяыг төсөвлөсөн байна-
Лигийн хамгийн залуу тоглогчидтой INUT YES’TLG багийн энэ жилийн төсөв 400 сая төгрөг байгаа нь хамгийн бага төсөвтэй багуудын эгнээнд шилжиж байна.Тус баг өнгөрсөн жил “TLG Ондилт” нэрийн дор өрсөлдсөн бол энэ жил нэрээ INUT YES TLG болон өөрчилсөн. Багийн ахлах дасгалжуулагчаар МУГТ С.Тулга ажиллаж буй. Тэд лигт чамгүй өрсөлдөөнийг үзүүлж буй. Одоогийн байдлаар дөрвөн хожил, дөрвөн хожигдолтойгоор амжилтын хүснэгтийн зургаадугаар байрт эрэмбэтэй явж байна.Тус баг энэ жил драфтын тэргүүн сонголтоор Тайванийн “CTBS” бизнес сургуулийн М.Чинхутагийг сонгосон билээ.
-2021 оноос эхлэн лигт оролцож буй “Завхан Бродерс” баг 1.5 тэрбумыг лигт төсөвлөжээ-
Үндэсний дээд лигт дөрөв дэх жилдээ өрсөлдөж буй “Завхан Бродерс” багийн энэ жилийн төсөв 1.5 тэрбум төгрөг гэх мэдээлэл байна. Тэд улирлын эхэнд гурван хожил, дөрвөн хожигдолтойгоор амжилтын хүснэгтийн долоодугаар байрт эрэмбэтэй явж байна. Бэртлийн улмаас өнгөрсөн жилийн улирлыг өнжөөд байсан Г.Цэнгүүнбаяр багтаа эргэн иржээ. Мөн гурав дахь жилдээ лигт тоглож буй Даймонд Стөүнөөс гадна Орландо Жонсон тус багт хүчин зүтгэж байгаа юм.
-Шинэ улиралд хүчээ зузаатгасан “Сэлэнгэ Бодонгууд” 2.5 тэрбумыг төсөвлөсөн-
Өнгөрсөн улирлаас эхлэн лигт чамгүй сайн амжилт үзүүлж яваа Сэлэнгэ бодонс баг энэ удаа 2.5 тэрбумыг төсөвлөжээ. Лиг эхлэхтэй зэрэгцэн SG Apes багаас 400 саяын гэрээгээр тамирчнаа эргүүлэн багтаа авсан нь олны анхаарлыг татаад амжсан. Мөн А.Базаргүртэй 400 саяын гэрээ байгуулж, үүнийгээ ч нээлттэй ил тод зарласан. Өнгөрсөн жилүүдэд “Бишрэлт Металл”-ыг дасгалжуулж аваргын төлөө өрсөлдөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн Предраг Стоянчевыг багийнхаа ахлах дасгалжуулагчаар томилсон билээ. Ийн тус багийн төсөв нэмэгдэж, энэ хэрээр бүрэлдэхүүнээ хүчитгэсээр байна.
-Бүх цаг үеийн шилдэг тоглогчыг эгнээндээ нэгтгэсэн “Налайх Бизон” 1.2 тэрбумыг төсөвлөж, лигт оролцож байна-
Бүх цагийн үеийн шилдэг тоглогч Т.Санчирыг эгнээндээ нэгтгэж, бүрэлдэхүүнээ зузаатгасан “Налайх Бизон” багийн энэ жилийн төсөв 1.2 тэрбум төгрөг. Тэд энэ удаагийн лигт хуучин “Гарьд”-ын холбогч А.Тэлмэнг багтаа авсан.
Улирлын эхэнд тус багийн гол тулгуур тоглогч Т.Санчир бэртлийн улмаас хэдэн тоглолтод оролцоогүй. Энэ нь багийн тоглолтод багагүй хэмжээнд нөлөөлсөн нь тодорхой. Тэд гурван хожил, зургаан хожигдолтойгоор амжилтын хүснэгтийн наймдугаар байрт эрэмбэтэй байна.
-Өмнөх улирлын дэд аварга “Бишрэлт Металл” 1.8 тэрбумыг төсөвлөжээ-
Өнгөрсөн жил өнгөтэй байж лигийн дэд аварга болсон “Бишрэлт Металл” энэ жилийн лигт тааруухан оролцож байна. Тус багийн гол лидер Д.Дэлгэрням энэ жилийн лигт оролцохооргүй болсон нь фэнүүдийх нь хувьд харамсалтай зүйл болсон.Хэдий шинэ улирал өндөрлөх болоогүй ч тэд амжилтын хүснэгтэд сүүл мушгиж буй. Тэд 1.8 тэрбум төгрөгийн төсөвтэй энэ жилийн лигт өрсөлдөж байна.
-Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн баг “Эрдэнэт Майнерс” 400 саяын төсөвтэй-
Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг өргөж явсан Эрдэнэт Майнерсынхан энэ улиралд хүснэгтийн хамгийн доор бичигдэж байна. Өнгөрсөн улиралд 11 ялалт байгуулж, фенүүдийнхээ хайр итгэлийг хүлээж байсан аж. Тэд өнгөрсөн жил Т.Санчирыг, энэ жил Pendarvis Williams зэрэг гол тоглогчдоо алдсан. Ямартай ч тус багийг энэ жил 400 саяын төсөвтэйгөөр лигт оролцож байна гэх мэдээлэл байна.
-Амжилтын хүснэгтийн дунд эрэмбэлэгдэж байгаа “Дархан Юнайтед” 500 саяыг төсөвлөжээ-
ОУХМ Ц.Азбаярын дасгалжуулалт дор шинээр лигт оролцож байгаа Дархан Юнайтед баг одоогийн байдлаар таван хожил, гурван хожигдолтойгоор хүснэгтийн дундуур эрэмбэлэгдэж байгаа юм. Шинэ залуу тамирчдаар багаа бүрдүүлсэн энэхүү багын энэ жилийн төсөв нь 500 сая төгрөг юм байна. Тэд дараа дараагийн жилээс чангарч, улам эрчтэй болох нь тодорхой юм.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.