НИЙГЭМ

Анхны хурдны зам ашиглалтад орлоо

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлсэн “Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам” төсөл хэрэгжиж дууслаа.

Төслийн хүрээнд Яармагийн товчоо-Айцын даваа-Түргэний гол-Бөхөгийн хөтөл-Хөшигийн хөндий чиглэлийн 32.3 км урт, 31 метр өргөн, хоёр урсгал бүхий зургаан эгнээ зорчих хэсэгтэй хатуу хучилттай хурдны замыг ашиглалтад хүлээлгэн өглөө.

Олон улсын стандартын шаардлага хангасан замын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон албаны бусад хүн оролцов.

Улаанбаатар хотыг Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудалтай холбосон хурдны замтай болсноор иргэд тав тухтай, түргэн шуурхай зорчих боломж бүрдэхийн зэрэгцээ аялал жуулчлал хөгжихөд ч чухал хувь нэмэртэйг Ерөнхий сайд хэлэв. Мөн Монгол Улс, БНХАУ-ын найрсаг хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөх, түгжрэлийг бууруулах, аймгийн төвүүдийг нийслэл хоттой холбох томоохон ажил хийж байгааг тэмдэглэв. Тэрээр төслийг амжилттай хэрэгжүүлсэн төрийн байгууллага, дотоод, гадаадын аж ахуйн нэгж, хүмүүст талархал илэрхийллээ.

Хурдны зам тавих төсөл БНХАУ, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагаанд томоохон байр суурь эзэлнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа Элчин сайд Шин Хаймин хэллээ. Цаашид ч эдийн засаг, нийгмийн хөгжилд дэмжлэг болохуйц олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдгийг тодотгов.

Хурдны замын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тэйсэжү Сивил Инженеринг Групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын “Бадрах ойл”, “Эрдэнэ зам”, “Арж капитал” компани ажилласан байна.

БНХАУ-ын “Гуанжоу Ванан Констракшн Супервишн”  болон “Эс Ар Пи” компани зөвлөхөөр ажиллажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button