Нийгэм мэдээ

2500 орчим ажлын байрыг шинээр бий болгоно

Зам, тээврийн яам нь Монгол Улсад машин үйлдвэрлэлийн салбар, металл үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний цаашид өсөн нэмэгдэх хэрэгцээнд тулгуурлан Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилтыг хангах хүрээнд байгаль орчинд сөрөг нөлөө багатай, аюулгүй, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэн нутагшуулж, нэмүү өртөг шингэсэн импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Эрдэнэт Машин” цогцолбор үйлдвэр байгуулахаар төслийн ТЭЗҮ-ийг боловсруулан батлуулаад байна.

Тус үйлдвэрийг байгуулбал 2500 орчим ажлын байр шинээр бий болох судалгаа гарчээ.

Үйлдвэрийн бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт татах, хамтран ажиллах санал тавьж, мэдээлэл өгөх зорилгоор, "Эрдэнэт машин цогцолбор үйлдвэр-2025" форумыг зохион байгуулж байна. Форумд ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын захирал Г.Ёндон, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од тэргүүтэй төлөөлөгчид болон 40 гаруй аж ахуйн нэгжүүд оролцож байна.

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд форумыг нээж үг хэлэхдээ "Бид 2023 онд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т Монголд төмөрлөг машин механизмын үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санал тавьсныг Эрдэнэт үйлдвэрийн зүгээс талархан хүлээн авсан. Өнөөдрийн байдлаар Монголд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 230 орчим төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд байдаг. Тэдний уялдаа холбоог хангаж, дундын зуучийн үүрэг гүйцэтгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бид олборлогч улсаас эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна" хэмээн онцоллоо.

Мөн "Монгол Улсын машин механизмын үйлдвэрлэлийн үндэс суурийг тавих өндөр амбицтай ажиллаж байна гэж Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал Г.Ёндон хэлсэн үгэндээ онцоллоо.

Тус цогцолборыг 1217 га газарт байгуулах бөгөөд 36 сарын хугацаанд бүтээн байгуулалтыг өрнүүлж ашиглалтад оруулна гэж тооцжээ.

Үйлдвэрийн хүчин чадлыг жилд 500 ширхэг ачааны хагас вагон үйлдвэрлэх, бүрэн угсрах загвараар (CKD) жилд 500 ширхэг төрөл бүрийн автобус үйлдвэрлэх, 1-10 тонн даацтай жилд 10,000 ширхэг ачааны автомашин үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button