ҮСХ: Үнэт цаасны гүйлгээ өмнөх оноос 2 дахин өссөн

Үнэт цаасны зах зээлийн арилжаагаар 2024 онд 1.5 их наяд төгрөгийн гүйлгээ хийж, өмнөх оноос 752.6 (2.0 дахин) тэрбум төгрөгөөр өссөн хэмээн ҮСХ-ноос мэдээллээ.
Үнэт цаасны нийт гүйлгээний 60.2 (890.5 тэрбум төгрөг) хувь нь анхдагч зах зээлийн гүйлгээ, 39.8 (587.9 тэрбум төгрөг) хувь нь хоёрдогч зах зээлийн гүйлгээ байна. Үнэт цаасны нийт гүйлгээний 61.1 хувийг компанийн бонд, 24.2 хувийг компанийн хувьцаа, 13.9 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 0.7 хувийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх тус тус эзэлж байна.
Үнэт цаасны гүйлгээ 2024 оны 12 дугаар сард 266.3 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 190.7 (3.5 дахин) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 209.5 (4.7 дахин) тэрбум төгрөгөөр өссөн.
Арилжсан үнэт цаас 2024 онд 1.3 тэрбум ширхэгт хүрч, өмнөх оноос 154.3 (13.4%) сая ширхгээр өсжээ. Улмаар нийт арилжсан үнэт цаасны 14.8 (192.5 сая ширхэг) хувь нь анхдагч зах зээлд арилжигдсан, 85.2 (1.1 тэрбум ширхэг) хувь нь хоёрдогч зах зээлд арилжигдсан байна.
Харин арилжсан үнэт цаас 2024 оны 12 дугаар сард 201.9 сая ширхэг болж, өмнөх сараас 170.5 (6.4 дахин) сая ширхгээр, өмнөх оны мөн үеэс 127.3 (2.7 дахин) сая ширхгээр өссөн үзүүлэлттэй гарлаа.
Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх ТОП-20 дундаж индекс 2024 оны 12 дугаар сард 50277.7 нэгж болж, өмнөх сараас 983.5 нэгжээр, өмнөх оны мөн үеэс 11723.8 нэгжээр өссөн байна.
Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2024 оны 12 дугаар сард 13.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 310.0(2.4%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.4 (11.6%) их наяд төгрөгөөр өсжээ.
Зах зээлийн нийт үнэлгээний 99.8 (12.9 их наяд төгрөг) хувийг Монголын хөрөнгийн бирж, 0.2 (29.0 тэрбум төгрөг) хувийг Улаанбаатар хөрөнгийн бирж тус тус эзэлж байна.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.