Эдийн засгийн мэдээ

С.Мөнхжаргал: Монгол салхины өндөр нөөцтэй орон тул Германы wpd компани сонирхон орж ирсэн

"Олон улсын шинэ эрчим хүчний чуулган - 2024" өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдлаа. Энэ үеэр эрчим хүчний шинэчлэлд хувийн хэвшил, гадаадын компаниуд ямар үүрэг оролцоотой ажиллах боломжтой талаар сонирхолтой хэлэлцүүлгүүд өрнөсөн.

Ялангуяа сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх боломжтой, сонирхолтой гадаадын компаниуд цөөнгүй байна. Тэдний төлөөлөл болгож, Өмнөговь аймгийн Ханбогд суманд салхины цахилгаан станцын төсөл хэрэгжүүлж буй ХБНГУ-ын wpd компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал С.Мөнхжаргалтай товч ярилцлаа.


-Та компаниа танилцуулна уу?

-Манай компани 28 жилийн туршлагатай. Хуурай газрын салхин болон нарны цахилгаан станцын төсөл хэрэгжүүлдэг. Нийт 6 гегаваттын, 2750 салхин трубин суурилуулсан байна. 2016 оноос хойш мөн нарны төсөл хэрэгжүүлж байгаа. 31 оронд үйл ажиллагаа явуулдаг. Монголд 2020 оноос салбараа нээсэн.

-Монголд хэрэгжүүлж буй төсөл юу вэ. Аль шатандаа явна?

-102 мегаваттын хүчин чадалтай Ханбогд суман дахь салхин цахилгаан станц. Хөгжүүлэлтийн судалгаа бүгдийг хийж дууссан.

Олон улсын туршлагатай компани орж ирснээр төслийн хөгжүүлэлт хурдтай, сайн явсан. Төсөл маань хөгжүүлэлтийн шүүлийн шатанд хүрсэн байгаа. Тодорхой асуудлуудыг эрх бүхий байгууллагатай тохиролцвол ойрын 2-3 жилд хэрэгжих боломжтой, эрчим хүчний чадлын дутагдлаас гаргах чухал төсөл юм.

-Сэргээгдэх эрчим хүчийг бид шинэ тутам ярьж байна. Иймд хууль эрх зүйн орчин ч тогтвортой байх шаардлагатайг гадаадын компаниуд онцолж байна шүү дээ. Өнгөрсөн хугацаанд энэ тал дээр юуг ажигласан бэ?

-Энэ бол гаднын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй хувийн хэвшлийн төсөл. Засгийн газраас санхүүжилт авахгүй, өөрсдөө эрсдэлээ даана. Тийм учраас эрчим хүчний реформын өмнө маш өндөр хүлээлттэй байгаа. Өмнө нь гацаатай байсан зүйлсийг хууль эрх зүйн орчноор сайжруулах гээд ажиллаж байна. Бид ч хүлээлттэй байна.

-Яг ямар хүлээлт?

-Бодлогын тогтвортой орчин, улс төрийн шийдвэртэй байдал. Хууль эрх зүйн ойлгомжтой орчин. Бидний хувьд жишээлэхэд, төслийн хөгжүүлэлтийн шүүлийн шатанд бодлогын өөрчлөлт гарсан. Улмаар нэмэлт санхүүжилт татах сорилттой тулгарсан. Иймд эрчим хүчний салбарт хувь нэмрээ оруулж чадах гаднын компани 1-2 жилийн дараа өөрчлөгддөггүй тогтворотой байдал, хүнд сурталгүй, харилцан ашигтай санал хүлээж авдаг төртэй байгаасай гэж хүсэж байгаа.

-Бодлогын ямар өөрчлөлт орсон юм бэ?

-Сүүлийн шатанд судалгаа шинжилгээ хийгээд дууссаны дараа баттерей хуримтлуур суурилуулах шаардлага, стандарт тавьсан. Энэ дан хөрөнгө оруулагчийн талд хүлээх зардал. Иймд 30-35 сая ам.доллар дахин шаардагдах, үүнийг хэзээ нөхөж авах зэрэг нь тодорхойгүй нөхцөл үүссэн. Сөргөөр нөлөөлөхүйц ийм бодлого шийдвэр гэнэт битгий гараасай гэж харж байна.

-Ханбогдоос гадна Монголд өөр томоохон төсөл хэрэгжүүлэх хүсэл, амбиц бий юу?

-Ханбогд суманд баригдах 102 мегаватт төсөл бол pilot project буюу бидний эхний төсөл. Зах зээл, хууль эрх зүйн орчин тохиромжтой, ээлтэй байвал олон жилийн туршлагаа хуваалцах, өөр төслүүд хэрэгжүүлэх сонирхолтой байгаа.

-100 хувь өөрсдөө зардал гаргахаар төслөөс хэрхэн ашгаа олох вэ. Үйлдвэрлэсэн эрчим хүчээ л тогтвортой үнээр худалдана гэсэн үг үү?

-Манай үндсэн түүхий эд бол салхи. Өмнөговь аймгийн хувьд 300 мянган мегавтт салхи үйлдвэрлэх нөөцтэй. Салины өндөр нөөцтэй орон учраас wpd омпани Монголыг сонирхож орж ирсэн. Хөрөнгө оруулагч ашигтай ажиллахын тулд төсөл өгөөжтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл эрчим хүчээ тогтсон тарифын дагуу урт хугацаатай худалдах гэрээ байгуулдаг. Олон улсад энэ гэрээ дунджаар 20 жилийн хугацаатай байдаг.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
11 сар 29, 2024 09:35

Гуйлагачин удамтай, шуна л нь дэндсэн нэг дарга нь ямар нэгэн зүйлээр хясан боогдуулж байгаад дээрэмд чихнэ дээ, үгүй бол гацаачихна, харж л байя аа !!!

Холбоотой мэдээ

Back to top button