Нийгэм мэдээ

Хөгжлийн банкны шүүх хурал: 2 өдрийн дотор 78 хүний гомдлыг бүрэн сонсож, өнөөдөр дахин хуралдана

Хөгжлийн банкны гэх тодотголтой 540 хавтаст хэрэг бүхий 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан 41 гомдлын хүрээнд хоёр өдөр хэлэлцэж 78 хүний гомдлыг бүрэн сонсож дуусчээ. Ингэснээр гурав дахь өдрийн шүүх хуралдаан эхлэхэд бэлэн болжээ.

Хяналтын шатны шүүх хуралдааны хоёр дахь өдрийн онцлох гомдол саналыг бүрэн эхээр нь хүргэе.

Хоёр дахь өдрийн шүүх хуралдаан ирц авах шаардлагагүйгээр эхэллээ.

- Шүүгдэгч Ё.Баатарбилэг: Намайг шууд яллахаар, хэт нэг талыг барьж, хамгийн үл бүтэх нөхөр мэтээр бичсэн байна лээ-

-Шүүхээс надтай холбогдуулж хэргийг шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж, эх сурвалжгүй бодит бус, бусдыг санаатайгаар гүтгэн харлуулсан, мэдүүлэгт үндэслэж, нотлох баримтгүйгээр хийсвэрлэн дүгнэсэн нь шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлж үндэслэлгүй шийдвэр гэж үзэж, гомдол гаргасан.

Үүнд нэгдүгээрт, дүгнэлт хийгээгүй. Аливаа нэг субъект шийдвэр гаргахдаа дүгнэлт гаргах ёстой. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа огт дүгнэлт хийгээгүй. Давж заалдах шатны шүүх үүнийг харгалзаж үзээгүй. Ё.Баатарбилэг нь Монгол улсын Хөгжлийн банкнаас "НВЦ" компанид зээл авахад дэмжлэг үзүүлж, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийсэн гэж дүгнэсэн. Баатарбилэг нь Хөгжлийн банкны хэн гэдэг ямар албан тушаалтанд тухайн зээлийг дэмжүүлэхээр хэрхэн нөлөөлсөн, ямар үйлдэл хийсэн талаар нэг ч дүгнэлт байхгүй. Миний нөлөөлсөн ямар этгээдээс хэдэн төгрөгийн хахууль авсан, тухайн мөнгөө хэрхэн зарцуулсан бэ, гэдэг дүгнэлт байгаагүй. Авилга өгөлцсөн, авалцсан гэх баримт дүгнэлт огт байхгүй. Ё.Баатарбилэг Ц.Баатарбилэгээс 100 мянган ам.долларын хахууль авсан гэж дүгнэсэн. Гэхдээ хэнээр дамжуулж хэрхэн мөнгө авч, ямар хариу үйлдэл үзүүлсэн, хахуулийн мөнгөө хэрхэн зарцуулсан гэдэг дээр дүгнэлт хийгээгүй. Ё.Баатарбилэг 73 сая төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж буруутгасан боловч тухайн хөрөнгийн эх үүсвэр юу болох, хэрхэн зарцуулсан, ХОМ-ээ хэрхэн үндэслэл бүхий тайлагнаагүй талаар дүгнэлт хийгээгүй. 

Өөрөөр хэлбэл, шүүх намайг улсын яллагчаас ямар үндэслэлээр буруутгаж байгаа талаар дүгнэлт хийгээгүй хоёр зүйл ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй болохыг харуулж байна. 

Мөрдөн байцаалтын үйл ажиллагаа хэт яллах талыг барьж явагдсныг анхан болон давж заалдах шатны шүүхээс анхаарч үзээгүй. Улсын яллагчаас намайг онцолж, шүүх хуралд хоёр удаа дэлгэрэнгүй яллах дүгнэлт, шүүмж танилцуулсан. Үүндээ ХОМ-үүд зөрүүтэй, 390 гаруй сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг бүхэлд нь тайлбарлаж чадаагүй, орон байр худалдаж авсан, худалдсан орон сууцны үнийн дүн, машины дүн буруу байна, НВЦ Ц.Баатарбилэг захиралтай байнга уулздаг байсан, гурван гэрчийн мэдүүлгээр хахууль авсан нь нотлогдсон, өмгөөлөгч нь хангалттай няцааж чадахгүй байгаа гэх мэтээр буруутгаж байсан.

Ер нь анх хэргийн материалтай танилцаж, яллаж байгаа үндэслэлүүдийг хараад өөрийгөө ч бараг танихааргүй хэмжээнд хүрсэн. Хэт нэг талыг барьж, хамгийн үл бүтэх нөхөр мэтээр бичсэн байна лээ. Мөрдөн шалгах явцад бүх талаар нээлттэй шалгуулсан. Эрх дархаар түрүү барьж, бултаж, займчаагүй. Үнэндээ намайг шууд бус нотлох баримтуудаар ялласан. Бодит үнэнийг тогтоох зорилго тавиагүй. Нотлох баримтын үндэслэлийг тодруулаагүй. Энэ бүх хугацаанд нэг удаа бичгээр, аман мэдүүлэг нэг удаа авч байгаа зогсоосон. Өөр юм тодруулалгүй, хэргийг боож шилжүүлсэн. Бүгд эргэлзээ төрүүлэхүйц байна. 

Гэрч нарын мэдүүлгийн эх сурвалжийг магадлаагүй. Олон жилийн өмнө худалдаж, борлуулж байсан машин, эхнэрийн цалингийн зээл, дүүтэйгээ байраа худалдаж авсан үнийн дүн, шилжүүлсэн баримт, УИХ-ын Тамгын газраас орон сууцны дэмжлэг баримтыг авч хэлэлцээгүй. Сүүлд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр хэргийн материал хавсаргасан. Би үндэслэлгүй хөрөнгөжих байтугай өөрийгөө өөдтэй хөрөнгөтэй иргэн гэдэгт итгэхгүй байна. Анх 2007 онд АТГ байгуулагдаж, ХОМ бөглөж байхад би Ерөнхийлөгчийн Тамгын газар ажиллаж байсан. Хоёр орон сууц, нэг жийп машинтай байсан. Өнөөдөр энэ хэмжээний л хөрөнгөтэй байгаа. Нэг нь Архангай аймагт бий. Сүүлийн 10 гаруй жил төрийн олон ажил хийсэн ч хувь хувьсгалаа хольж байгаагүй. Намайг 390 гаруй сая төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гээд байгаа нь бараг өнөөдрийн байгаа байр савны үнэ тэр чигээрээ явж байна. Харамсалтай нь мөрдөхөөсөө эхлээд нотлох баримтыг нотлоогүй, шалгасанд гомдол гаргаж байна. 

Ц.Баатарбилэгтэй найз нөхдийн холбоотой гэж буруутгасан. Ц.Баатарбилэгийг нэг түнштэйгээ муудалцаж, нөгөө түнш нь хэргээ анхааралд оруулахын тулд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгтэй найз нөхөд гэж ярьсан юм шиг байна лээ. Тэрийг нь хэргийн материалд гэрчийн мэдүүлэг болгон оруулж байна. Би Ц.Баатарбилэгтэй 1990-ээд оноос хойш найз нөхөд гэдгээ нуудаггүй, бизнесийн ажилд нь оролцдоггүй. Яаж зээл авсныг нь мэдэхгүй. 

Мөн нэг гэрчийг 24 цагийн дотор жолоочийг гурван удаа байцаагаад, гэнэт яг мөн байна, ийм байсан гээд найман жилийн өмнөх өдөр сарыг нь санаад, мэдүүлэг өгсөн байна лээ. Ямар нэгэн байдлаар нөлөө орсон мэдүүлэг өгсөн гэж гомдол гаргаж байгаа. 

Бас цагаатгах талын нотлох баримтыг огт дурдаагүй. Шийдвэр гаргахдаа харгалзаж үзээгүй. Манай хүү гадаад руу эмчилгээнд явах гээд найз нөхдөөсөө хэдэн төгрөг цуглуулаад над руу ирүүлж байсан. Нийслэлийн прокуророос гомдол гаргахад хариу ирүүлэхдээ, мөрдөн шалгах ажиллагаагаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн хүүгийн эмчилгээнд зориулж 2017 онд найз нөхдөөс нь хандив цуглуулсан нь тогтоогдсон гэж дурдсан байсан ч шүүхэд огт дурдаагүй. 

Намайг шууд бус нотлох баримтаар ялласан. Намайг гэм буруутай гэх үйлдлүүд хангалттай тогтоогдоогүй, нотлох баримт хангалтгүй, дүгнэлт огт хийгээгүй гэж гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн танхимд Б.Батбаяр банкны зээлийн эрсдэлийн зарим ажилтнууд улс төрд нөлөө бүхий зарим хүмүүс Хөгжлийн банкны хэрэгт холбоотой гэж мэдүүлэг өгчих, тэгвэл ялыг нь хөнгөрүүлье гэдгийг хэлж байсан. 

Надтай холбоотой Ц.Баатарбилэг мөрдөнд хоригдож байгаа эхний 70 хоногт Ё.Баатарбилэгт хахууль өгч, Хөгжлийн банкнаас зээл авахад нөлөөлсөн гэж хэлчих тэгвэл хэргийг нь хялбаршуулан шийдээд өгье гэж мэдүүлэгтээ хэлсэн байдаг. 

Анхан шатны шүүх дээр Б.Батбаяр захирлыг үзүүлж, Архангай аймгийн гаралтай юу гэж асууж байсан. Бас нэг зүйл нь намайг яллагдагчаар татахдаа үндэслэл дээр нь "УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг 2017 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар ажиллаж байхдаа" гэж тодотгосон байсан. Энэ авлигын хэрэгт буруутгахдаа намайг Засгийн газрын гишүүнээр ажиллаж, Хөгжлийн банкны нөхдүүдэд нөлөөлсөн байж болзошгүй гэж буруутгасан. Би 2019 онд Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан. Намайг буруутгах гэж буруутгаж байна. Миний бие Хөгжлийн банкны хэрэгт хамааралгүй. Хэн нэгэнд нөлөөлж, зээл олгоогүй, хахууль аваагүй. 

Үүний дараагаар хэд хэдэн шүүгдэгч иргэний өмгөөлөгч гомдлоо тайлбарласан юм. Мөн хоёр хуулийн этгээд өөрсдийн гомдлыг тайлбарлаж, мэдүүллээ.

-Иргэний хариуцагч “Пи Си Вай” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунаа: Хөгжлийн банкнаас зээл аваагүй хэр нь иргэний хариуцагчаар давхар хохирсон-

-Энэ компанийн 52.1 хувийг би 2018 оны нэгдүгээр сарын 18-нд Б.Гантүлхүүрт хувьцаагаа бэлэглэлийн гэрээгээр өгсний дараа үйлдвэрээсээ хөөгдөж, ажилгүй болж хууран мэхлэгдсэн. Би Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Энэ хугацаанд Б.Гантүлхүүр нь Хөгжлийн банкнаас 4 тэрбумын зээл авсан байдаг. Энэ хугацаанд би Хөгжлийн банкны захирал, албан хаагч, мэргэжилтнүүдэд хувьцааны маргаантай гэдгээ удаа дараа хэлсэн.

Б.Гантүлхүүр авсан зээлээ зориулалтаар  нь ашиглаагүй, хувьдаа авч гадаад руу оргон зайлсан байдаг.

Би гурван шатны шүүхийн шийдвэрээр компанийн хувьцаагаа буцаан авсан. Гэхдээ би Хөгжлийн банкны 4 тэрбум төгрөгийн зээл аваагүй мөртлөө иргэний хариуцагчаар давхар хохироод байна. 

- Иргэний хариуцагч “Энержи Ресурс” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Үүрцайх: АТГ-ын шинжээчийн дүгнэлтийг алдаатай гэж үзэж байна-

-Манай компани Хөгжлийн банкнаас зээл аваагүй. Ямар нэгэн харилцаанд ороогүй атлаа иргэний хариуцагчаар татагдаж байгааг онцолъё. Гадаадын банк санхүүгийн байгууллагаас зээл авч, барьсан нүүрс тээврийн зориулалттай, хүнд даацын 245 км авто замыг 2013 онд төрийн өмчид "Эрдэнэс Монгол" ХХК шилжүүлэн авсантай холбоотойгоор тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэргүүтэй сайд нарыг эдийн засгийн давуу байдал бий болгосон гэж үзээд яллагдагчаар татсаныг хоёр шатны шүүхээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 

АТГ-ын шинжээч дүгнэлт гаргахдаа тухайн үеийн ЗТБХБ-ын сайдын 200 дугаартай тушаалаар батлагдсан Авто замын байгууламжийн барилга засварын ажлын төсөв зохиох зааврыг баримталдаг. Энэ зааварт замын үнэ өртгийг тооцоход санхүүжилтын зардал, зээлийн хүүний талаар заасан зүйл байхгүй байна гэсэн. Манай компани 36.4 тэрбум төгрөгөөр барьсан. Энэ зөрүүгээр дээрх албан тушаалтнууд давуу байдал олгосон гэж буруутгасан. Тэрнээс биш барьсан замын үнийг тодорхойлох заавар биш байсан. Зээлийн хүү гэж үг үсэг алга гэдэг дүгнэлт л байсан.

Шүүх хуралдааны хоёр дахь өдөр биечлэн 31, цахимаар 1 нийт 32 оролцогч буюу прокурор, өмгөөлөгч болон шүүгдэгч санал, тайлбараа хэлж шүүх бүрэлдэхүүн 78 хүний гомдлыг сонсч, дууссан байна.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button