Хөлбөмбөгийн холбооны санхүүгийн асуудал хөндөгдөж, клубууд эсэргүүцлээ илэрхийлж байна

66 жилийн түүхтэй Монголын хөлбөмбөгийн холбоо сүүлийн хорин жилийн турш санхүүгийн асар их зөрчилдөөнтэй байсаар өнөөдөрт хүрсэн. Энэ утгаараа хөлбөмбөгийн холбооны санхүүгийн асуудал хөндөгдөж эхлээд байна. Тодруулбал, тус холбоо нь олон улсын байгууллагуудаас санхүүжилтээ авдаг бөгөөд тухайн санхүүжилт нь хаашаа орж, хэнд, хэрхэн зарцуулагддаг талаар учир битүүлэг байгаа нь олны анхаарлын татаад байгаа юм.
Энэ утгаараа өнгөрсөн сард МХХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж тайлбар мэдээлэл хийж байв. Тухайн үед тэрбээр, "Монголын Хөлбөмбөгийн Холбоо нь Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо (FIFA), Азийн Хөлбөмбөгийн Холбоо (AFC) болон Зүүн Азийн Хөлбөмбөгийн Холбоо (EAFC)-ны гишүүн гэж явдаг. Эдгээр холбоодын дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаа нь зохицуулагддаг. МХХ 2024 оны төсөвт нийт ₮10.6 тэрбумыг орлого төвлөрүүлнэ гэж баталсан. Энэ орлогын гол эх үүсвэр нь FIFA-гийн санхүүжилт.
Олон улсын холбооноос ₮4.3 тэрбумыг, Азийн хөлбөмбөгийн холбооноос ₮1.75 тэрбумыг төсөвлөсөн Манай холбоо хоёр эх үүсвэрээс санхүүждэг.
Жишээлбэл, Тайландын хөлбөмбөгийн холбоо гэхэд үйл ажиллагааныхаа зардлын 50 хувийг төрөөсөө авдаг. Харин манай холбоонд тийм дэмжлэг байдаггүй. Бидний төсөвлөсөн орлого бодит орлогоос зөрүүтэй.
Мөн FIFA-гаас ₮5.9 тэрбумыг авна гэж тооцсон ч бодит байдал дээр ₮4.5 тэрбумыг авсан. Мөн AFC-гээс ₮2.6 тэрбум гэж тооцсон ч ₮1.2 тэрбумыг авсан. Ингээд нийт зарлагын үр дүн нь ₮11.7 тэрбум бол орлого нь ₮8.4 тэрбум. Зөрүү болох ₮2.6 тэрбумыг зээлийн эх үүсвэрээс олсон. МХХ-ны санхүүжилтийн зарцуулалтын дэлгэрэнгүйг заавал танилцуулна гэж заагаагүй. Бидний ажлын гүйцэтгэл 100% биелсэн. Санхүүгийн зарцуулалт бүрэн гарсан ч ₮3.8 тэрбумын өртэй байна" гэж мэдээлсэн юм. Ерөнхийдөө МХХ олон улсын, болон азийн орнуудын хандиваар санхүүждэг болж таарсан. Гэтэл эдгээр санхүүжилтээр олгогдсон мөнгө ямарваа нэгэн тэмцээний шагнал урамшуулал болж очихгүй байгаад хөлбөмбөгийн багууд эхнээсээ дургүйцлээ илэрхийлээд байна.
Тодруулбал, Улаангом сити болон Төв азарганууд хөлбөмбөгийн клубынхан холбооноос зохион байгуулж байгаа ямар нэгэн тэмцээн уралдаанд оролцохгүй гэж мэдэгдээд байна.

Мөн Монголын хөлбөмбөгийн холбоог аврах түр хороо байгуулагдаж өчигдөр \2025.01.15\ ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд нээлттэй захидал хүргүүлжээ.

Тус нээлттэй захидалдаа,
- МХБХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн даргыг Холбооны дүрмийн 56-р зүйлийн 2 дахь заалтыг зөрчиж хөлбөмбөгийн спортод хамааралгүй мэргэжлийн зохих шаардлагыг хангаагүй хүнийг томилсон;
- Зөвлөлийн 2024 оны 12-р дугаар сарын 19-ний өдрийн 02 тоот Тогтоолын дагуу хөлбөмбөгийн орчинд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх, тус хэлэлцүүлгийг зохион байгуулах ажлыг ЕНБД Т.Дагвадоржид даалгасан боловч биелүүлж ажлаагүй
- Хөлбөмбөгийн хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрийн санхүүжилтыг шалгах Түр хороо байгуулахдаа үндсээ хариуцсан ажлаа үнэн зөвөөр хийж тайлагнаагүй, ашиг сонирхлын зөрчил бүхий хүмүүсийг томилж өөрсдийнхөө булхайг өөрсдөө шалгах нөхцлийг бүрдүүлэх ёс зүйгүй шийдвэр гаргасан гэх мэт агуулгыг багтаажээ.
Одоогоор Монголын хөлбөмбөгийн холбооноос ямар нэгэн мэдээлэл гаргаагүй байгаа бөгөөд бид энэхүү асуудлын талаар дахин мэдээлэх болно.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөл бөмбөг нь хөгжих ч үгүй. Дандаа л цавчаанууд л баяжсан. Одоо хэн нь бас идэх гээд бөөн сёнсаци болоод байгаа . Олигтой тоглох биш. Санаанаас цаашгүй