Тоо томшгүй бодол нь сөрөг нөлөөтэй тул бодлын цагтай болохыг зөвлөлөө
Хүн өдөрт тоо томшгүй их зүйлийг боддог бөгөөд эдгээр бодлуудаас мэдрэмж үүсдэг. Ихэнх бодлууд өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд саад болдоггүй ч зарим сөрөг таагүй бодол, мэдрэмжүүд сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс бодолтойгоо хэрхэн ажиллах талаар УГТЭ-ээс дараах зөвлөмжийг хүргэж байна.
Зогсолт хийх: Хянах, удирдахад төвөгтэй бодол мэдрэмж үүссэн үед хийж болох энгийн бөгөөд үр дүнтэй арга бол зогсолт хийж, завсарлага авах юм. Сөрөг бодол, мэдрэмж үүссэн үед түр хугацааны зогсолт хийж, анхаарлыг өөр зүйлд шилжүүлж, амьдралынхаа хамгийн сайхан мөчийг дурсан, санан өөрт байгаа бүх зүйлдээ талархаарай. Ингэж зогсолт хийсний дараагаар эргээд бодлоо цэгцлэх үед мэдрэмждээ хэт автсан шийдвэр гаргахгүй байхад тусалдаг.
Бодлын цагтай болох: Өдөрт тодорхой нэг цагт, нэг үед л санаа зовох, бодох зүйл байвал боддог байх нь өдөржин сөрөг бодол мэдрэмжтэй байхаас зайлсхийхэд тусалдаг. Өөрөөр хэлбэл тухайн төлөвлөсөн бодлын цагтаа л бодоод өөр бусад цагаар чухал ажлуудаа амжуулаарай.
Бодол, мэдрэмжээ цэгцлэх аргыг олох: Өөрийн сөрөг бодлыг цаасан дээр буулган өөр ямар нэгэн зүйл рүү шилжүүлэх. Жишээ нь дэвтэр, гар утасны тэмдэглэл бичих хэсэг, апп, дуу хураагуур гэх мэт. Ямар ч хэрэгсэл ашигласан бай, түүнийгээ бодитой мэдрэх боломжтой байх нь чухал юм. Тэгвэл та илүү тодорхой дүгнэлт хийх, өөрийн бодол санааны учрыг олоход тус болно.
Бясалгах: Бясалгал нь тархины мэдээлэл боловсруулах чадварыг сайжруулахаас гадна ой санамж, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлдэг. Мөн сэтгэл хөдлөлөө ухаалгаар удирдаж, ямар ч нөхцөл байдалд орсон тайван, ухамсартай хандахад тусалдаг бөгөөд стрессийн дааврын түвшинг бууруулж, сэтгэл гутрал, сэтгэл түгших эмгэгээс сэргийлдэг ба сэтгэлгээг тэлж, эерэг хандлагыг суулгадаг. Амьдралдаа илүү сэтгэл хангалуун, өөдрөг байхад тусалдаг. Бясалгал хийж бодлоо цэгцэлснээр илүү бүтээлчээр сэтгэж, асуудлыг олон талаас нь харж, оновчтой шийдвэр гаргах боломжтой болдог.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.