Т.Баярхүү: Цасгүй нутгуудаар гал түймэр гарах өндөр эрсдэлтэй байна

Онцгой Байдлын Ерөнхий Газраас ой, хээрийн түймэр болон цаг агаарын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2025-03-25/-нд мэдээлэл өглөө.
Цаг агаарын нөхцөл байдлын талаар УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү “Сүүлийн 24 цагт ой хээрийн түймрийн тав, шар өвс шатсан зургаан дуудлага мэдээллээр ажиллаж, унтраасан. Улсын хэмжээнд 2021-2024 онуудад гарсан ой, хээрийн гал түймрийн 49.8 хувь нь зүүн бүсийн аймгуудад тохиолдсон. Сүүлийн өдрүүдэд ой, хээрийн түймрийн дуудлага эрс нэмэгдлээ.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу гуравдугаар сарын 24-өөс эхлэн ихэнх нутгаар хүйтэрч, 25-26-нд ихэнх нутгийг хамран хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна” хэмээлээ.
Мөн ой хээрийн түймрийн талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр “Улсын хэмжээнд 2025 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн байдлаар нийт найман аймгийн 20 суманд 28 удаагийн ой, хээрийн гал түймэр гарсан.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт, Жаргалант, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Булган аймгийн Сэлэнгэ, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд зургаан удаагийн ой хээрийн түймэр гарсан.
Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 887 га, хээрийн 1,390,761 га хээрийн талбай, 39 гэр, 15 сууц, чингэлэг, зургаан автомашин, 11 мотоцикл, 75 малын хашаа, 27 өвөлжөө, 40 хаваржаа, 6,937 бог, 569 бод мал, 7,230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртсөн байна.
Гарч байгаа түймрийн шалтгаан нөхцөлүүдийг тогтоохоор холбогдох байгууллагын алба хаагчид ажиллаж байна. Хаврын хуурайшилт эхэлсэнтэй холбогдуулан ой, хээрийн түймрийн тоо эрс нэмэгдэж байгаа тул иргэн бүр сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Салхи шуурга ихтэй, хаврын хуурайшилттай улиралд түймрийн эрсдэлтэй бүс нутагт зорчих, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж аюулаас урьдчилан сэргийлэхэд онцгойлон анхаарна уу. Хүчтэй салхи шуургатай үед гал гарч, хүний амьдралд нөлөөлж болохуйц том хэмжээний гамшиг үүсэх магадлалтай байдаг” гэлээ.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.