Трампын тогтворгүй бодлогын улмаас эдийн засгийн уналтын эрсдэл нэмэгдэж байна

Сүүлийн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын явуулсан тогтворгүй бодлогын улмаас үүссэн санхүүгийн ертөнцийн үймээн самуун саарах шинж баасан гарагт /2025.04.11/ үзэгдсэнгүй. Баасан гарагт санхүүгийн ертөнц үргэлжлүүлэн донсолж, АНУ болно БНХАУ-ын худалдааны дайн үргэлжлүүлэн хурцдав. Трамп БНХАУ-д ногдуулах гаалийн татвараа нэмсэнд Бээжин хариу барихдаа АНУ-д бараанд тавих тарифаа 125 болгож өсгөсөн.
Трамп лхагва гарагт /2025.04.09/ ихэнх улсад оноосон хариу татвараа 90 хоногоор хойшлуулах болсны дараа санхүүгийн зах зээлүүд тодорхой хэмжээнд өссөн. Гэвч тэрхүү өсөлт удалгүй уналт болон хувирч пүрэв болон баасан гарагт АНУ, Азийн хөрөнгийн зах зээлүүд сөрөг үзүүлэлттэй байлаа.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент пүрэв гарагт /2024.04.10/ мэдэгдэл хийхдээ 75 гаруй улс хэлэлцэх хүслээ илэрхийлсэн хэмээж хүмүүсийг тайвшруулахыг оролджээ. Трамп өөрөө дэлхийн хоёр дахь хамгийн том эдийн засаг болох БНХАУ-тай хэлэлцээ хийнэ гэж найдаж буйгаа илэрхийлсэн.
Лхагва гарагт Трамп ихэнх оронд ногдуулсан тарифыг хойшлуулсан гол шалтгаан нь АНУ-ын засгийн газрын бондыг хөрөнгө оруулагчид ихээр зарж эхэлсэн явдал юм. Хөрөнгө оруулагчид бондоо зарах нь баасан гарагт эрчимжжээ. Үүнтэй зэрэгцэн хөрөнгө оруулагчид найдвартай капитал гэж үздэг алтны үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрэв.
“Janus Henderson” хөрөнгө оруулалтын сангийн олон төрлийн актив хариуцсан тэргүүн Адам Хеттс “Эдийн засгийн уналтын эрсдэл хэдхэн долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад одоо хамаагүй өндөр байна” гэжээ. Харин АНУ-ын Сангийн сайд Бессент санхүүгийн зах зээлд үүсээд буй үймээнийг үл хайхарч, улс орнуудтай хийх хэлэлцээ нь тодорхой байдлыг авчирна хэмээсэн юм.
Худалдааны дайны нөхцөл байдал хурцадмал хэвээр байгаа тул “Goldman Sachs” банк АНУ-ын эдийн засаг уналтад орох магадлалыг 45 хувь гэж үзэж байна. АНУ-ын эдийн засаг уналтад орох нь дэлхийн санхүүгийн зах зээлд ихээхэн сөрөг нөлөө үзүүлнэ. Учир нь АНУ бол дэлхийн хамгийн том хэрэглэгчийн зах зээл үндэстэн дамнасан хамгийн том компаниуд тус улсад төвтэй. 2008 оны дэлхийн эдийн засгийн хямрал АНУ-ын үл хөдлөхийн салбар нуран унаснаас эхтэй билээ.
Трамп тарифаа хойшлуулснаас үзэгдсэн нэг эерэг зүйл нь Европын холбоо эхний ээлжийн хариу гаалийн татвараа түр зогсооно гэж мэдэгдсэн явдал байв. Тус холбоо АНУ-тай хэлэлцэх боломж гаргах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп