Туркийн шүүх Истанбулын дарга Экрем Имамоглуг суллахаас татгалзлаа

Туркийн шүүх даваа гарагт /2025.04.14/ Истанбулын дарга Экрем Имамоглуг суллахаас татгалзсан байна. Имамоглугийн өмгөөлөгч нар авлигын хэргийн шүүх хурал дуусахаас өмнө түүнийг хорих ангиас суллах хүсэлт гаргасныг Истанбулын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн аваагүй юм.
Имамоглу бол Туркийг 20 гаруй жил удирдсан Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы гол өрсөлдөгч. Түүнийг цагдаа нар авлига, терроризмын хэрэгт буруутган гуравдугаар сарын 19-нд баривчилсан. Имамоглу 2028 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх төлөвтэй байсан. Туркт ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд их сургуулийн дипломтой байх ёстой. Имамоглуг баривчлахаас өмнө Истанбулын их сургууль түүний дипломыг хүчингүй болгосон.
Түүнийг баривчлагдсаны дараа Туркт сүүлийн арав гаруй жил гараагүй томоохон жагсаал болж, цагдаа нар жагсаалд оролцсон хоёр мянга гаруй хүнийг баривчилсан байгаа. Имамоглуг баривчилсныг олон нийт улс төрийн зорилготой гэж үзэж буй. Харин Туркийн засгийн газар мэдэгдэл хийхдээ шүүх нь бие даасан, улс төрийн хөндлөнгийн оролцоогүйгээр үйл ажиллагаа явуулдаг хэмээсэн байна.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.