УРЛАГ

Самбуугийн Мааяа: Тэр бидэнд хайртай байсан юм

Бүсгүй хүн л зохиосон баймаар ардын дуу олон. Хар торгон хамжаарыг харанхуй шөнөөр шаглаач нь эмэгтэй байхаас зайлахгүй. Цал буурал баянтай цагийг яаж л барах вэ хэмээн санаашран дуулсан Сэндэр охины  домог ч үнэн байж таарна. Ийн санах минь ардын дууны овоо хэдийн зохиогч нь эмэгтэй гэх итгэл рүү хөтөлдөг юм. Итгэлийн дэнлүүгээ бариад он цагийн хуудас руу шумбан орох ч яг таг нотолж чадахгүйдээ зүдрэх минь цөөн бус. Тийн явахдаа зохиолч, олноо “Равжаа судлаач” хэмээн цолгорсон А.Шартолгой гуайн ярилцлагатай таарсан юм. Эрхэм зохиолч бээр “Хүмүүс "Үлэмжийн чанар"-ын үг, аяыг Данзанравжаа бичсэн гэж ярьдаг. Тийм биш. Үг нь Данзанравжаагийнх, харин ая нь Дадишуарийнх” хэмээн итгэл төгс өгүүлсэн байх юм. Үүнийгээ дэлгэрүүлэн “Үлэмжийн чанар” (2011) номдоо “...Ноён хутагтын бие ихэд чилээрхэж Хужиртын халуун рашаанд саатаж байх үед Дадишуари нарын бүсгүйчүүл арга засал болгож “Таван тахилын дуу”-г өргөсөн гэх домгийг, хууччуул ярьдаг...” гэж эрдэмтэн  Л.Хүрэлбаатар үздэг. “Таван тахил” буюу “Үлэмжийн чанар” дуу нь хүслийн таван эрдэнийн үүднээс Ноён хутагтыг магтсан дуу бөгөөтөл дуун утгаараа хутагт өөрөө өөрийгөө магтсан болж таарах нь уу” гэж дурджээ. Дууны аяыг Ноён хутагт зохиогоогүй гэхэд дэргэдийн шавь Дадишуариг хэмээн таамаглах учраа “Монгол, түвд, манж хэл бичигт гаргууд, дуу хуур, ном бясалгалын авьяас бүхий хүн бөгөөд гүр дуу зохиосон удаатай гэж нутгийн ардын хууч ярианд бий” хэмээсэн юм.  

Гээд барим тавин нотолгоо үгүй тул цааш эмэгтэй зохиогчийн эрлээ албан ёсны мэдээгээр үргэлжлүүлбэл, 1924 онд хөгжимчин Д.Ишдулам монгол ардын дуу “Дөрвөн уул” дууны ая, тухайлбарыг ашиглан “Ленин Сүхбаатарын хосолсон дуу”-ны аялгууг, 1931 онд жүжигчин Д.Ичинхорлоо монгол ардын дуу “Хулсан ташуур”-ын аяыг ашиглан “Монгол транс” дууг зохиожээ. Энэ үе бол Монголын орчин үеийн гэгдэх хөгжмийн салбар дөнгөж бүрэлдэж асан цаг. Үүгээр баримт тасарч гуч гаруй жилийн дараа ахин нэг өгүүлбэр гарч ирнэ.  “Хөгжмийн зохиолч эмэгтэй С.Мааяагийн “Хүүхэн хүний хүслэн”, “Эсэн энхийн дуу”, “Үдэлтийн дуу”, “Бодол”, “Валя Терешковазэрэг суурьтай чанартай сайн бүтээлүүд гарчээ...” гэж Монголын Хөгжмийн зохиолчдын холбооны хоёрдугаар их хурлаар холбооны дарга С.Гончигсумлаагийн илтгэлд бий. Үүнээс хойш манай хөгжмийн салбарт эмэгтэйчүүд үе үе нэрлэгдэж эхэлнэ. Харин энд дурдагдан буй С.Мааяа гэж хэн байв аа?

Харин миний итгэлээс хасаж тастах юм бол…

1967 онд Монголоос Алжир улсад суух элчингээр Дэндэвийн Шарав томилогдон, гэр бүлийн хамт очжээ. Бусад улсуудын элчингийн эхнэрүүд англи, франц, итали, герман хэлээр ярилцах юм гэнэ. Манай элчингийн гэргий зөвхөн оростой, тэр нь төдий л хэрэг болохгүй тул франц хэлд шамдахаар дамжаанд суув. Хэлээ сайжруулахын тулд унших ном авахаар дэлгүүр хэсэж яваад “Чингис хаан” гэх жүжгийн зохиолтой таарлаа. Гаднын зохиолчийн “Монголын нууц товчоо”-оос сэдэвлэсэн жүжгийн зохиол аж. Баярласан гэж тоймгүй, өнөөхөө өөд уруугүй нухсаар франц хэлээр овоо дөр суулаа. Хожим нутагтаа ирсэн хойноо бичгийн машинаар хувилж авсныгаа Соёлын яаманд танилцуулахаар өгч л дээ. Удаа ч үгүй түүнийг НАХЯ-аас дуудан байцаалаа. Эзэн хааны жүжгийг тавих байтугай нэрийг нь ч бодохоос эмээдэг цаг шүү дээ. Том хэрэг өдүүлсэн энэ гэргий бол С.Мааяа байлаа. 

Элчин сайдуудын гэр бүлийг танилцуулсан “Алтан аргамжийн алтан үеийнхний бүсгүйчүүд” (2023) номоор би түүнтэй анх танилцсан юм. Тэнд С.Мааяагийн талаар хоёр нүүр материал бий. Амьдралынхаа 15 жил гаруйг гадаадын улсуудад, элчин сайд нөхрөө даган амьдарсан тэр гэргий, уул шугамдаа хөгжмийн зохиолч агаад бүр дууны түүвэр ч гаргаж амжсан хүн ажээ. “Соц үеийн нэг элчингийн гэргий хөгжмийн зохиолч хүн байжээ” гэх энэ жижиг баримтын цаана бүтэн ертөнц өмнө цэлийв ээ. 

***

“...Борхон зүрх минь түг түг хийнэ

Бугуйн цаг минь чаг чаг хийнэ...” (Болзоо) гэж уншаад та шууд аялаа болов уу? 

 “...Таксийн цоохор машин нь хө

Дайрчих шахаад  өнгөрснийг яана

Ууртай ширүүн харсан чинь

Усан дагина байсныг яана…” (Таксийн цоохор машин) гэвэл ая нь шуунд аманд орж байгаа биз? Үргэлжлүүлээд “Хөдөөгийн энэ олон замын хаагуур нь явах вэ?”(Салаа зам), “Элээ элээ, дүүе дүүе, ирлээ ирлээ, хүүе хүүе”(Элээ), “Хэрвээ би эр хүн байсан бол доо” гэвэл бас л мэдэж магад. Тийм ээ, эдгээр дуунуудын хөгжмийг С. Мааяа зохиосон юм. 

Ахин нэг түүхэн баримт дурдъя. Гэхдээ хөгжмөөс тэс хөндлөн салбарын түүхээс шүү. “...Монгол цирк байгуулагдсан цагаас амьтан сургагчийн төрлөөр 1941 онд сургуультай нохойг Самбуугийн Мааяа…” гэх мөр “Монгол циркийн нэвтэрхий толь” (2011) гэж номд бий. Манай улсын циркийн он тоолол эхэлж, анхны мэргэжилтнүүд төрөн гарч, өөрсдийн дэглэсэн номеруудаа толилуулж асан түүхэн үед  С.Мааяа сургуультай нохой тоглуулж, утсан дээр алхаж, акробат хийж байв. Ерөөс түүний намтрын эхэнд “Циркийн сургуулийг анхны ээлжээр төгсөгч, улсын циркийн анхны жүжигчдийн нэг” хэмээн дурддаг юм. Циркийн жүжигчнээс хөгжмийн зохиолч гэх огцом эргэлтийн эзэн байх нь ээ. “...Гэтэл сэтгэл зүрх нь огтын өөр юманд тэмүүлэх болчихжээ. Тэр нь хөгжим ажээ. Хөгжимд дурлан тэмүүлдэггүй хүн гэж үгүй боловч зүрх сэтгэлээсээ түүнд тэмүүлэгч нэгэн хэсэг бий. Энэ бол авьяас билэг, бие хөдөлмөрөө түүнд зориулах тэмүүлэл билээ. Чухам тэгж тэмүүлсэн хүний нэгэн С.Мааяа хэмээн хөгжим судлаач Д.Батсүрэн (1978)-д  өгүүлнэ. “...Аав хошин шог их бичдэг байсан. Түүнийг нь дуурайгаад хошин дууны хөгжим бичиж, хөгжмийн зохиолч болсон хүн шүү дээ, эгч минь” гэж түүний дүү Р.Нарантуяа бас дурсдаг юм. 

Цирк, хөгжим хоёрын огтлолцох цэг нь хошин дуу ажээ. Цагтаа хошин дууны мастер хэмээгдэж явсан  түүнд ахин нэг “анхдагч” гэх тодотгол бий. Тэртээх 1976 онд Д.Намдаг, Ж.Бадраа, Т.Чимэддорж, С.Мааяа нарын хэдэн улс “Хонгор зул” хамтлагийг үүсгэн байгуулсан юм. Алсдаа өөрсдийн орлогоор санхүүжиж, хошин урлагийн театр болгох зорилго өвөртөлсөн тэдний хамтлаг үзэгчдийн сайшаалыг хүртэж,  хэдэн жил дарааллан “Инээдмийн өдөр”-өөр тоглож ч байлаа. Тэгэхээр монголын хошин урлагийн анхны хамтлагийн тоолол даруй хорь гаруй жилээр урагшлах нь ээ. 

Аливаа анхны юм, түүнд хамаарагч хүн бүхнээс хичээл зүтгэлийг шаарддагийн жишгээр нэг хүн хэд хэдэн чиглэлд цолгорох тохиол түүхэнд элбэг. Үүний жишээ нь С.Мааяа өөрөө байлаа. “Баян Монгол” чуулгын нэрт дуучин Л.Оюунчимэгийн дуулснаар олны хүртээл болсон “Хорвоо амгалан байг”, “Тойрон бүжгийн дуу”, “Хаврын салхи”, дуучин З.Цэнд-Аюушийн дуулснаар “Таксийн цоохор машин”, жүжигчийн Б.Туяагийн дуулснаар “Хэрвээ би эр хүн байсан бол”, “Яагаад”, жүжигчин Т.Латифын дуулснаар “Болзоо” (Түг түг, чаг чаг), Цэцэг хамтлагийн дуулснаар “Миний ном” гэх зэргээр түүний уран бүтээлийн цараа манай хөгжмийн салбарт эстрад, хошин болон хүүхдийн дууны хөгжлийн түүхийг урагшлуулахад зүй ёсоор нөлөөлсөн юм. Мөн Монгол улсад хөгжмийн зохиолчдын өөрөө удирдах байгууллагын  үүсэл, хөгжилд ч С.Мааяа зохих ёсоор оролцжээ. Учрыг өгүүлбэл, 1957 онд Монголын хөгжмийн зохиолчдын холбоог үүсгэн байгуулахад анхны нарийн бичгийн даргаар томилогдож, арав орчим жил хариуцлагатайгаар хашжээ. 

Хэдий тийм ч С.Мааяа хөгжмийн мэргэжлийн боловсрол эзэмшээгүй юм. Өөрийн унаган авьяас, чөлөөт сэтгэлгээ, мэдлэгийн цараа, хичээл зүтгэлийн үрээр хөгжмийн зохиолч болжээ. Хөгжим судлаач Д.Батсүрэн “...С.Мааяа хөгжмийн урлагт “эчнээгээр” суралцсан, гэвч олон жилийн сургууль хийсэн мэргэжлийн хүний бүтээл туурвиж чаддаг хүн. Энэ бол чухам авьяас билгийг тордож чадахын жишээ билээ. Багш, сурган хүмүүжүүлэгчийн сайхан ажил олон жил эрхэлж, орчуулга хийж, орон дэлхийн утга зохиол урлагтай гүнзгий танилцсан хүний цараагаар уран бүтээлд ханддаг чанар нь түүний дуунуудын хувьд их үр ашиг өгчээ…”  хэмээн дүгнэсэн нь одоо ч үнэ цэнтэй болов уу. Үндсэн мэргэжил нь бол монгол хэл-утга зохиолын багш, Боловсролын их сургуулийн оройн дээдийг суралцан төгссөн анхны долоогийн нэг. Зохиолч Д.Намдаг хэд хэдэн зохиолчийг жүжгийн зохиолч болгохоор гэрээр сургаж байсан гэх ба тэр дунд М.Мааяа байжээ. Бичгийн чадвар чамгүй явсных нь гэрч болон гадаадаар олон жил явахдаа “Сахарын цөлд гишгэж үзлээ”,” Элсэн цөлийн чулуун цэцэг”, “Там там бөмбөр хүний хэлээр ярина”, “Африкийн гоо дагинас”, “Анд нөхдийн дуу” зэрэг хорь орчим аян замын тэмдэглэл бичсэн юм.

Түүний уран бүтээл, амьдралыг хөгжим судлаач Д.Батсүрэн ийнхүү дүгнэсэн нь бий.  “...Уран бүтээлчийн царааг зөвхөн авьяас, бүтээлийн ноён нуруугаар хэмжээд орхих бус, тэрээр нийгмийн гишүүн, нэгэн орны иргэний үүргээ хэрхэн ухаардгаар дүгнэх учиртай. Хөгжмийн зохиолч С.Мааяа эх орон, ард түмнээ гэх элбэрэл сэтгэлээр хилийн чанадад хаа явавч эх орноо, ард түмнийхээ хөгжмийн урлагийг сурталчлах, орон дэлхийн дэвшилт соёлыг түгээн дэлгэрүүлэхэд уран бүтээлтэйгээ тэнцэхүйц жинтэй ажил хийж буй хүн билээ. Үүний зарим жишээг, түүний нийтлүүлсэн өгүүлэл шүүмж, замын тэмдэглэл-сэтгэгдэл, хэлсэн үгс, орчуулга сэлтээс мэдэж болно.”

***

Энэ түүхийн эхэнд түүнийг НАХЯ-д байцаагдсан гэж дурдсан шүү дээ. Тэр үеэ С.Мааяа гуай ийн бичиж үлдээсэн юм. “...Тэр үед, 1937 онд эцэг маань хэлмэгдэн амиа алдаж, 1938 онд эх минь шоронд орж байсан түүх сэтгэлд минь харван орж ирж гомдох, бухимдах хослон байсныг хэлэх юун… Би Никола Вонцоравын харгис германы зандалчдад баригдаад цаазлуулахаасаа өмнөхөн бичсэн “Итгэл” найраглалыг Ч.Чимэдийн орчуулснаар цээжилсэн хэсгээ ахин дахин тарни мэт уншиж сэтгэлээ онгойлгодог байлаа. Сайхан шүлэг, найраг зовохын цагт хань болж, сэтгэлийн дэм өгдгийг тэр үед л мэдэрсэн юм…”

“...Харин миний итгэлээс

Хасаж тастах юм бол

Хумсын чинээ ч гэсэн

Хуулж авах юм бол

Би тэр аяараа

Битүү өвчилж шаналах сан

Зүрх нь шархадсан ирвэс шиг

Зүдэрч би бархирах сан

Тэгвэл нээрэн би яана аа!

Тэвчиж юутай үлдэнэ ээ!

Би тэгвэл дарагдаж

Бие дүрсээ алдаж

Хоосон хүн шиг хувхайрч

Хогийн өвс шиг гандана

Үнэнийг чухам хэлэхэд

Үйлийн үргүй ядарна

Та нар одоо итгэлийг минь

Тас цохих гэж байна уу?

…Сумаар уу?

Бөмбөгөөр үү?

Аль нь ч дэмий шүү

Итгэл минь гүн гүнзгий шүү!

Тэрийг минь үгүй болгох

Тэнцэх тийм сум

Одоохондоо энэ

Орчлон дэлхий дээр

Олдоогүй байна

Энийг та нар ойлголцгоо!

Эндэлгүй сайн мэдэцгээ!”

1937 оны есдүгээр сарын 10-ны хар өдөр байлаа

Үүр цайхын алдад хаалга үүд балбан, хорт утааны баг мөрөвчилсөн хэдэн хүн “Самбуу байна уу?” гэсээр орж ирэнгүүтээ баривчлан, хананд өлгөөтэй буу сэлмийг хураан, хамаг эд хогшлыг битүүмжилжээ. “Охин минь уйлна” хэмээн унтаж буй Мааяаг сэрээлгүйгээр үнсээд гарсан аавтайгаа охин ийн эгнэгт уулзсангүй. 

Түүний аав Гончигийн Самбуу нь БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Бүх цэргийн жанжны нэгдүгээр орлогч, БНМАУ-аас ЗХУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Гадаад яамны орлогч сайд зэрэг өндөр албан тушаал хашиж явсан хүн байлаа. БНМАУ-ын Засгийн газрын 1936 оны 75 дугаар тогтоолд “Монгол-Манжуурын бага хурал гэж нэрлэгддэг Монгол-Манж Го улсуудын Засгийн газрын хэлэлцээрийг толгойлж, 1935-аас 1937 оны хооронд бүтэн хоёр жил хилийн чанадад ажиллаж, дипломатын болон улс төрийн өргөн мэдлэгтэйгээ харуулж, амжилттай дуусгасан” учир хэмээгээд Г.Самбууг байлдааны болон бичгийн гавьяаны одонгоор шагнажээ. Үүнээс жил орчмын дараахан чухам энэ хэлэлцээрт явсан хүмүүсийг баривчилж, Г.Самбууг зэвсэгт бослогод бэлтгэж, нам засгийн удирдагчдыг хороох ажлыг удирдан зохион байгуулсан хэмээн буудан хороосон юм.  

Энэ бол 1937 оны есдүгээр сарын 10-ны хар өдөр байлаа. Саяхан нярайлсан ээж нь эмнэлэгт, охин ч “ээж, дүү хоёр  маргааш гэртээ ирнэ” хэмээн догдлол дүүрэн орондоо оржээ. Гэвч юмс орвонгоороо эргэж, аавыг нь баривчлахдаа орон гэрийг нь битүүмжилсэн тул ээжийгээ гаргах газаргүй хоцорлоо. Эсэргүүгийн эхнэр тул ээжийг нь коридор руу хөөж, дүүг нь ч хүүхдийн эмнэлэг рүү шилжүүлсэн агаад дүү нь тэндээ нас баржээ. Арван хоёрхон настай Мааяа дүүгээ модон хайрцагт хийн, хятад хөлсний тэргээр Далан давхарт аваачин нутаглуулав. Бүүр хожим өөрийн хүүдээ дүүгийнхээ нэрийг өгч сэтгэлээ цайлгасан гэдэг. 

Зовлон ингээд дууссангүй, амьдралд хөлөө олж ядан яваа гэр бүлийг ахиад л хэлмэгдүүлэлтийн сүүдэр нэрвэлээ. Яг жилийн дараах намрын шөнө дөлөөр аанай л хаалга балбан орж ирсэн улс ээжийг нь баривчлав. Мааяа, дүү Зоригийн хамт “эсэргүүгийн хүүхэд” хэмээгдэн сургуулиас хөөгдөж, ээжийгээ суллагдтал айл айлаар хоног төөрүүлэн их л зүдэрсэн гэдэг. Энэ үеэ “...1939 оны наадам дээр явж байтал нэг өндөр хүн “Энэ эсэргүү Самбуугийн охин байна. Чи яагаад наадам үздэг билээ?” гээд олон хүний дотор хөндөлсөж зогсоосон. Яг энэ үе хэчнээн аймаар гашуун байсныг үгээр хэлэх аргагүй. Би уйлаад гэртээ гүйж харьсан” хэмээнэ. 

Түүний ээж Дугарын Дэнсмаа нь хожмоо хүний их эмч, анагаах ухааны доктор, дэд эрдэмтэн, Хужирт, Оргил, Улаанбаатар, Жанчивлан, Гурван нуурын рашаан сувиллын  бүтээн байгуулалтыг удирдаж, цаашдын үйл ажиллагааг зүгшрүүлэн, монголын анагаах ухаанд рашаан судлалыг нэвтрүүлэхэд түүчээлсэн эрдэмтэн юм. 

Эл гэр бүлийн түүх тэр чигтээ монголын түүхийг хүүрнэнэ. Д.Дэнсмаагийн анхны нөхөр зохиолч М.Ядамсүрэн, удаах нөхөр Г.Самбуу нар хэлмэгдэн амиа алдаж, хоригдож гарч ирээд ханилсан халамжит хань, монголын циркийн урлагийг үндэслэгч Ж.Раднаабазар ч  зуурдаар өөд болсон юм. Цаг үеийн буулгадаг үл сөхөрч, Д.Дэнсмаа зургаан хүүхдээ нэр төртэй өсгөжээ. Д.Дэнсмаа гэх аварга модоос төлжсөн хөгжмийн зохиолч С.Мааяа, уулын спортын мастер Р.Зориг, хөгжмийн зохиолч, судлаач Р.Энхбазар, хэл бичгийн ухааны доктор, тууль судлаач Р.Нарантуяа,  эмч Р.Энхтуяа, баримтат киноны зураглаач Р.Занабазар гэх салаа мөчир одоо ч тал талд салбарлан ургасаар байна. 

***

Хар багадаа амьдралын хатууг ханатал туулсных юм болов уу, тусархуу, өр нимгэн, нинж дүүрэн хүн байсан талаар нь түүний бэр дүү  Т.Сарантуяа ийн дурсана. “Хэлмэгдэгсдийн ар гарт нөхөн олговор олгох үед эгч маань тэр сая төгрөгийг ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд, танил гээд олон хүнд хувь хүртээж билээ. Ерөөс тийм л хүнлэг хүн явсан юм. Гадаадад амьдрах үедээ эндээс хэн юу захина, тэр бүрийг л явуулна. Өргөн хүрээний мэдлэгтэй, тал бүрийн авьяастай ч өөрийн хүүхдүүд болон ээжийгээ асрах, нөхрөө даган гадаадад амьдрахдаа элчинд ажиллах гээд насаараа завгүй амьдарсан даа.” 

С.Мааяа гуайг таних хууччуулын хэн нь чиг дээрхтэй төстэйгөөр хувь хүнийг нь дурсана. Нийтэч, эелдэг боловсон, даруу төлөв, намба төгс, зөөлөн дуу, сайхан ааль зантай, хүн бүртэй мэнд устай, тусархуу, залууст урам өгөхдөө үг харамлахгүй гэцгээх. Гадна төрхийг нь бол сайхан алаг нүдтэй, илүү маяггүй мөртөө их дэгжин хээнцэр, эрхэмсэг эмэгтэй явсан гэлцэнэ.

Түүний даруу төлөв зангийн илрэл юм болов уу даа, хорвоогоос буцахаас жил гаруйн өмнөхөн бичиж дуусгасан “Эргэн дурсахуй” (2001) номдоо явсан газар орныхоо тухай тэмдэглэл, нэгэн үеийг хамтдаа элээсэн анд нөхөд болох монголын урлагийн зүтгэлтнүүдийн талаар л түлхүү хүүрнэсэн байх юм. Өнөөгийн “би төвт” үзлээр бол мөн ч хачин хэрэг. Дурсамж номоос нь Л.Ванган, Д.Намдаг, С.Цогзолмаа, Т.Чимэддорж, Ж.Бадраа нарын олон хүнийг унших авч чухам С.Мааяагийн амьдрал хийгээд уран бүтээлийн талаар л бараг юм олохгүй. Угаас уламжлалт түүх бичиглэлд уран бүтээлч эмэгтэйчүүдийг онцлох нь ховор атал нэрмээс болох мэт бичвэл бичихүйц дайны авьяас, туршлагатай атлаа  С.Мааяа өөрийгөө л ер дурдсангүй өнгөрчээ.

Тэр бидэнд хайртай байсан юм.

1978 онд улс төрийн дууны уралдаан зарлагдлаа. Хөгжмийн зохиолч С.Мааяа эртнээс нэгэн бодол тээж явлаа. “Зөвлөлтөд Зоя Космодемьянская байгаа бол манайд Түвдэнгийн Бор бий. Арван наймхан насандаа амиа алдсан зоригт эмэгтэйн тухай дуу хийх юм сан. Хэрвээ амьд сэрүүн байсан бол хүний хань болж, ач гучаа тойруулсан сайхан налгар хөгшин ч байх байсан бил үү. Эх орон, улсаа гэж амьдарсан сайхан улсуудыг бид мартаж болохгүй”. Үүнийгээ зохиолч П.Бадарчид хэлснээр “Тэр бидэнд хайртай байсан юм” дуу мэндэлжээ. Энэ дууны талаар хөгжим судлаач Р.Энхбазар “Аль ч талаар шинэлэг өнгө аястай, дуулаачийн цараа, сэтгэлгээний өргөн боломжийг нээсэн бүтээл” хэмээн дүгнэжээ. Монгол улсын баатар Т.Борын дурсгалд зориулсан энэ дууг “Соёл-Эрдэнэ” хамтлагт дуртай одоогийн залуус сайн мэдэх буй за. Тавь орчим жил эгшиглэж буй энэ дуугаар дамжуулж Т.Бор гэх дүр сонсогчдын сэтгэлд мөн амьдарсаар буй. Гэвч зохиогчийнх нь талаар  төдийлөн сайн мэдэхгүй явжээ. Зөвхөн энэ дуу гэлтгүй түүний бусад бүтээлийг сонсоод таних ч бүтээгчийг нь үл ойшоож, учрыг мэдэх улс цагийн эрхээр цөөрсөөр л, магад хорин жилийн дараа гэхэд түүхийн хуудсаас арчигдах мэт… 

Хөгжмийн зохиолч Самбуугийн Мааяагийн мэндэлсний 100 жилийн ой ирэх тавдугаар сарын 01-ний өдөр тохионо. Цагийн шалгуурын даван бидний сэтгэл зүрхэнд эгшиглэсээр буй бүтээлүүдийг нь төдийгүй өөрийг нь одоо хийгээд хойч үедээ дамжуулахыг  хүсэж, төгсөв гэх ганц цэг бус үргэлжлэл буй гэх гурван цэг тавихыг хүснэм. 

Амьдралын зам яасан урт вэ? Анх энэ зам дээр дөрвөн хөллөн гарч ирж билээ. Мөлхсөөр мөлхсөөр хоёр хөл дээрээ арайхийн гэж дэнжгэнэн зогсов. Нэг алхам хийв. Хоёр гурав гээд л цааш тэнтэр тунтар алхав. Хөл чангарч, дардан зам минь ч дуусан, бартаат зам ч эхлэв. Өндөр хадтай асгат уултай ч тулав. Авирлаа, ноцлоо, уулын орой сүндэрлэн харагдаж байна. Алтан нарны туяанд сүртэй ч гэж жигтэйхэн, аргагүй л цаст уулын оргил нарны гэрэл гялалзан хүмүүс биднийгээ хүлээх мэт. Оргил өөд хүрэхийг зорьж, урам зориг орж, сэтгэл сэргэн, сүүлчийнхээ хүч чадлыг барагдтал авирлаа, ноцлоо, хар догшин шуурга дайрч, уулын хад чулуутай хамт уулын уруу хийсгэн хар эрчээр өнхрүүлэв. Өнхөрсөөр өнхөрсөөр яг том хар ангалын ирмэг дээр тулан, өрөөсөн хөл хөндийрч, нэг хөлөөрөө дэнтэй дунтай л тогтов. Доошоо хартал ёроолгүй хар ангал ч юм уу, харанхуй хар там ч юм уу бүү мэд! Сүүлийнхээ хүчийг шавхан тамд унахгүйн тул дээш мацав. Мацан мацсаар арайхийн эргэн дээр гараад цааш харвал урд маань хар лаг шавар ч юм уу, намаг ч юм уу дорогш татавч арайхийн гарлаа. Ашгүй, уулын гол ширүүн урсгалтай байвч, ариун тунгалаг ус шаагин урсаж, “үүнийг зоригтой гатал, яасан хулчгар амьтан бэ?” гэж намайг зэмлэж, аашлах шиг ээ... Тэр ширүүн голын урсгалыг сөрөн явав. Буянт сайхан гол биед наалдсан бүх шавар шавхайг ариутган урсгалаараа цэвэрлэн зайлуулж, мөн сэтгэлд үлдсэн аймшигт үзэгдлийг зайлуулан, сэтгэлийг минь тунгалаг ус мэт ариулав. Хийморь сэргэж, урам зоригжин, олимпиадад оролцох гэж байгаа тамирчин мэт цааш амьдралын их зам өөд оргилуун сэтгэлтэйгээр урагшлан алхав. Гүйв, давхив, шогшив. Гэтэл нэг л мэдэхэд бариа маань хаана намайг хүлээж байгааг ч эс мэдэн, гурван хөллөх шахам гэлдэрч явах боллоо!

Замд олз ч орж, гарз ч гарч байлаа. Амьдралын энэ их урт замд олон сайхан найз нөхөд, халамжит хайрт хань, үр хүүхэд, үнэнч сайхан ах дүү нартай болж, жаргал зовлон хосолсон энэ хорвоогийн бүтэн нэг үеийг өнгөрөөж нэгэн жарныг туулав. Олон сайхан найз нөхөд, хайрт хань минь, наддаа бурхад болох ачит аав, ээж минь энэ хорвоогоос халин одож, одоо зөвхөн үе тэнгийн хуруу дарам цөөхөн нөхөдтэйгөө хоцорч, нэг үгээр хэлэхэд дурсамж бид хоёр л дотносон үлджээ. 

С.Мааяа, 2000 он” 

Төгсгөлийн оронд буюу “Born Retro III”

Ард түмний дунд амнаас ам дамжин дуулагдаж ирсэн буюу үүсэл нь тодорхойгүй дуунуудын зохиогчийг олох, тэр тусмаа эмэгтэйг нь түүвэрлэх гэх бол бүтэшгүй санаархал нь мэдээж. Хэдий тийм ч “эмэгтэй хүн хөгжим зохиосоор иржээ” гэх анхдагч сэдэл хэн нэгний итгэлийн хэтийг цахиж, сэтгэлийн галыг асаах нь дамжиггүй. Манай хөгжмийн салбарын түүхэнд Д.Алтантуул, Д. Амгалан, Н.Лантуу, Д.Лянхуа, Ж.Чулуунцэцэг, С.Бүтэд, С.Мааяа, М.Булган, Л.Насанбат, М.Туяа, Д.Цэцэрлэг, С.Ганчимэг, Б.Мөнхжаргал, Б.Ангирмаа гэхчлэн гучаад эмэгтэй хөгжмийн болон ая зохиогч эмэгтэй бий. Гэвч тэдний бүтээлийг мэдэхээс бус хэн болох, хэдэн онд төрсөн, ямар замналаар амьдарсан зэрэг нарийн мэдээллийг хайлтын системээс барагтай л олохгүй биз ээ. Ялангуяа 1990 оноос өмнө уран бүтээлээ туурвиж асан ахмад зохиолчдын талаарх мэдээлэл улам л бүрхэг болсоор байна. 

Хөгжмийн зохиолч эмэгтэйчүүдийн бүтээл болон намтрыг олны хүртээл болгох  зорилгоор “Aydu record”-оос “Born Retro Vol.3” төслийг санаачилж, үүний эхлэл болгон түүний “Болзоо” дууг шинэчлэн найруулсан юм. Таалан соёрхоно уу. 

Хөгжмийн зохиолч Самбуугийн Мааяагийн бүтээлүүд. 

С.Мааяа нь нийтийн 60 гаруй дуу, симфони болон үлээвэр найрал хөгжимд зориулсан 15 орчим бүтээл зохиосон. Үүний заримыг дор дурдлаа. Мөн эндээс сонсох боломжтой. 

  1. С.Мааяа, Д.Наваансүрэн., “Түг түг, чаг чаг” /Болзоо/
  2. С.Мааяа, Ч.Лувсандэндэв., “Тойрон бүжье”
  3.  С.Мааяа, Ц.Гайтав., “Өсвөрийн тамирчдын марш”
  4. С.Мааяа, Ө.Баасанжав., ”Сайн уу, муу юу, аль нь вэ хө?”
  5.  С.Мааяа, Ш.Сүрэнжав “Яагаад”
  6. С.Мааяа, Ш.Сүрэнжав., “Миний ном”
  7. С.Мааяа, Ш.Сүрэнжав., “Гурван гэрлийн дохио”
  8. С.Мааяа, Ш.Сүрэнжав., “До ре ми фа со ля си”
  9. С.Мааяа, Ш.Сүрэнжав.,  “Тойрон бүжгийн дуу”
  10. С.Мааяа, Ш.Сүрэнжав., “Эх орондоо”
  11. С.Мааяа, Ш.Сүрэнжав., “Хэрвээ би эр хүн байсан бол доо”
  12.  С.Мааяа, Д.Пүрэвдорж., “Яая даа, яая даа зүрх минь” /Таксийн цоохор машин/
  13. С.Мааяа, Т.Галсан., “Элээ” 
  14.  С.Мааяа, Ц.Шагдар., “Бодол”
  15.  С.Мааяа, С.Дашдооров., “Эсэн энхийн дуу”
  16.  С.Мааяа, Ж.Лодой., “Манай наадам”
  17. С.Мааяа, Ч.Балчинжав., “Валя чамдаа баяр хүргэе”
  18.  С.Мааяа, Д.Батсүрэн., “Үдэлтийн дуу”
  19. С.Мааяа, Д.Батсүрэн., “Ахан дүүсийн дуу”
  20.   С.Мааяа, Ж.Бадраа., “Хүүхэн хүний хүслэн”
  21. С.Мааяа, Ж.Бадраа., “Чамтайгаа би”
  22.  С.Мааяа, Ж.Бадраа., “Зүүд”
  23.  С.Мааяа, Ж.Бадраа., “Эрхэм учрал”
  24. С.Мааяа, Ж.Бадраа., “Таалах ажаамуу”
  25. С.Мааяа, Ч.Лувсандэндэв, “Үргэлж надад бодогдох юм”
  26.  С.Мааяа, Ч.Балчинжав., “Чамайгаа би мөрөөднө”
  27. С.Мааяа, Д.Пүрэвдорж., “Хорвоо амгалан байг”
  28.  С.Мааяа, П.Бадарч., “Тэр бидэнд хайртай байсан юм”
  29.  С.Мааяа., “Мөрөөдөл” 
  30.  С.Мааяа., “Салаа замын гай”
  31. С.Мааяа., “Үгүй дээ, харчуул аа”
  32. С.Мааяа., “Хаврын салхи”

Түүний талаар дэлгэрүүлэн судлахыг хүсвэл:

  • Монголын хөгжмийн зохиолчдын холбооны их хурлын материалууд, УБ 1980
  • С.Мааяа., “Хүүхэн хүний хүслэн”, УБ 1978
  • С.Мааяа., “Эргэн дурсахуй”, УБ 2002
  • А.Шартолгой., “Үлэмжийн чанар”, УБ 2001
  • Ц.Навагчамба., “Хэлмэгдсэн заяа: 38”, УБ 2004
  • Л.Хүрэлбаатар., “Аварга могойн зулайн чандмань: Равжаагийн Монгол, Төвд сурвалж, эх хэрэглэгдэхүүний түшиглэсэн судалгаа”, УБ 2006
  • Ё.Батболд., “Монгол циркийн нэвтэрхий толь”, УБ 2011
  • Х.Отгонбаяр нар., ““Монголын хөгжмийн зохиолчид”, УБ 2019

Б.Базарханд., “Алтан аргамжийн алтан үеийнхний бүсгүйчүүд”, УБ 2023

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ц. Эрдэнэбат
Ц. Эрдэнэбат
1 сар 15, 2025 09:37

1970-аад сүүлээр Монгол улсын баатар Т. Борын тухай *Тэр бидэнд хайртай байсан юм* дуу гарсан.
Түүний өмнөхөн *Т�##�ын цуурай* Монголын уран сайхны кино бүтээгдсэн байх.

ГАНАА
ГАНАА
1 сар 15, 2025 09:37

МУНДАГ ЭМЭГТЭЙ БАЙЖ ДЭЭ. КИНО Ч ХИЙМЭЭР ЮМ.

Магнай
Магнай
1 сар 15, 2025 09:46

"Там там бөмбөр хүний хэлээр ярина" гм тэмдэглэлүүд ийг нь уншиж, сайхан дуунуудыг нь сонсож явсаан. Өндөр гоолиг нуруутай, тэгш чилгэр биетэй, өөртөө итгэлтэй байрын сайхан хүн байж билээ !
Ч.Бат-Уянгаад баярл�##�аа.

Зочин
Зочин
1 сар 15, 2025 10:02

Тэр их хэлмэгдүүлэлтээс болж зовлонт амьдр�##� туулаад амьдр�##�д сөхрөөгүй харин ч эрдэмтэн болж, рашаан сувиллуудыг үндэслэн байгуулж, 6 хүүхэд төрүүлж өсгөж, с�##�бар бүрийн манлайлагч болгосон ээж Дэнсмаа нь агуу сэтгэлийн хаттай хүчирхэг эмэгтэй байж. Ийм хүний үр хүүхэд ингэж амьдрах байх. Мааяа гуай хүүхэд наснаас хүнд бэрхийг туулсан ч нийгэмд хэрэгтэй хүнлэг бүтээлч хөдөлмөрч хүн болж төлөвшжээ. Р. Зориг дүү нь л гэхэд 25 тв ийн Алтайгийн аав, �##�дарт уулчин, Энхбазар нэрт хөгжмийн зохиолч гээд удам угсаа сайтай гэр бүл юм байна. Бахархам түүхтэй хүмүүс юм даа.

Зочин
Зочин
1 сар 15, 2025 23:11
Reply to  Зочин

Дугарын Дэнсмаагийн аав ээж Д.Сүхбаатар,Янжмаа нарт тус�##�даг байж, гамингуудын гарт амиа �##�дсан.
Жанжин Дэнсмааг Зөвлөлтөд КУТВ-д явуулсан.
Дэнсмаа 16 тайдаа Орос хүнээс хүүхэдтэй болсон нь Мааяа.
Хойно сурч байхдаа зохиолч Ядамсүрэнтэй дотносож буцаж Монголдоо ирээд Зоригийг төрүүлсэн.
Хамтын амьдр�##� нь бүтэлгүйтэж 2 тийш болход Ядамсүрэн хүү Зоригоо авч жүжигчин Ичинхорлоотой суусан.
Дэнсмаа ерөнхий сайдын орлогч,элчин сайд Самбуутай сууж Мааяа түүнээр овоглох болов.
Хэлмэгдүүлэлтээр амиа �##�дсан анхны 12? хүний жагса�##�тад Самбуу,Ядамсүрэн нар байсан, нэг дор булуулсан.
Уд�##�гүй Дэнсмааг 9 сар шоронд хорьсон. Дараа нь циркийн Раднаабазартай сууж 4 хүүхэдтэй болсон.
Том нь Мааяа (Нөхөр нь элчин сайд Шарав), тэгээд Уулын Зориг (эхнэр нь зохиолч Намдагийн охин гавьяат эмч Дарьсүрэн, хүү нь 25-н Алтай), эмч Энхтуяа (нөхөр нь Б�##� даргын үед аж үйлдвэрийн яамны сайд байсан Дамдин), кино оператор Занабазар ах (з�##�уудаа нас барсан), хөгжимийн зоиолч Дэлхий Ээжийн Энхбазар (эхнэр нь б�##�етын гавьяат Туул), хамгийн бага нь эрдэмтэн Нарантуяа (нөхөр нь чөлөөтийн багш Магсар).
Дэнсмаа гуайг олон хүүхдүүдээ өсгөхөд нь хөрш айлын бэлэвсэн буриад авгай их тус�##�даг байж, түүний нөхөр Богд хааны жолооч байгаад хэлмэгдэсэн Бадам.
Ерөөсөө кино цаашаа амьдр�##�, түүх юм даа.
Хичнээн ч олон �##�дар цолтой хүмүүс нэг айлаас, нэг хүнээс төрөөв дээ ?

Зочин
Зочин
1 сар 15, 2025 10:52

Гайх�##�тай хүн

Иргэн
Иргэн
1 сар 15, 2025 11:56

Хөгжмийн зохиолч С.Мааяа гуай ёстой сайхан эмэгтэй байлаа. Сансарын буюу хуучнаар МИКР-ийн 4-р байранд амьдарч байсан. Даруу төлөв зантай, намб�##�аг хүн байв. Түүний зохиосон бүхий л бүтээл нь гайх�##�тай, тэр дундаас "Үдэлтийн дуу" нь тун сайхан дуу.

зочин
зочин
5 сар 4, 2025 13:13
Reply to  Иргэн

тийм, хүүхэд байхад микрт маань гоё хүмүүс их байсан Маяа гуай царайлаг нүдэнд дулаан байнга инээмсэглэж явдаг их гоё хүн байсан 5 давхруудын хажуугийн өгсөж урууддаг шатаар гүйж явахад таар�##�ддаг байлаа.

Зочин
Зочин
1 сар 15, 2025 13:20

????????????

Ц.Г
Ц.Г
1 сар 15, 2025 16:52

May❤️

Зочин
Зочин
1 сар 15, 2025 22:01

Баярл�##�аа. Сайхан юм уншлаа

Иргэн
Иргэн
1 сар 15, 2025 22:21

Жарг�##� зовлон хосолсон бахархам түүхтэй мундаг эмэгтэй байжээ. Нийтэлж толилуулсан танд баярл�##�аа

Зочин
Зочин
1 сар 15, 2025 23:12

Дугарын Дэнсмаагийн аав ээж Д.Сүхбаатар,Янжмаа нарт тус�##�даг байж, гамингуудын гарт амиа �##�дсан.
Жанжин Дэнсмааг Зөвлөлтөд КУТВ-д явуулсан.
Дэнсмаа 16 тайдаа Орос хүнээс хүүхэдтэй болсон нь Мааяа.
Хойно сурч байхдаа зохиолч Ядамсүрэнтэй дотносож буцаж Монголдоо ирээд Зоригийг төрүүлсэн.
Хамтын амьдр�##� нь бүтэлгүйтэж 2 тийш болход Ядамсүрэн хүү Зоригоо авч жүжигчин Ичинхорлоотой суусан.
Дэнсмаа ерөнхий сайдын орлогч,элчин сайд Самбуутай сууж Мааяа түүнээр овоглох болов.
Хэлмэгдүүлэлтээр амиа �##�дсан анхны 12? хүний жагса�##�тад Самбуу,Ядамсүрэн нар байсан, нэг дор булуулсан.
Уд�##�гүй Дэнсмааг 9 сар шоронд хорьсон. Дараа нь циркийн Раднаабазартай сууж 4 хүүхэдтэй болсон.
Том нь Мааяа (Нөхөр нь элчин сайд Шарав), тэгээд Уулын Зориг (эхнэр нь зохиолч Намдагийн охин гавьяат эмч Дарьсүрэн, хүү нь 25-н Алтай), эмч Энхтуяа (нөхөр нь Б�##� даргын үед аж үйлдвэрийн яамны сайд байсан Дамдин), кино оператор Занабазар ах (з�##�уудаа нас барсан), хөгжимийн зоиолч Дэлхий Ээжийн Энхбазар (эхнэр нь б�##�етын гавьяат Туул), хамгийн бага нь эрдэмтэн Нарантуяа (нөхөр нь чөлөөтийн багш Магсар).
Дэнсмаа гуайг олон хүүхдүүдээ өсгөхөд нь хөрш айлын бэлэвсэн буриад авгай их тус�##�даг байж, түүний нөхөр Богд хааны жолооч байгаад хэлмэгдэсэн Бадам.
Ерөөсөө кино цаашаа амьдр�##�, түүх юм даа.
Хичнээн ч олон �##�дар цолтой хүмүүс нэг айлаас, нэг хүнээс төрөөв дээ ?

Зочин
Зочин
1 сар 16, 2025 00:57
Reply to  Зочин

Баярл�##�аа,ёстой сайхан түүх байна.Юм үнэн байх тусам улам гял�##�зах юм.Кино болгомоор юм байна.Алтай юм бодмоор юм байна хө...Эдний удамыханд эрүүл энх сайн сайхныг хүсье...Урт удаан наслахыг ерөөе...

хурдлахилийн дараа бүр цахилгаан авахгүй эсвэл цах
хурдлахилийн дараа бүр цахилгаан авахгүй эсвэл цах
1 сар 16, 2025 13:53

Олон нөхөр авч бсан юм бна

Энхжин
Энхжин
1 сар 16, 2025 19:29

Эмээгийн маань эгч мундаг эмэгтэй байсаан би ч их жоохон байждээ

Chimiddorj altanbagana
Chimiddorj altanbagana
1 сар 16, 2025 23:17

Maya egchiin saihan gegeeleg dur nudnii mini umnuur jirelzn ungurluu

Ж.Нэргүй
Ж.Нэргүй
1 сар 16, 2025 23:55

Ёстой л самородок байж дээ, ямар гайх�##�тай хувь заяа вэ! Бас, "Ангирын дэгдээхэй 10-уулаа байлаа" дууны маань аяыг Мааяа зохиосон гэж уг дууны үгийг зохиосон Намдагийн Дугарсүрэн гуай ярьдаг байж билээ.

Зочин
Зочин
1 сар 19, 2025 23:27

Хаха дарсан 4 хүнийг ойлгосонгүй. Уншиж чаддаг сэтгэл мэдрэлийн өвчтөнүүд байх.

Отгонтамир
Отгонтамир
1 сар 19, 2025 23:28

Хаха дарсан 4 хүнийг ойлгосонгүй. Уншиж чаддаг сэтгэл мэдрэлийн өвчтөнүүд байх.

Зочин
Зочин
1 сар 20, 2025 00:23

Хурдын дуулснаар сайн мэднэ.үг ая нь зохицсон сайхан дуу.хойчын з�##�уусаа хамга�##�саан гээд л.одоо тийм хатан зоригтон ховор байх шүү

Зочин
Зочин
1 сар 20, 2025 01:39

Баярл�##�аа! Сайхан нийтлэл болжээ.
Мааяа гуайн тухай олон зүйлийг мэдэж авлаа. Дуунууд нь их өвөрмөц, тэгсэн мартлөө гоё аялгуулаг. Их сонин гоё аялгатай хөгжмийн зохиолч, байг�##�иас төрсөн авьяастан гэж боддог. Жоохон байхад зурагтаар их гоё инээсэн, намбатай. Гоё дэгжин хувцасласан хүн гардаг байсан.

Зочин Aлтанцэцэг
Зочин Aлтанцэцэг
1 сар 20, 2025 20:00

Аргагүй сайхан төгс хүн байсан.Боловсролтой, эелдэг араншинтай өөдрөг үзэл бодолтой их дөлгөөн сайхан бүсгүй !

Зочин
Зочин
1 сар 21, 2025 07:46

Ямар гое юм уншчихав.Бат Уянга танд баярл�##�аа.Маяа гуайг дуугаао мэдэхээс өөр юмгүй байсан .Даруу дөлгөөн энэ сайхан эмэгтэйн тухай мэдлэг өгсөнд баярл�##�аа.

Ханой
Ханой
5 сар 2, 2025 13:14

Маш сайхан хүн байлаа... Жинхэнэ элит гэдэг энэ хүмүүс... нэг их гоё платье өмссөн, инээд �##�дсан эгч байлаа...

Холбоотой мэдээ

Back to top button