НАТО-гийн дарга Марк Рютте Украинд айлчилжээ

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте мягмар гарагт /2025.04.15/ Украинд гэнэтийн айлчлал хийж, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй Одесса хотод уулзсан байна. Тэр ОХУ Суми хот руу хоёр баллистик пуужин харвасны улмаас 35 хүн амь үрэгдэж, 119 хүн шархадсанаас хоёр өдрийн дараа айлчилжээ.
Рютте айлчлалаараа НАТО-гоос Украинд үзүүлж буй дэмжлэг нь мятаршгүй хэвээр гэдгийг онцолсон байна. Энэ оны эхний гурван сарын хугацаанд холбоотнуудын амласан тусламжийн хэмжээ 20 тэрбум евро хүрсэн гэдгийг тэрбээр дурдсан юм. Тэр Зеленскийтэй хамтран хэвлэлийн бага хурал хийхдээ “Украины ард түмэн эх орон, гэртээ жинхэнэ амар амгалан, жинхэнэ аюулгүй байдал, энх тайвныг эдлэх эрхтэй тул би өнөөдөр энд ирлээ” гэсэн байна.
Зеленский, Рютте хоёр Одесса хотын эмнэлэгт очиж, шархадсан Украин цэргүүдтэй уулзжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Киев, Москвагийн хэлэлцээг ахлан явуулж эхэлснээс хойш Рютте Украинд хийсэн анхны айлчлал нь энэ байв. Тэрбээр “Ийм аймшигт хэргийн дараа хэлэлцээ хийх нь амаргүй явдал. Гэхдээ бид бүгдээрээ Трамп энх тайвны төлөө ажиллаж байгааг дэмжиж байгаа” гэжээ.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зовох цагт нөхрийн чанар танигдана.