ББСБ-уудын олгосон зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 53.9 хувиар өсөж, 1.2 их наядад хүрэв
Банк бус санхүүгийн байгууллагууд энэ оны III улирлын байдлаар 5.1 их наяд төгрөгийн зээл олгосон нь өмнөх оны мөн үеэс 53.9 хувиар өссөнийг Санхүүгийн зохицуулах хороо тайлагналаа. Нийт зээлийн 68 хувийг хэрэглээний зориулалтаар олгожээ. Зээлийн 6.2 хувийг нь чанаргүй зээл эзэлж байна. Тайлант улиралд зээлдэгчдийн тоо өмнөх оны III улирлаас 36.2 хувиар өсжээ.
Тус байгууллагуудын иргэдэд олгосон хэрэглээний зээлийн хэмжээ 2019 оноос хойш хурдацтай нэмэгдэж байгаа аж. Өөрөөр хэлбэл 2018 оны эцсээс 5-6 дахин нэмэгдсэнийг Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ. Мөн банк болон Банк бус санхүүгийн байгууллагад давхар зээлтэй иргэдийн тоо болон зээлийн дүн ч эрчимтэй өсөж байгаа нь зээлийн эргэн төлөлтөд хүндрэл учрах тохиолдолд банк санхүүгийн системийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүйг онцолж байсан юм.
Улмаар тус байгууллагуудын нийт орлого III улиралд 1.2 их наяд төгрөг хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 57 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Харин цэвэр ашиг нь 499 тэрбум төгрөг хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 65 хувиар өсжээ.
Банк бус санхүүгийн байгууллагуудын нийт хөрөнгийн хэмжээ 6.4 их наяд төгрөг болсон нь дотоодын нийт бүтээгдэхүүний 9.1 хувьтай тэнцэж буйг тайланд мэдээлсэн байна. Мөн 12 нэр төрлийн ногоон зээл олгосон нь нийт зээлийн үлдэгдлийн 2.4 хувийг бүрдүүлсэн байна.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мөлжлөгө шүү дээ