УЛС ТӨР

Нэг дороос I П.Сайнзориг: Цогоо дарга аа хуулиа уншъя. Тогтолцоог тэр чигт нь нураах хуулийн төсөл оруулж ирлээ

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.


НЭМЭЛТ: 14:50 цаг

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдтэй холбоотойгоор гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Хууль тогтоомжийн тухай хууль бол уг нь их чухал хууль. Мэдээж энэ асуудал дээр сайжруулах зүйл байгаа боловч өнөөдрийн өргөн барьсан энэ төслийг дэмжих боломжгүй байна. Учир нь энд хууль тогтоомжийн тухай хуульд тусгагдах биш. Илүү захиргааны ерөнхий хуульд тусгагдах асуудлууд ийшээ орж ирсэн байна. Энэ нь цаашдаа эрх зүйн том гажуудлыг үүсгэх үр дагавартай. Гишүүд үүнийг анхаараасай гэж хүсэж байна.

Жишээлбэл, Хууль тогтоомжийн тухай хуулийг 1.1 дүгээр зүйл дээр байгаа 27.1.2 хэсэгт: Захиргааны хэмжээний акт батлах эрх олгосон зохицуулалтад дараах асуудлыг тусгахгүй гэсэн байна. Ийм зүйлүүдийг муйхраар ийм хатуу хийх юм бол энэ хуулиар өдөр тутмын уяан хатан байх, эрх мэдлийг задалж тодорхой эрх шилжүүлэх харилцаанууд зогсох гэж байна.

Мөн Замын хөдөлгөөний дүрэм байна. Энэ бол захиргааны ерөнхий хууль. Захиргааны хууль иргэдийн эрхийг шууд хязгаарладаг заалтууд ихтэй. Үүнийг яаж зохицуулах юм. Энэ заалтын цаана малын хөлийн татвар, эмийн жорын асуудлыг УИХ хэлэлцэх ийм зүйлс руу энэ хууль хэлбийж орж ирсэн байна.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Энд тийм асуудал ерөөсөө байхгүй. Тэр хуулийн үзэл баримтлалаа үзээч ээ. Энэ хууль зөвхөн хууль боловсруулах процесстой холбоотой болохоор цаана нь зохицуулагдсан Засаг захиргаа, нэгжийн бүх хуулийг хөндөөгүй. Бид байгаа хуулийг оролдож чадахгүй шүү дээ. Яг үнэнийг хэлэхэд энэ заалтыг 2023 онд Хууль зүйн яам боловсруулж байсан юм байна лээ. Танай боловсруулж байсан гэсэн үг. Үүнийг бид одоо ашиглаж байгаа.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Нэгдүгээрт Хууль зүйн яамнаас авсан гэж байгааг зүйлийг чинь мэдэхгүй байна. Хоёрдугаарт, Д.Цогтбаатар дарга аа хуулиа уншъя. Би энд бичигдсэн заалтыг чинь хэлээд байна шүү дээ. Асуудлыг тусгахгүй гэчхээд татвар хураамжийн төлбөрийг тогтоосон харилцаа гэдэг чинь орон нутагт тогтоосон бүх татвар, хураамжийг шинэчлэх гээд байна. Энэ УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг ингэж хязгаарлаад байж болох юм уу.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Та их гоё ярьж байна. Амьдрал дээрээ танай яамны хийсэн судалгаагаар, танай ярьсан зүйлээр хуулийн төсөл бэлтгэсэн. Танайхаас авсан бичгийг бид гаргаад ярьж байна. Нөгөө талаас энэ улсад журам зохицуулдаг болчихжээ гэдэг яриа танайхаас гарсан. Бид тэдгээр журмуудыг л цааш гаргахгүй байх асуудлыг хуулийн төсөлд тусгаад байгаа.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Гишүүд төсвөө батлах эрхгүй боллоо. Яг Засгийн газраас орж ирснээр нь батлахаас өөр замгүй боллоо. Дагалдуулаад өөр хуулийн төсөл орж ирэх боломжгүй боллоо. Энэ чинь төсвийн хэмнэлтийг хийе гээд нэг хууль хийж болно. Төсвийн орлого нэмэгдүүлье гээд бусад хуульд өөрчлөлт оруулж болох зүйлийг үүгээр хаагаад байгаа юм аа Цогоо дарга аа. Би тантай челленж хийгээд байгаа юм биш. Энэ зүйлүүдийг засаж болох юм уу гээд байгаа юм. Энэ бол журамтай тэмцэх биш. Монгол Улсын хуулийн тогтолцоог тэр чигт нь нураах хуулийн төсөл орж ирж байгаа шүү. Гишүүд үүнийг дэмжиж болохгүй гэдэг зүйлийг би хэлмээр байна.  


НЭМЭЛТ: 13:00 цаг

-УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа-

Зургийг Б.Эрдэнэбаяр

УИХ-ын чуулганы хуралдаан завсарлалаа.

Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлт /Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/ байнгын хорооны саналыг дэмжих эсэхийг хэлэлцэж, гурван гишүүн үг хэллээ. Гэвч гишүүдийн ирц хангалтгүй байсан тул санал хураалтыг хойшлууллаа.

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүний өргөн мэдүүлсэн. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг танилцууллаа. Улмаар уг асуудалтай холбогдуулан 15 гишүүн үг хэлэхээр боллоо.

Ингээд 13:00 цаг болсон учир УИХ-ын удээс өмнөх чуулган завсарлалаа.

НЭМЭЛТ: 12:10 цаг

-З.Дашдавааг АТГ-ын даргаар улираан томилох Ерөнхий сайдын саналыг УИХ дэмжлээ-

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр.

Байнгын хорооны саналаар АТГ-ын даргыг улируулан томилох тухай УИХ-ын тогтоолын төслийн баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулж, 93 гишүүн дэмжиж 74.1 хувиар санал дэмжигдлээ. Ингээд тогтоолын төсөл батлагдлаа.


НЭМЭЛТ: 11:05 цаг

-Ө.Шижир: ХҮН намнийт сонгуулийн санхүүжилтийнхээ 98 хувийг нэг компаниас авсан байна-

УИХ-ын гишүүн Ө.Шижир:

-Авлигал бол шударга бус байдал, төрд хэт их эрх мэдэл төвлөрснөөс мөн баялгийн шударга бус хуваарилалтаас эхэлдэг гэж боддог. Тийм учраас Авлигатай тэмцэх газар соён гэгээрүүлэх үүргээ илүү ухамсарлаж ажиллаасай гэж хүсэж байна.

2016, 2020,2024 оны УИХ-ын сонгуулийг угтаж улсын төсвүүдийн тэлэлт, арилжааны банкуудаас гарч байгаа бэлэн мөнгөний гаралт 6-8 дахин өсдөг статистик судалгаа байна. Энэ нь Улс төрийн сонгууль мөнгөнөөс маш их хамааралтай болдог гэдгийг харуулж байна. АТГ-ын дарга энэ асуудал дээр анхаарч ажиллаасай гэж хүсэж байна.

Улс төрийн намын санхүүжилтийг ярих ёстой. Үүнийг би хуульчилсан авлигал гэж харж байгаа. Нэг жишээ хэлэхэд Их хурал болон Засгийн газар суудалтай ХҮН нам нэг тэрбум 85 сая төгрөгийг сонгуулийн хандиваар авсан байна. Үүний нэг тэрбум 45 сая төгрөгийг зөвхөн нэг компанийн хамаарал бүхий 37 охин компаниас авсан байна. Өөрөөр хэлбэл, нийт сонгуулийн санхүүжилтийнхээ 98 хувийг нэг компаниас авсан байна. Энэ бол хуульчилсан авлигал. Ийм заваан жишээ дэлхийн түүхэнд байхгүй. Та нар дэлхийн улс төрийн сонгууль, сонгуулийн улс төрийн санхүүжилтийг судлаад үзээрэй. Тиймээс АТГ улс төрийн намын санхүүжилтэд маш сайн анхаарч ажиллаарай гэж хэлмээр байна.

НЭМЭЛТ: 11:00 цаг

-З.Дашдаваа: О.Алтангэрэл сайдын хөрөнгө хураана гэдэг санаачлагыг АТГ дэмжих боломжгүй гэдэг байр суурь илэрхийлсэн-

АТГ-ын дарга З.Дашдаваагаас УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Нэр дэвшигчийг дэмжиж байна. Туршлагатай, ажлаа юунаас хийж, яаж үргэлжлүүлэхээ мэдэж байгаа. Авилгын индексээр зарим гишүүд баалаад байх шиг байна. Авилгын индекс өөрөө эдийн засагт төрийн оролцоо хэр байгаагаар л гарч ирдэг юм. Өнөөдөр төрд ажиллаж байгаа хүний тоо болон ТӨК-иудад ажиллаж байгаа хүний тоо 350 мянга болсон байна. Ажил хийх насны 4 хүн тутмын 1 нь өнөөдөр төрд ажиллаж байна. Улсын төсөв болон ТӨК-иудын төсөв гээд нийлэх юм бол 2 төгрөг тутмын 1 нь төрөөс хамааралтай. ТӨК-иудын худалдан авалт, улсын төсвөөр хийгдэж байгаа худалдан авалтаас 10 дахин их байгаа. Ийм нөхцөл байдалд авилга буурах ямар ч боломж байхгүй. Энэ бол авилгын хөрс. АТГ бол үр дагавартай нь л тэмцдэг газар. Авилгачдын хөрөнгийг хураана гээд Хууль зүйн сайд нь яриад яваад байх юм. Энэ ямар учиртай юм. АТГ-ын даргаас асуумаар байна. Хураана гээд байгаа нь хуулиа уншаагүй юм уу, попроод байгаа юм уу. Мөн төрийн өндөр албан тушаалтны хэргийг АТГ шалгадаг л даа. Ерөнхийлөгч байхдаа юм уу, стратегийн ордыг оффшор дансаар дамжуулаад зарчихсан гэдэг мэдээ харлаа. 50 сая төгрөгийг татвараас бултуулбал эрүүгийн хэрэг үүсдэг. Оффшороор дамжуулна гэдэг татвараас зугтааж байгаа хэлбэр. 300-350 тэрбумын асуудал байгааг шалгасан юм уу, шалгаагүй юм уу. Тодорхой хариу авъя.

АТГ-ын дарга З.Дашдаваа: Эрүүгийн хууль тогтоомжид үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг агуулга бий. Нийтийн албан тушаалтан үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудлыг манай байгууллага өнөөдөр хуулийн хүрээнд шалгаж байна. О.Алтангэрэл сайдын өргөн барьж байгаа хуульд 2002 оноос хойш төрийн алба хашиж байгаа, хөрөнгөжсөн хүмүүсийг шалгана гэдэг асуудал тавьж байгаа. Одоо албан тушаал хашиж байгаа хүмүүсийн хөрөнгийн асуудлыг АТГ шалгаж байгаа. Үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудлыг бусад хуулийн байгууллагууд хамтарч шалгах нь зөв гээд явж байгаа. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хууль тогтоомжийн хүрээнд үзэл санаагаа бид хэрэгжүүлээд явж байгаа учраас манай байгууллагын зүгээс дэмжих боломжгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн байгаа. Шүүхээр гэм буруу нь тогтоогдсон тохиолдолд хүний эд хөрөнгөд халдана. 2015 оноос хэрэгжиж байгаа хуульд эд хөрөнгө хураах ял байхгүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг төлүүлдэг. Хэвлэлээр гараад байгаа асуудлыг шалгаж, тусгайлан хариу өгье.

НЭМЭЛТ: 10:40 цаг

Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох шийдвэр гаргасныг өнөөдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:

-АТГ-ын даргад нэр дэвшиж байгаа эрхмээс асуулт асууя. Хэн нэгэн сайд аль нэг компаниас хандив авчхаад Засгийн газар нь тухайн компанийн хууль бус үйлдлийг илрүүлээд УИХ руу өргөн барьж байгаа үед хандив авсан компанийн талд, эрх ашигт нь үйлчилбэл энэ танай харьяалалд шалгагдах асуудал мөн үү. Хууль зөрчиж байгаа асуудал мөн үү гэж асуумаар байна.

Ерөнхий сайдад хандаж хэлэх үг байна. Сая Хөх монголын хөх туг гэдэг аянаар 21 аймаг тойроод ирсэн. 21 аймаг бол Хамтарсан Засгийн газрыг улс орон, үндэсний эв нэгдэлд нийцсэн. Үндэсний эрх ашгийг ханган ажиллах ёстой гэдэг дээр санал нэг байна. Хамгийн гол нь шударга ёс тогтоох ёстой. Иргэд ядуу байгаа, ажлын байргүй байгаа нь шударга бус байдлаас авлига их байгаагаас шалтгаалсан гэж үзэж байгаа юм. Тэгэхээр таны авлигатай хийх тэмцэлд итгэж улс орны хэмжээнд явах мега төслүүдийг урагшлуулах гэж бид энэ Засгийн газрыг байгуулсан. Хамтран ажиллаж байгаа. Засгаас оруулж ирсэн хуулийн төслүүдийг аль болох дэмжиж байгаа. Энержи ресурс ХХК-иас Ухаа худгийг Засгийн газрын тэмдэглэлээр хууль бусаар авсан гэж та өөрөө мэдэгдсэн. Хууль зүйн сайд бас мэдэгдсэн. Энэ асуудлыг яаралтай УИХ руу өргөн барьж оруулж ирээч. Энэ тэмцлээсээ ухарч, няцаж болохгүй. Тэмцэлээсээ ухрахгүй учраас өнөөдөр 6 жил ажилласан АТГ-ын даргыг улираан томилох саналыг УИХ-д оруулж ирж байгаа байх гэж бодож байна. Бас эрх ашгийн, санхүүгийн зөрчилтэй зарим сайд нарын үйлдэл хэрээс хэтэрч байгаа. Энэ асуудлаа та эргэж хараарай. Авлигатай тэмцэх ажлаасаа битгий ухраарай. АТГ-ын даргыг дэмжээд өгье.

АТГ-ын дарга З.Дашдаваа:

-Гишүүний асуусан тодорхой асуудлыг манай байгууллага хууль дүрмийн дагуу шалгаж, тогтоож байж ашиг сонирхлын зөрчил бий эсэх, гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх асуудлыг шалгаж байж хариу өгөх боломжтой. Одоогоор шууд хариулах боломжгүй байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Өнөөдөр бидний авлигатай хийх тэмцэл хүмүүс дээр буюу мөрдөх байгууллагын түвшинд нэлээд асуудал боллоо. Энэ шүүхийн түвшинд бүтэн шийдэгдэхгүй байна. Дээрээс нь авлигал дээр асуудал үүссэн хүмүүс дээр өнгөрсөн хугацаанд нэлээдгүй асуудал яригдлаа. Хөрс суурийг нь бэлдэх ёстой юм биш үү гэж ярьж байна. Санал нэг байна. Сүүлийн үед бид эдийн засаг өслөө. Гэхдээ хоосон тоо юм биш үү. Өрх рүү орохгүй байгаа юм биш үү гэж яриад байгаа. Үүнтэй ч санал нэг байна. Гэхдээ тоо байхгүй байхад хүртээмж ярих боломжгүй байдаг. Өнөөдөр авлигатай хийх тэмцэл бүтэн үр дүнд хүрсэн үгүй зэрэг асуудлыг ярьж байна гэдэг бол сайн дэвшил. Бид есөөрөө авлигатай холбоотой асуудлыг ярьдаггүй байсан. Сүүлийн 3-4 жил л энэ асуудлыг яригдаж, сонсгол хийгдэж бүх нийтээрэй авлигатай холбоотой асуудлыг ярьж хэлж байгаа болохоор биш өмнө нь тийм байгаагүй. З.Дашдаваа даргыг оруулж ирж байгаа шалтгаан ч тэр. Тэр энэ байгууллагыг амь оруулсан. Авлига гэдэг асуудал нийгмийн асуудал болсон. Бид бүх нийтээрэй хөгжлийн банкны хулгайгаас эхлээд олон асуудлыг УИХ-д оруулж ярьсан. Хууль эрх зүйн байдалд нь өөрчлөлт оруулсан. Тиймээс хийгдээд эхлүүлсэн ажлаа дуусгах нь зүйтэй юм гэдэг өнцгөөс миний хувьд З.Дашдавааг оруулж ирж байгаа юм. Анх миний хувьд дэвшүүлэн гаргаж тавьж байсан байгалийн баялагтай холбоотой асуудал. Энэ өнгөрсөн 30-аад жилд яагаад орлогын тэгш бус байдал үүссэн бэ гэдэгтэй холбоотой асуудал. Би эдгээр асуудлаас нэг алхам ч ухрахгүй. Энэ бол миний амьдралын философи болохоос биш албан тушаалаар ажил хийж байгаа зүйл огт биш. Тиймээс энэ дээр санаа зоволтгүй. Харин асуудлуудыг хуулийн түвшинд яаж богино хугацаанд шийдвэрлэж болох вэ гэдэг нь чухал. Явж ирсэн буруу асуудлуудыг системтэйгээр засна. Засаж ч байгаа. Нэлээд үр дүн гарсан байгаа. АТГ 2022 он гэхэд 2.3 их наяд төгрөгийг буцаж улсад төвлөрүүлсэн байна.


НЭМЭЛТ: 10:20 цаг

-О.Цогтгэрэл: Авилгатай хийх тэмцэл чинь дээшээ зөөлөн, доошоо хатуу байна. Засаг дарга хийх хүн олдохоо болилоо-

Зургийг Б.Эрдэнэбаяр

УИХ-ын гишүүдийн зүгээс АТГ-ын даргын томилгоотой холбоотойгоор саналаа хэлж, асуулт асууж хариулт авч байна.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл

“Авилгатай хийх тэмцэл чинь дээшээ зөөлөн, доошоо хатуу байна. Би өөрийн мэдэх жишээг хэлье, Увс аймгийн Өлгий, Завхан, Өмнөговь сумын бүх дарга нар нь шоронд орчихсон. Яасан гэхээр, Эрүүгийн хуулийн 22.1 заалтаар аваагүй гэдэг нь хуулийн байгууллагаар тогтоогдсон байхад 300 мянган төгрөгийн хэрэгт холбогдоод, яасан ч хурдан хэрэг нь шийдэгддэг юм. Өнөөдөр засаг дарга хийх хүн олдохгүй байна. Ийм ялтай ажил хийхгүй гээд. Авилгын хууль доошоо ийм хатуу. Хатуу байдаг бол бүгдэд л хатуу байх хэрэгтэй. Ард түмэн ч ийм ялгамжтай байдалд дургүй байгаа болов уу" гэв.

НЭМЭЛТ: 10:10 цаг

-Биржийн тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэхийг дэмжлээ-

Зургийг Б.Эрдэнэбаяр

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэхээр санал хураалт явуулж, гишүүдийн олонх дэмжив. Ийнхүү Эдийн засгийн байнгын хороонд тус хуулийн төслийг шилжүүлэв. Үргэлжлүүлэн “Авлигатай тэмцэх газрын даргыг улируулан томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

ЭХЛЭЛ: 09:00 цаг

-АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох Ерөнхий сайдын шийдвэрийг чуулганаар хэлэлцэнэ-

Зургийн эвлүүлэг ашиглав

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай бөгөөд эхэнд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлт /Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэх товтой байна. Мөн Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд АТГ-ын дарга З.Дашдавааг улираан томилох шийдвэр гаргасныг өчигдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн бөгөөд өнөөдөр чуулганы хуралдаанаар хэлэлцэх юм.

Мөн дараах,

-Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

-“Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/-ийг хэлэлцэх аж.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 3, 2025 11:26

Энэ бүтэхгүйээ бөлдөгдүүлжээ

Зочин
Зочин
4 сар 3, 2025 11:46

Новшоо луйврын хөрөнгийг нь хураах ёстой. Алтангэрэл сайдын хуулийг хурдан батлах ёстой

Зочин
Зочин
4 сар 3, 2025 14:14

Авилг�##�чдын хөрөнгийг хурааж болохгүй юм уу

Зочин
Зочин
4 сар 3, 2025 16:45

Пороро под под

7060
7060
4 сар 3, 2025 17:37

Пороро Б.Энхбаяр мэт л МАН-аас ам ангайдаг бусад нь суганууд уу

Зочин
Зочин
4 сар 3, 2025 19:15

Хүрэлсүх Оюун эрдэнэ хоёртой үзэж тарж байна даа энэ хятад

Монголын иргэн
Монголын иргэн
4 сар 4, 2025 09:54

БАЯЛАГ ИХТЭЙ ҮЗЭГСЛЭНТ МОНГОЛ УЛС МААНЬ ТАМЫН ЕРТӨНЦ БОЛОЖ ХУВИРЛАА УЛС ТӨРЧ, ШУНАГ ДАРГА НАРАА!!!
АРД ТҮМЭН БИД ТА НАРЫГ ТЭЖЭЭЖ ТАНСАГЛУУЛАХ ГЭЖ ХӨДӨЛМӨРЛӨЖ! ХОНОГ ЗОГООН, ТУРЖ ЭЦЭЖ, ӨЛБӨЧ БАЙНА!
ЦАГДАА ХҮЧНИЙХАН НЬ ТА НАРЫН НЭР ТӨР, ЭД ХӨРӨНГИЙГ ХАМГААЛАХ ГЭЖ , ХҮНИЙ АМЬДРАЛ ҮЗЭХГҮЙ ҮР ХҮХЭД, ОРОН ГЭРТЭЭЧ ОЧИХ ЗАВГҮЙ ЗОЛБИРЧ БАЙНА!
ДАНХАР ТӨРӨӨ ЦОМОХТГОЖ!
МОНГОЛ УЛСЫН ИРГЭД БИДЭНД АЖИЛЛАЖ АМЬДРАХ, ҮРЖЭЖ ӨСӨХ БОЛОМЖ ОЛОГООЧ!
МӨРГӨН ГУЙЯА!!!

Холбоотой мэдээ

Back to top button