Top StoriesНийгэм мэдээСурвалжилга

Орхигдсон хүүхдүүдийг асардаг сувиллынхан оршуулгын зардлыг өөрсдөөсөө гаргадаг

-Хаягдсан хүүхдүүд “Хүүхдийн төв сувилал”-д насанд хүртлээ асруулдаг-

“Гурван ихрийн сувилал”, “Өнчин нялхсын сувилал” гэх нэрээр олонд танигдсан Хүүхдийн төв сувилал 1966 онд байгуулагдсан. ЭМЯ-ны харъяа тус газрын үндсэн чиг үүрэг нь дутуу болон гүйцэд нярай, гурав хүртэлх насны сувилгаа шаардлагатай хүүхдүүдийг сувилах, сэргээн засах эмчилгээ хийж торниулах. Гэвч өдгөө энэ үндсэн үүрэг дээрээ эцэг эхээсээ хаягдсан, архины хамааралтай, хүүхдээ асрах чадамжгүй оюуны бэрхшээлтэй иргэдийн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд асаргаа сувилгаа сэргээн засах үйлчилгээг үзүүлж байна. Нийтдээ эдний 100-гаад ажилтан жилд дунджаар 2300-2400 хүүхдэд үйлчилгээ үзүүлж байна.

Онцлон тэмдэглэхэд “Хүүхдийн төв сувилал” чиг үүргээрээ авах ёсгүй ч эцэг эх нь “асуудалтай” эсвэл гудамжинд орхигдсон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг шилжүүлж авах газаргүйгээс асарч халамжилж байгаа юм. Эдгээр хүүхдүүдийн дийлэнх нь нас биед хүртлээ тус төвд байдаг нь хамгийн тулгамдсан асуудал нь. Дээхнэ эдгээр хүүхдийг “Өнөр бүл” төвийн харъяа цэцэрлэгт шилжүүлдэг байсан ч тус газар зөвхөн бүтэн өнчин хүүхэд л авна гэж дүрмээ өөрчилснөөр эндээс өөр очих газаргүй болжээ.

Биднийг очиход тус төв улирлын томуугаас шалтгаалж халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж байв. Хүүхдүүд маань нэг нь л ханиад хүрчихвэл баларна, зөвөөр ойлгоорой гэж нэгэн ажилтан тайлбарлалаа. Энэ удаад зөвхөн орхигдсон хүүхдүүдийн хэсэгт анхаарлаа хандуулах зорилго тээж ирсэн билээ. Мөн хүүхдийн зураг авах, бичлэг хийх, тоон болон тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг санууллаа.

Төв нам гүм. Энгийн хэсэгт нярайгаа сувилуулж буй ээжүүд мэр сэр харагдана. Мөн асрамж хэсэгт ахуйн эд хэрэгслээр туслахаар ирсэн хоёр хүний тусламжийн зүйлсийг нэгэн ажилтан нямбайлан ангилж хүлээн авч байлаа.

Зорин ирсэн асрамжийн хэсгийн асуудлаас дурьдахад, төрөөд хэдхэн хоногтой нярай ч энд ирнэ. 2024 онд л гэхэд өсвөр насандаа ээж охидыг хүүхдийнх хамт сар сувилж бойжуулаад явуулжээ. Ээж нь дэргэд байгаа учраас цааш нь үрчлүүлэх эсвэл өөр тийш шилжүүлэхийг харъяа дүүрэг нь хариуцдаг юм байна. Эдгээр кэйс эдний хамгийн хөнгөн “асаргаа” нь. Цаашилбал төрөөд хэдхэн хоногтойдоо хаягдсан, ээж нь нас барсан, үл хайхрах хүчирхийлэлд өртсөн, архины хамаарал болон оюуны бэрхшээлтэй төрүүлсэн хүүхдээ асран хамгаалах чадамжгүй иргэдийн хүүхдүүд энд бий. Дээр дурьдсанчлан чиг үүрэггүй авахгүй гэж хэлэх боломжгүй хувь тавилантай үрсийг холбогдох газрууд ийш хүргэж ирсээр...

Авах газар олддоггүй дүүргээс захирамжтай хамт ирдэг ч, тухайн бичигт тэдэн нас хүртэл энд байлгахыг тусгадаггүй. Дээрээс нь яг энэ хэсэгт зориулсан асрамж халамжийн зардлыг олгодоггүй ч хаягдсан орхигдсон бага хүүхдийг авдаг гэж ойлгодог. Хамгийн харамсалтай нь ирж байгаа хүүхдүүд оюуны болон хөгжлийн бэрхшээлтэй, эмгэг өвчтэй, насаараа асаргаа сувилгаа шаардлагатай байх нь 80-90 хувь. Сүүлийн үед архины хамаарлаас үүдээд ч тэр үү уруул тагнай сэтэрхий, залгиур хоолойн бэрхшээл, зүрхний гажиг, нүдний эмгэг гэх мэт төрөлхийн өвчтэй хүүхдүүд олноор ирэх болжээ.  Орилж хашгирах, бусдыг цохиж маажих, өөрийгөө гэмтээх зэрэг ааш авир ихээхэн гаргах учир байнгын нэг сувилагч, нэг туслах сувилагч 24 цагаар харж, хамгаалж, асарч, сувилна.

Томрох тусам ажиллагаа арчилгаа ихтэй. Байнгын хэвтрийн том болсон хүүхдүүдийг өргөх, угаах, живх солих нь турьхан сувилагч, асрагчид хэтийдсэн том ачаа. Энэ хооронд хазаад, маажаад, цохиод авах нь ч энүүхэнд.

-Хүнд эмгэгүүдэд мэс засал хийлгэж, сувилагч нар ээлжлэн сахиур хийдэг-

Энэ тасагт дөрвөн сувилагч, дөрвөн туслах сувилагч, эмч 24 цагаар ээлжлэн ажилладаг. За тэгээд болоогүй ээ, хүнд хэлбэрийн эмгэг оноштой хүүхдүүдээ мэс засал хийлгэх, эмнэлэгт хэвтэхэд өнөө хэдэн ажилтнууд ээлжээр сахина. Өнгөрсөн жил л гэхэд тэд дөрвөн ч хүүхдийг мэс засалд оруулж төрөлхийн эмгэгийг нь эмчлүүлсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй асаргаа шаардлагатай хүүхдийг авах газар танайхаас өөр байхгүй хэмээн “үүрүүлэх” нь тэд өсөж томрох тусам ачаалал нь нэмэгдэнэ. Гурваас дээш нас болоод ирэхээр асрах үйл ажиллагааны чиглэл зөрнө, эм тариа, асаргааны эд хэрэгсэл нь өөрчлөгдөнө. Наагуур бодоход л том хүний памперс зүүж, өргөж зөөхөд ч хүнд болж ирнэ.

Уг нь энд тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажиллах мэргэжилтэн хэрэгтэй ч сувилагчийн хомстолд орчихсон энэ үед ажиллах хүн олддоггүй нь бас нэг асуудал. Эрүүл мэндийн энхийн манаанд тангараг өргөсөн цагаан нөмрөгтнүүд тулдаа л эдгээр үүргийг үүрч яваа болохоос биш хөндлөнгөөс харахад халширмаар, сөхөрмөөр аж. Чиг үүргийг нь тодорхойлж, зардлыг нь төсөвлөдөггүй хэрнээ асрамж халамжтай холбоотой хяналт шалгалтаар тогтмол орж, тайлан мэдээг байнга илгээнэ. Урьдах хэтэрсэн их ачаалал дээр бас л нэгэн ачаа нэмэгдэх нь энэ.  

Энэ хүүхдүүдэд төрөөс олгодог 100 мянган төгрөг, эцэг, эх нь нас барсан тохиолдолд тэжээгчээ алдсаны тэтгэмж авах зэрэг хуулиараа боломжгүй байдаг аж. Төвийнхөн тулгамдаж буй асуудлуудаараа хөлөө хүрэх газар явж, холбогдох яам, агентлаг газруудад тууштай ханддаг ч төрийн бодлого зохицуулалт оновчгүй, хүртээмжгүй хэвээр. Яг энэ байдал тус газар хэвшээд 20 жил болжээ.

Сөхөн тэмдэглэхэд, хориод жилийн өмнөөс Хүүхдийн төв сувилалд орхигдсон хүүхдүүдийг авч эхэлж. Анхны хүүхэд нь 19 нас хүртлээ асруулаад насанд хүрэгсдийн асрамж руу шилжүүлсэн ч очоод хориод хоноод бурхан болжээ. Нэг удаа арьс нь нурж цоороогүй "бөмбийтөл" асруулсан тэрээр асаргаа сувилгаа нь солигдсон нь ч нөлөөлсөн биз. Талийгаач төрөөд хэдхэн сартайдаа төв сувилалд ирж байж. Бас хэдхэн хоногтой ирсэн нэг хүүхэд нь өсвөр насандаа өөд болж. Хүнд хэлбэрийн өвчин эмгэгтэй учир гомдохооргүй асраад "үдэцгээж". Нэгэнт л чиг үүрэг нь цаасан дээр тусгагдаагүй учир өөд бологсдоо өөрсдөө зардал босгож нутаглуулна.

-Төрд хаяглах нь-

Өргөсөн тангараг, өр зөөлөн сэтгэлээр өлгийдөөд авсан Хүүхдийн төв сувилалд төөрсөн заяа тавилангаасаа дээр оршиж буй ч энэ газар хэдэн хүүхдийн эрх ийн зөрчигдөж байна. Байгууллага батлагдсан төсвийнхөө хүрээнд л үйл ажиллагаагаа явуулна. Өөр тэдэнд боломж, бололцоо даанч алга. Хариуцлагагүй иргэдийн хаяад явчихсан үр удмыг илүү цаг, илүү ачааллаар өсгөж асарч яваа эрүүл мэндийн ажилтнуудын эрх ч энд хөндөгдөнө.

Улс орон хөгжихөд иргэн хүн эрүүл, зөв чигч, хариуцлагатай байх нь өндөр нөлөөтэй. Үр хүүхдээ зүгээр л хэрэггүй эд зүйлс шиг хаячхаад, бусдаар өсгүүлээд явж байгаа энэ хүмүүсийг хэрхэх вэ. Бусдын хүүхдийн төлөө үндсэн мэргэжлээсээ илүү чиг үүрэг хүлээж буй сувиллын ажилтнуудыг ч бас хайрламаар, анхаармаар.

Хаяад явчихсан хатуухан зүрхтэй хариуцлагагүй нэгэн байхад хамаг байдгаа бариад, өөрөөсөө илүүчлээд хүрээд ирдэг халуун сэтгэлтнүүдэд бас талархмаар.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 11, 2024 09:04

ЗАРДАЛ МӨНГИЙГ ШИЙДЭЖ ӨГӨӨЧ ДЭЭ, БАС ЭНД АЖИЛЛАГСАДЫН ЦАЛИН ӨНДӨР БАЙМААР БАЙНА АА, ЮУ ГЭНЭ ВЭ ТӨСӨВ МӨНГИЙГ НЬ ШИЙДЭЖ ӨГДӨГГҮЙ БАЙЖ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ИХ ИРДЭГ ГЭВ ҮҮ, ЯАНА ДАА

Зочин
Зочин
12 сар 11, 2024 09:59

Номин гуай үзвэр үйлчилгээ гээд байсан яагаад энэ хүүхдүүд тэднийг асарч байгаа багш эмч сувилагч нарт сэтгэл гаргаж болохгүй байгаа юм бэ? Гишүүн ч гэж дээ Хэдэн хүүхнүүд нь ягаанаа болоод сүйд болоод байсан энэ сувиллыг мэдэх ч үгүй байхдөө. Мэдсэн ч хамаагүй биз дээ. Ашиг үгүй болохоор тэрний оронд яаж дүр эсгэхээ бодож байгаа биз

Зочин
Зочин
12 сар 11, 2024 11:38

Иймэрхүү нийгмийн тулгамдсан асууд�##�д тэр кино миноныхоо мөнгийг өгвөл өөрт нь буян болно доо Номион!!

Зочин
Зочин
12 сар 11, 2024 15:14

Ийм байхад хөгжил гэж худ худ юм ярьж поопордог дарга нар ичиг ичиг.

Иргэн
Иргэн
12 сар 11, 2024 18:14

Монголчууд бурхан болоочдынхоо хойноос буян хийхдээ энэ төвд мөнгө, төгрөг хандивлаж байв�##� буян болно доо

Зочин
Зочин
12 сар 12, 2024 03:02

Номин гэж нэг тэнгэрийн бодолтой авгай жаахан дорш буумаар байх юмаа эд чинь жинхэнэ сэтгэлээрээ ажилдаг зоригтнууд шүү дээ

Ganba
Ganba
12 сар 12, 2024 04:49

Bi ene gazar ankh surguuli tugsuud suvilagchaar ajillaj bsan yum ,hetsuu gazer daa, unen baga tsalintai,irsen huuhduudees hamuu hurtel avsan , 1 jil ajillaad garsan

Зочин
Зочин
12 сар 12, 2024 06:22

Ёоо ямар хэцүү юм бэ. Хүмүүсээ хүүхэд төрүүлсэн юм бол хариуцлагатай байгаачээ. Эрүүл мэндийн яам архинны хамаар�##�тай хүнд жирэмсэнболгодоогүй тариа тарьчихв�##� яадгийн. Биеэ авч явж чадахггй байж хүүхэд төрүүлнэ тэгээд гаргасан хүүхдээ ч асарч чадахгүй хүүхдийн хувь заяаг хөөрхийлөлтэй болгоод байхын тэдний буруу байхгүйшд. Бодлогол хэрэгтэй

Үнэн үнэн үнэн
Үнэн үнэн үнэн
12 сар 12, 2024 11:55

Эд ч гэсэн Монгол улсын ирээдүй иргэд.Анхаар�##� сайн хандуулах хэрэгтэй.Энэ хэдэн худлаа гишүүд худлаа төсөв шийдүүлэхийн оронд энэ асуудлыг шийдвэл зүгээрсэн.одоо тэгэнгүүт маргаашнаас нээх ухаантай энэрэнгүй сайн хүмүүс болж анхаар�##� тавьж очицгоож эхэлнээ.

Холбоотой мэдээ

Back to top button