НИЙГЭМУЛС ТӨР

Т.Батцогт: Гүйцэтгэх албан тушаалд хяналт тавих үүрэгтэй төлөөлөгчид өөрсдөө байгууллагын удирдлагаар томилогдчихсон

Нийслэлийн АН-ын дарга, НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогттой нийслэлийн бүтээн байгуулалт, томилгоотой холбоотой асуудлаар ярилцлаа.

-НИТХ-ын төлөөлөгчийн үүргээ биелүүлж байна уу. Танай намынхан нийслэлийн ажилд хэр оролцож байна. Мөрийн хөтөлбөрт тусгасан ажлуудаа хэрэгжүүлж байгаа юу?

-НИТХ сард хоёр удаа хуралдаж байгаа. Хуралдаан болгоны өмнө бүлэг хуралдаж байна. Бид бүлгийн хурал дээр асуудлаа ярьж, дүгнэлт гаргадаг. Нэгдсэн хуралдаанд ороод төлөөлөгчид маань өөр өөрсдийн байр суурийг илэрхийлээд явж байгаа. Сонгогдсон төлөөлөгч гэдэг бол засагт хяналт тавих, болж бүтэхгүй байгаа зүйлс дээр иргэдээ төлөөлж санал хэлэх, дуу хоолойгоо хүргэх үндсэн үүрэгтэй. Энэ ажлаа манай намын төлөөлөгчид хийгээд явж байгаа. Нийслэлийн том төслүүдийн хувьд мөн ялгаагүй оролцоогоо чадахаараа хангаж байна.

2024-2028 он хотын даргын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр гэж НИТХ хоёрдугаар хуралдаанаар баталсан. Энэ хүрээнд хотын хэмжээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хэд хэдэн том төсөл зарласан. Тус төслүүд дээр Засгийн газар бас бодитой дэмжлэг үзүүлж байна. АН-ын хувьд УИХ, Засгийн газрын хэмжээнд хамтарч улсынхаа хөгжлийн төлөө томоохон төсөл хөтөлбөрүүдийг дэмжин ажиллаж байгаа. Харин нийслэлийн хэмжээнд АН-ын мөрийн хөтөлбөрт тодорхой туссан ажлуудаа ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх боломжтой гэж үзээд хөтөлбөрт тусгаад явж байгаа. Одоогоор хотын хоёр, гурван байршил дээр төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх зорилготой томилгоонууд хийгээд байна.

-Манай төлөөлөгчид нийслэлийн ажлыг мянга эсэргүүцээд, сөргөцөлдөөд ямар ч үр дүнгүй-

-АН-ын төлөөлөгчдөөс нийслэлд хэрэгжүүлэх томоохон 14 мега төслийг удирдаж байгаа юу. МАН бол өмнө нь үнэртэй ус бүтээж явсан ажлын туршлагагүй төлөөлөгчийг Трамвай барих төслийг удирдуулчихлаа. Үүнийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Одоо эрх барьж байгаа нам өөрсдөө хэнийгээ яаж томилно уу бүрэн эрхийн асуудал. Гол нь бид ажил дээр нь хяналтаа тавина. Ажил хийж байгаа эсэхийг нь шалгана. Ажил бодитой хэрэгжиж байна уу. Үр дүн гарч байна уу зэрэгт бид хяналт тавьж явна. Ямар хүн яаж томилох нь тэдний л асуудал. Бид одоо мянга эсэргүүцээд, сөргөцөлдөөд ямар ч үр дүнгүй. Мөн АН яг тэр төсөл хөтөлбөр гээд онцгойлсон төсөл хариуцсан зүйл байхгүй. Одоогоор манай нэг төлөөлөгчийг автозамын түгжрэл бууруулах төслийн менежерээр томилсон байгаа.

-НИТХ-ын 45 төлөөлөгчийн 27-г нь Хотын дарга Х.Нямбаатар давхар албан тушаалд томилчихсон. Нэг ёсондоо халаасалчхаад байгаа. Тэд хотын даргынхаа эсрэг дуугарахгүй нь мэдээж. Энийг та юу гэж харав? 

-Засаг захиргааны нэгжийн тухай хууль болон нутгийн өөрөө удирдах байгууллагын хууль зэрэг дээр маш олон өөрчлөлт оруулах шаардлагатай гэж харж байгаа. Тодруулж хэлбэл, УИХ-ын гишүүдийн сарын цалин 6-7 сая. Дээрээс улирал тутам тойрогтоо ажиллах үйл ажиллагааны зардал гэж 20 орчим сая төгрөгийн санхүүжилттэй. Гэтэл УИХ-ын гишүүдтэй яг ижил хувь нийлүүлэх хэмжээний санал авчихсан төлөөлөгчид нэг төгрөгийн ч цалингүй. Тэгсэн хэр нь сард 2-3 удаа хуралдаж байна. Хуралдахын өмнө эхлээд хороонууд 7-10 хоног хуралддаг. Тэгэхээр бараг байнгын үйл ажиллагаатай байна гэсэн үг. Гэхдээ цалингүй шүү дээ. Тиймээс сонгогдсон төлөөлөгч нар зарим тохиолдолд зарим байгууллагыг удирдаж, хариуцаж ажиллаж байгаа юм болов уу гэж харж байгаа.

Харин би хувь хүнийхээ хувьд төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа үргэлж энэ томилгооны асуудлыг хөндөж ярьж ирсэн. Төлөөлөгч гэдэг бол үндсэн ажлаа хийх ёстой. Засгийн гүйцэтгэх албан тушаалд томилогдож болохгүй. Төлөөлөгч бол гүйцэтгэх албан тушаалд хяналтаа тавьж ажиллах ёстой. Тиймээс би энэ байр суурь дээр хатуу байдаг.

-НИТХ нийслэлийн 2025 оны төсвийг батлахдаа энд онд тээврийн хэрэгслийн албан татварыг гурав дахин, авто зам ашигласны төлбөрийн хэмжээг тав дахин нэмэгдүүлэхээр тусгасан. Энэ иргэдийн амьдралд том дарамт боллоо. Огцом нэмэлт шүү дээ. Тиймээс нөгөө талд эсэргүүцсэн татварын нэмэгдлийг цуцлахыг шаардаж иргэд гарын үсэг зураад эхэллээ. Та төлөөлөгчийн хувьд уг шийдвэрийг нэлээд эсэргүүцэж байгаа харагдсан?

-Татвараа огцом гэнэт нэмж мэдээж болохгүй шүү дээ. Бид ард иргэдийнхээ амьдралын боломж, бололцоо, амьжиргааны түвшин, авч байгаа цалин, ажил, орлогыг ангилж харах ёстой. Энэ асуудал дээр Татварын байгууллага тооцоо судалгаа хийж аль аль талыг мэдээллээр хангах хэрэгтэй.

Миний хувьд мэдээж татварыг огцом нэмсэн нь буруу гэж харж байгаа. Үе шаттайгаар хэсэгчилж нэмэх нь үр дүнтэй гэж хардаг. Татвар огцом нэмсэн шийдвэр иргэд, ААН-үүдэд том дарамт болж байна. Энэ мэт асуудал шийдвэрүүд дээр саналаа илэрхийлсэн ч суудлын цөөнхийн нөлөөлөл бий. Одоо тэгээд манай хотын иргэдийн л сонгосон сонголтын гор юм уу даа. 45 суудлаас таван суудлыг АН, 40-ийг нь МАН байхаар сонгосон. МАН-ын мөрийн хөтөлбөр, хийж хэрэгжүүлэх гэж байгаа ажил. Амласан амлалтууд нь илүү их таалагдаад сонголтоо хийсэн байх гэж бодож байна. Гэхдээ нийслэлийн АН хэдий цөөнх буюу тавуулаа ч гэсэн НИТХ дээр цаашид өөрсдийн байр сууриа хатуу илэрхийлсэн хэвээр байх болно.

-Сэлбийн далангийн асуудал яригдаж эхэллээ. Мөн далан барих гэж 10 тэрбумаар бургас хядсан асуудал ч сөхөгдөж байна. Гэвч тэдгээр ажлыг хийж хэрэгжүүлсэн. Одоо хийж байгаа хүмүүс нь НИТХ-д суусаар байна. Тэднээс хариуцлага нэхэх асуудал яригдаж байгаа юу. Сөрөг хүчний хувьд та энэ асуудал дээр бас дугарах ёстой юм биш үү?

-Энэ өнгөрсөн жил хийсэн ажил. Одоо үргэлжлээд явж байгаа. Төсөв нь тавигдаад нүдэн дээр хийгдэж л байсан ажил. Бид бас уг асуудал дээр байр сууриа илэрхийлж л байсан. Нийтээрэй сайн анзаараагүй өнгөрчихсөн. Бидний хувьд тодорхой асуудлууд дээр байр сууриа илэрхийлээд явдаг. Харин хэзээ хойно нь дахиж сөхөөд улс төржүүлсэн асуудал болгоод дуусгадаг. Хуралдаан болгон дээр орж ирж байгаа асуудал болгон дээр манай төлөөлөгчид байр сууриа илэрхийлээд зөв бол зөвийг нь дэмжээд, буруу бол саналаа хэлээд явдаг. Сэлбэ голын даланг жилийн өмнөөс хийж эхлэх үед бид асуудал дэвшүүлж байсан. Сая төсөв дээр тавигдахад нь бас саналаа илэрхийлсэн. Гэвч ажил дуусаагүй байхад битгий шүүмжлээд бай гэдэг хариултыг өгсөн.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 16, 2025 10:12

Яг үнэн. Бүгд эргээд Засаг даргынхаа цэрэг болчихоор яаж ч хянах юм. Энэ төр гэж улам л дордоод байх юм. Яамаар ч юм

Холбоотой мэдээ

Back to top button