Засгийн газрын дотоод үнэт цаас арилжаалагдлаа

Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Монголын хөрөнгийн биржээр дамжин зохион байгуулагджээ.
Энэ удаагийн арилжаагаар Өрийн удирдлагын тухай хуулийн 12.1.3-т заасан “Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг дэмжих” зориулалтын дагуу 6 сарын хугацаатай, 5 тэрбум төгрөгийн үнэт цаас, 2 жилийн хугацаатай, 5 тэрбум төгрөгийн үнэт цаасыг тус тус Монголын хөрөнгийн биржийн Засгийн газрын үнэт цаасны анхдагч арилжааны системээр дамжуулан арилжаалсан байна.
Өнөөдрийн арилжаанд хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчид болох банк, даатгал, үнэт цаасны компаниудаас гадна гадаад, дотоодын иргэд оролцсон бөгөөд зарласан нийт дүнгээс 4.4 дахин их буюу 43.7 тэрбум төгрөгийн санал ирж, 6 сарын хугацаатай үнэт цаасны жигнэсэн дундаж хүү 9.466 хувь, 2 жилийн хугацаатай жигнэсэн дундаж хүү 10.477 хувьтай арилжаалагдсан аж.
Цаашид дотоод үнэт цаасны зах зээлийн хөгжлийг дэмжих, хөрөнгийн зах зээлд төгрөгийн бондын өгөөжийн муруйг тогтоох зорилгоор Засгийн газрын дотоод үнэт цаасны хуваарийн дагуу 2025 оны 2 дугаар улиралд 2 долоо хоног тутамд богино болон дунд хугацаатай тус бүр 5 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах ба нийт 60 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжаална.
Засгийн газрын дотоод үнэт цаасны 2025.04.16-ны анхдагч зах зээлийн арилжааны үр дүнг ЭНДЭЭС үзнэ үү.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.