X ангийнхан хэл бичгийн шалгалт өгч, ЭЕШ шинэчлэгдэж, сурах бичгийн агуулга сайжирна

Боловсролын салбарт хэд хэдэн томоохон өөрчлөлт гарах талаар албаныхан мэдээлж байна. Шинэчлэгдэх мэдээллүүдийг багцлан хүргэж байна.
Нэгдүгээрт
Өнгөрсөн жилүүдэд ерөнхий боловсролын сургалтын агуулгад англи хэлний “Pearson” хөтөлбөр нэвтэрсэн. Энэ хичээлийн жилээс 5-7дүгээр ангийнхан англи хэлний хичээлээ 100 хувь уг хөтөлбөрийн дагуу судалж байгаа аж. Харин 2025-2026 оны хичээлийн жилд 3-9 дүгээр ангийнхан гэх мэтээр 3-12 дугаар ангийг үе шаттай энэ хөтөлбөрт хамруулахаар төлөвлөж байна. Тиймээс ирэх хичээлийн жилээс гуравдугаар ангийн сурагчдаас эхлэн англи хэлний хичээл үзэх юм. Мөн нэгдүгээр ангийн сурагчид мэдээлэл технологийн хичээл үзэж эхлэх юм.
Хоёрдугаарт
Элсэлтийн шалгалтын бүртгэл орон даяар эхэлж байна. Энэхүү шалгалттай холбоотой 2026 оноос өөрчлөгдөх байсан элсэлтийн шалгалтын журмын хэрэгжилт 2028 оныг хүртэл хойшлуулахаар болсон. Мөн аравдугаар ангид орсон хүүхэд монгол хэлний босго шалгалтыг өөрийн боломжтой хугацаандаа өгдөг байхаар шийдвэрлэсэн байна.
Арванхоёрдугаар ангийн хүүхдүүд “Монгол хэл, бичгийн шалгалт”-ыг зайлшгүй өгч, босго оноо болох 400 оноог давсан тохиолдолд их, дээд сургуульд элсэн суралцах боломж бүрддэг. Тэгвэл уг шалгалтыг аравдугаар ангиас эхлэн өгдөг болох аж.
Гуравдугаарт
Сурагчдын сурах бичгийн агуулгыг шинэчлэн найруулахаа Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлсэн юм. Мөн түүнчлэн сурах бичгийн зургийг монгол зураачдын зургаар хэвлэх юм. Ингэснээр алдаа ихтэй сурах бичгийг хэрэглээнээс халж, шинэ сурах бичгийн бага ангийханд хэрэглүүлж эхлэх юм.
Б.НОМТ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.