Ассад зугтсанаас долоо хоногийн дараа сургуулиуд ажиллаж эхэллээ

Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад Москва руу зугтсанаас долоо хоногийн дараа буюу ням гарагт /2024.12.15/ сургуулиуд үйл ажиллагаагаа үргэлжлүүлжээ. Мөн Христийн шашинтнууд Ассадын дэглэм нуран унаснаас хойш анхны удаа ням гарагийн цуглаан хийсэн байна. Тус улсын төрийн эрхийг барьж буй Хаяат Тарир аль-Шам (HTS) бүлэг шашин болон арьс өнгөний цөөнхийн эрхийг хамгаална гэж мэдэгдээд буй. Мөн тус бүлгийн удирдагчид сургуулиудыг нээхийг тушаал болгожээ.
Ассадын дэглэм нуран унахаас өмнө шашны цөөнхийн бүлгүүд, тэр дундаа Христийн шашинтнууд чөлөөтэй шүтдэг байжээ. Түүний дэглэм нуран унахад Христийн шашинтнууд Исламын засаглал ноёрхолоос айх болсон юм. Христийн шашинтнууд их амьдардаг нийслэл Дамаскийн Баб Тоума дүүргийн гудамжинд сүсэгтнүүд цуглаандаа оролцжээ. Гэхдээ зарим хүн болгоомжилсон хэвээр байгаа юм. Орон нутгийн оршин суугч Маха Барса “Бид айж байна. Айдастай хэвээр л байна” гэж хэлсэн юм.
Сири улсад шашин болон үндэстний цөөнхүүд бий. Христ, Шийт Исламын шашинтнууд мөн армянчууд, курдууд гэх мэт үндэстний цөөнхүүд байгаа. Ассадын гэр бүл шашны цөөнхөд тооцогддог Шийтийн нэгэн урсгал болох Алавит шашинтай аж.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.