Нийгэм мэдээ

Монголд өдөрт ирж буй 170 мянга хүртэлх кибер халдлагаас хамгаална

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран кибер аюулгүй байдлын хүний нөөцийг чадавхжуулах техникийн хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Английн Оксфордын их сургуулийн Кибер аюулгүй байдлын чадавхын төвтэй хамтран "Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг үнэлэх" судалгааны ажлыг 2024 оны 10 дугаар сард эхлүүлж, өнөөдөр судалгааны үр дүнгээ танилцууллаа.

Тус судалгааг хийхдээ Их Британийн Засгийн газар, олон улсын байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, олон нийт, хувийн хэвшлийн болон иргэний нийгмийн байгууллагаас бүрдсэн 200 гаруй мэргэжилтнүүдийн хамтран боловсруулсан "Кибер аюулгүй байдлын чадавхыг үнэлэх загварчлал"-ыг ашигласан аж.

Бид тус судалгааны танилцуулгын хүрээнд холбогдох мэргэжилтнүүдээс дараах тодруулгыг авсан юм.

-Оксфордын Их сургуулийн кибер аюулгүй байдлын судлаач Луис Аксон: Монгол Улс Кибер аюулгүй байдлын чадавхаараа бүрэлдэн тогтож буй шатанд явж байна-

Би Оксфордын Их сургуулийн кибер аюулгүй байдлын судлаачаар ажилладаг. 2024 оны 10 сард Их Британийн Элчин сайдын яам ЦХИХХЯ, ЖАЙКА-тай хамтран Монгол Улсын кибер аюулгүй байдлын судалгааг эхлүүлсэн.

Манай Оксфордын Их сургуулийн олон улсын кибер аюулгүй байдлын чадавхын төвөөс зохион байгуулсан тухайн улсын кибер аюулгүй байдлын түвшинг тодорхойлох загвар зохиосон. Тэр загварчлалын хүрээнд Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг тогтоох судалгаагаа хийсэн. Энэ судалгаа маань тухайн улс орны кибер аюулгүй байдлын судалгаа болоод дараагийн үе шат руу шилжихэд ямар тэгүүлэх асуудлуудыг шийдэх саналыг дэвшүүлэх загварчлалтай байдаг. Энэ загварчлалыг дэлгэрүүлэх юм бол таван үндсэн хэмжүүртэй байдаг.

  1. Стандарт ба технологи
  2. Кибер аюулгүй байдлын бодлого стратеги
  3. Хууль эрх зүйн зохицуулалт
  4. Кибер аюулгүй байдлын мэдлэг чадавх
  5. Кибер аюулгүй байдлын соёл ба нийгэм

Дээрх таван үзүүлэлтээр тухайн улс орны кибер аюулгүй байдлын түвшинг тодорхойлж байгаа юм.

Бид өнгөрсөн хугацаанд хийсэн судалгааныхаа ажлыг өнөөдөр танилцуулж байна. Ингэхдээ судалгааныхаа гол гол санал зөвлөмжүүдийг салбарынхандаа танилцууллаа.

Гол санал зөвлөмжийн хувьд өнгөрсөн хугацаанд олон ахиц дэвшилттэй зүйлүүд гарсан. Тодруулбал, хууль тогтоомжууд батлагдсан байна. Хоёрдугаарт Монгол Улсын кибер аюулгүй байдлын стратеги батлагдлаа, мөн кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн болон үндэсний төвүүд үүсэн байгуулагдсан нь онцлог байлаа.

Манай байгууллагаас "Кибер аюулгүй байдлын чадавхыг үнэлэх загварчлал"-ыг боловсруулсан. Тухайн загварчлалыг тодруулбал, Эхэлж буй, Бүрэлдэн тогтож буй, Тогтворжсон, Стратегийн, Динамик гэх таван түвшнээр тодорхойлж байна. Тус үзүүлэлтээр авч үзвэл Монгол Улс бүрэлдэн тогтож буй шатанд явж байна гэж судлагдсан.

Энэ нь бодлого дүрэм журмууд цэгцэрч, салбарын байгууллагууд бүрэлдэн тогтоод, хоорондын уялдаа холбоо нь жигдрэх шатандаа явж байгааг илэрхийлж байгаа юм. Өөрөөр хэлбэл бодит байдал дээр кибер аюулгүй байдал зөрчлийн үед тухай бүрд шийдвэрлээд явах чадамжтай байна гэсэн үг юм.

Монгол Улсын хувьд кибер аюулгүй байдлын дараагийн шатандаа орохын тулд кибер аюулгүй байдлын хууль болон стратегиудыг улам төгөлдөржүүлэх, сайжруулах, шинэчлэх шаардлагатайг зөвлөж байна. Мөн кибер халдлага, зөрчилтэй тэмцэх төвүүдийн холбоо, уялдааг сайжруулах, хамтарч ажиллах хэрэгтэй. Ингэснээр өдөрт ирж буй 170 мянга хүртэлх кибер халдлагаас хамгаалагдах боломжтойг сануулж байна.

-ЦХИХХЯ-ны КАББЗГ-ын дарга Ц.Пүрэвням: Манай улс дэлхийн цахилгаан холбооноос гаргасан жагсаалтаар 193 орноос 103 дугаар эрэмбэлэгдэж байна-

Олон улсын кибер аюулгүй байдлын индекс гэж байдаг л даа. Манай улс дэлхийн цахилгаан холбооноос гаргасан жагсаалтаар 193 орноос 103 дугаар эрэмбэлэгдэж байна. Энэ нь дунд түвшин буюу бэхжиж буй түвшин гэсэн ангилалд хамаарагддаг гэсэн үг юм. ЦХИХХЯ-ны зүгээс энэ оны онцлох 10 ажлын тоонд кибер аюулгүй байдлын индексийг нэг түвшнээр буюу дэвшиж буй түвшинд хүргэхээр зорилт тавин ажиллаж байна.

Судалгааны үр дүнгээс харахад сайшаалттай болон сайжруулах шаардлагатай хэд хэдэн зүйлс ажиглагдаж буй. Үүнд манай улсын хувьд кибер гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагаа, хууль эрх зүйн хувьд тогтворжсон, сайн гэж үнэлэгдлээ. Харин хүний нөөц болоод дэд бүтэц, тоног төхөөрөмжийн хувьд шинэчлэх шаардлагатай хэмээх зөвлөмжүүд бидэнд ирээд байна. Кибер аюулгүй байдлын мэргэжилтэн гэх индекстэй мэргэжилтэн бол Монгол улсын хэмжээнд 2021 оноос ШУТИС дээр бэлтгэгдээд явж байна. Өнгөрсөн оноос энэ чиглэлээр магистрын анги нээгдсэн. Өмнө нь сургалтад суугаад мэргэшдэг байсан бол өдгөө мэргэжилтэн бэлтгэгдэж байна гэсэн үг.

Мэдээллийн аюулгүй байдлыг хамгаална гэдэг ганц төрийн ажил биш, бүх нийтээрээ хамтарч сайжруулах шаардлагатай салбар болчихлоо.

-КХЗТНТ-ийн захирал С.Жавхлан: 2024 оны жилийн эцсийн байдлаар манай орон кибер аюулгүй байдлын индексээр 56 оноотой буюу дөнгөж бэхжиж буй түвшинд үнэлэгдсэн-

2024 оны жилийн эцсийн байдлаар манай орон кибер аюулгүй байдлын индексээр 56 оноотой буюу дөнгөж бэхжиж буй түвшинд үнэлэгдсэн. Дэлхийн цахилгаан холбооны байгууллагаас 1-100 хүртэлх оноогоор үнэлээд таван хэсэгт хуваан авч үздэг л дээ. Манай Улсын хувьд тухайн үзүүлэлтээр доороосоо хоёрт явж байна гэсэн үг юм.

Иймд бид энэ ондоо нэг шатаар дээш ахих буюу дэвшиж буй түвшинд шилжих төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Одоо танилцуулагдаж буй судалгааг цаашид хэрхэн үргэлжлүүлэх болон энэ өрсөлдөөнийг хэрхэн хангах тал дээр Оксфордын их сургуулийн гаргасан судалгаа том хувь нэмэр болох байх гэж бодож байна.

-ЖАЙКА-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ: Их дээд сургуулиудын багш нарын чадвар энгийн иргэдийн кибер аюулгүй байдлын талаарх мэдлэгийн сайжруулах функц дээр хамтран ажиллаж байгаа-

Монгол улсын одоогийн кибер аюулгүй байдлын судалгаагаар тодорхой болж байна. ЖАЙКА-гийн зүгээс Монгол Улсын Засгийн газраас төсөл хэрэгжүүлэх хүсэлт авсны үндсэн дээр кибер аюулгүй байдлын хүний нөөцийг бэхжүүлэх төслийг 2023 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн юм.

Тус судалгааны хүрээнд их дээд сургуулиудын багш нарын мэдлэг чадварыг дээшлүүлэх, сургалтын хөтөлбөрийг сайжруулах, мөн энгийн иргэдийн кибер аюулгүй байдлын талаарх мэдлэгийн сайжруулах функц дээр хамтран ажиллаж байгаа. Энэ судалгааны үр дүн гарсны дараагаар ямар байдлаар хамтарч ажиллах чиг шугам тодорхой болох байх гэж бодож байна.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 19, 2025 23:00

Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich shorongiin horidol

Холбоотой мэдээ

Back to top button