Шүүхийн тухай хуулийн 47.6 дахь хэсэг Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн дүгнэлтийг хүлээн авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “… Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.” гэж заасныг Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн бөгөөд Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн дүгнэлтийг хүлээн авлаа.
Үндсэн хуулийн Цэц Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “… Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… шударга ёс, … хууль дээдлэх … нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … нас …-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс … нийгэм, хууль зүйн … баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.