Өмнөд Солонгост монгол бөхийн холбоо байгууллаа

Монголын үндэсний бөхийн холбоо Өмнөд Солонгос улсад салбараа байгуулжээ.
Тус улсад 55 мянга орчим монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа бөгөөд тэдний зарим нь өөрсдийн идэвх санаачилгаар үндэсний бөхийг хилийн чанадад таниулан сурталчилж байгаа ажээ.
Иймд бөхийн холбооны салбарыг байгуулахаар шийдвэрлэж, Удирдах зөвлөлийн даргаар Кённам аймаг дахь монгол иргэдийг дэмжих төвийн тэргүүн Н.Мөнхзаяаг, гүйцэтгэх захирлаар сумын заан Д.Ядмааг томилсон байна.
Салбарын удирдлага өнгөрсөн долоо хоногт Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжаваас тамга, гэрчилгээгээ гардаж авчээ. Монголын үндэсний бөхийн холбоо үүнээс өмнө буюу 2023 оны 10 дугаар сард Европт салбар холбоогоо байгуулж байв. Тус холбоо Женев хотод төвлөрөн Франц, Герман, Чех, Швед, Бельги, Польш, Унгар, Их Британи, Австри, Итали зэрэг орнуудад амьдран суугаа монголчуудын дунд болон гадаадын иргэдийг оролцуулан бөхийн барилдаан зохион байгуулах, гадаад оронд амьдарч байгаа хүүхэд залуучууддаа үндэсний бөхийн спортыг таниулах ажлуудыг хийж буй юм.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.