Ногоон автобусны шүүх хурал 9 дэх удаагаа хойшиллоо
Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох шүүх хурлыг өчигдөр /2024.12.09/ товлосон боловч дахин хойшилсон байна.
Ийнхүү шүүх хурлыг 2024 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийг хүртэл хойшлох шийдвэрийг гаргажээ.
Хурал хойшилсон шалтгааныг тодруулбал, Хөгжлийн банкны хэргийн шүүх хурал давхацсан учраас хойшилсон гэдгийг албаныхан мэдээллээ. Энэ хэрэг дээр ажиллаж буй зарим өмгөөлөгч Хөгжлийн банкны хэрэг дээр ажиллаж байгаа юм.
Эргэн сануулахад, яллагдагч А.Ганхуягийн өмгөөлөгч нарын хүсэлтийн дагуу түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2024 оны долдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байдаг. Ингэснээр цагдан хоригдож байсан А.Ганхуяг нар гэртээ гарч гадуур байцаагдах болсон юм.
Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд худалдан авах гэрээг байгуулсан.
Тодруулбал их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газар шалгагдаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Том хулгайч нар гар дүрэлзсэн шоколадтай сармистай бантан