“Эгүүр” брэндЭгэл бус амьдралЯРИЛЦЛАГА

ЭГЭЛ БУС АМЬДРАЛ: “Би бол саяд нэг тохиох ‘ясны хорт хавдар’ гэсэн оноштой монгол залуу”

Түүний Medium.com дээр хөтлөн явуулдаг блогийнх нь тайлбар хэсэгт, “Mongolian Engineer, Cancer Fighter, Blogger” хэмээн бичжээ. Софтвэйр инженер мэргэжлээр суралцаж төгсөөд, Америкийн нэртэй компанид ажиллаж байсан “Mongolian Engineer / Монгол инженер” залуу Ц.Энхтулга хэрхэн “Cancer Fighter / Хорт хавдартай тэмцэгч” болон хувирсан түүхийг энд өгүүлнэ.

Арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Ц.Энхтулга АНУ-руу нисэхийнхээ өмнө, Бээжин хотын нисэх буудал дээр байхдаа нэгэн бичвэрийг нийтэлсэн юм. Гарчиг нь, “One In A Million”. Бичвэр Америкт сурч, ажиллаж байхад нурууны нь өвчин өдөр ирэх бүр хүндэрч, эмчид үзүүлтэл, “Нурууны суулт” хэмээн оношлогдсон тухай. Эх орондоо ирээд MRI зураг авахуулахад тэр нь нурууны суулт биш, саяд нэг тохиолддог ясны хорт хавдар байсныг олж мэдсэн тухай. Гэсэн ч залуу хүний итгэл, сэтгэлээр босож, “Эдгэрнэ” гэсэн өрнүүн хүсэл тээж, хандивын аян эхлүүлээд АНУ-ын Калифорни мужийн эмнэлгийг зорьсон тухай нь билээ. /Бичвэрийг энд дарж уншаарай/.

Ц.Энхтулга одоогийн байдлаар хагалгааны өмнөх химийн эмчилгээний хоёрдугаар шатыг давчхаад байгаа юм. Бид хилийн чанадад суугаа түүнтэй холбогдож, товч ярилцлаа.


ЭМЧ НАР ЭДГЭНЭ ГЭСЭН ХАРИУ ӨГЧ БАЙГАА, ӨӨРӨӨ Л ХИЧЭЭВЭЛ БОЛОХГҮЙ ЗҮЙЛ ГЭЖ ҮГҮЙ

“Medium” орчинд нийтлэл бичих болсон шалтгаан, анхны сэдэл нь юу байсан бэ? Эндээс яриагаа эхэлье.

-Би хэдэн сарын өмнөөс блог хөтөлж байгаа юм. Нэгэнт хүмүүс хорт хавдар туссаныг маань мэдэх хэрэгтэй болсон. Монголд байхдаа цөөн хэдхэн хүнд л энэ тухайгаа дуулгасан байлаа. Ийм учир блогоор дамжуулж бичих нь хүмүүст хүргэх зөв хэлбэр байсан. Ингээд АНУ-руу эмчилгээнд явахаар нисэхээсээ өмнө бичвэрээ оруулж, нийтлэх товчийг дарсан даа.

Тэгэхээр нэг их шалтгаан гэх зүйл байгаагүй, хүн бүрт дуулгаж, хэлж байхаар нэг мөсөн биччихье гэдэг сэдлээс үүдэлтэй. Нөгөө талаар ямар нөхцөл байдалд байгаагаа найз нөхөддөө ойлгуулъя гэж бодсон. Ер ганцаар энэ бүхнийг давж гарахгүй гэдгээ ойлгосон байсан учир хүмүүст ингэж мэдэгдэх нь зөв гэж бодож, бичсэн юм.

Одоо эмчилгээ нь ямар шатандаа явж байна вэ? Эмч нар эдгэрэх магадлалын тухайд ямар байр суурьтай байгаа бол?

-Онош маань Osteosarcoma гэх 25-с доош насныхан ихэвчлэн өвчилдөг, саяд нэг тохиолдох ясны хавдар юм. Үүний гуравдугаар шатандаа явж байна гэж эмч нар дүгнэсэн. Эдгэрэх боломж бий гэж яригдаж байгаа. Гэхдээ миний хувьд үүнд нэг их ач холбогдол өгч, анхаарч бодохыг хүсэхгүй байна. Эмч нар бол санаа зоволтгүй гэдэг хариу өгч буй. Америктаа эхний гуравт ордог эмнэлэгт эмчлүүлж байгаа учир өөрт ч гэсэн итгэл байна. Өөрөө л хичээвэл болохгүй зүйл гэж үгүй.

Хагалгаа хийлгэх шаардлагатай бөгөөд үүний өмнө химийн эмчилгээнд орвол илүү үр дүнтэй байдаг гэсэн. Би одоогийн байдлаар хоёр дахь химийн эмчилгээндээ орчхоод байж байна. Хийлгэсний дараа долоо хоногт хордлогонд орж, бөөлжих, толгой эргэх гэх мэт шинж тэмдэг илэрч байгаад түүний дараачийн долоо хоногоос эргээд хэвийн байдалдаа ордог. Тэгэхээр нэг химийн эмчилгээ нь ойролцоогоор 3-4 долоо хоногийн циклээр үргэлжилдэг юм билээ.

-Америкт байхдаа анх эмчид үзүүлсэн юм билээ. Монголд байхдаа зовуурь мэдэрдэг байсан уу? Ямар мөрөөдөлтай, хоббитой залуу байв, тэр үед?

-Би 2015 онд ШУТИС-ийн КТМС-ийг төгсөөд Голомт Банканд ажилд орж байсан. Эндээ 3 жил ажиллаад мэргэжлээ дээшлүүлэхээр АНУ-ыг зорьсон бөгөөд суралцаж эхэлсэн цагаас эхлээд илтэд зовуурилах болсон. Мөн Cisco Inc компанид ажиллах боломж олдож, ажиллаж байх үед маань зовуурт хүндэрч, орлоготой болсон учир ардын болон европ эмчилгээ хөөцөлдөж эхэлсэн. Монголд байхад ямар ч хавдрын гэх ул мөр байгаагүй.

Мөрөөдлийн хувьд… Би дор хаяж дэлхийн 100 улсаар аялж, соёл заншил, хуримтлуулсан түүх, мэдлэгээс нь суралцаж, сурч мэдсэнээ блогоороо дамжуулж бусдад хүргэх юмсан гэж боддог. Мэдээж үүнээс гадна эдгэрсэн хойноо биелүүлж чадах олон мөрөөдөл бий. Миний хувьд хараахан болоогүй байгаа зүйлийн талаар ил дэлгэж ярих тийм ч дуртай биш юм. Харин хобби гэвэл, гитар тоглох дуртай. Спортоос гар бөмбөг, сагс тоглох дуртай.

ДЭЭШЭЭ ТЭНГЭР ХОЛ, ДООШОО ГАЗАР ХАТУУ САНАГДАХ ҮЕ БАЙСАН

Америк эмч нар зөв онош тавиагүйгээс болж нэг хэсэг хугацааг алдсан байсан. Энэ тал дээр ямар сэтгэгдэлтэй явдаг вэ? Тэр үеийн хамгийн сургамжтай, хүнд дурсамжуудаас хуваалцвал?

-Тийм, Америк гэхээр л Америкийн бүх зүйл сайн биш байгаа юм л даа. Ялангуяа Primary Doctor-ууд нь сайн ч гэх юм уу, сэтгэлтэй ч гэх юм уу биш санагдсан.

Эрт оношлогдоогүй гэдэг дээр сэтгэл дундуур явдаг л даа. Энэ талаар одоохондоо тийм ч гүнзгийрүүлж бодоогүй байна. Хууль эрхзүйн талаасаа гомдол гаргах боломжтой бий эсэхийг судалж үзэх бодол бий. Тухайн үед нурууны суулт гэж буруу оношлосон. Хавдар нь өөрөө нурууны төгсгөл үед байсан учир тэгж оношлогдох магадлал ч өндөр байсан байх. Эмч нар
“Нурууны суулт” гээд хэлчхээр шууд л итгэчхэж байгаа юм.

Хамгийн сургамжтай зүйл гэвэл… Өөрийнхөө эрүүл мэндэд мөнгө хэзээ ч битгий харамлаарай гэж хэлмээр байна. Мөн эрүүл амьдралын хэв маягтай байгаарай.

Тухайн үед оюутан байсан, аавыгаа алдаад удаагүй байсан. Шантрах үе нэлээдгүй тохиолдсон. Нуруу байнга өвддөг, өвчин намдаагч уугаад л явдаг байв. Ажил хайгаад л явж байсан үе тул сэтгэл санааны хувьд ч, мөнгө санхүүгийн хувьд ч хүндхэн байсан. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу л санагддаг юм билээ. Итгэл найдвараа л алдахгүй бол бүх зүйлийн ард гарна л гэж ойлгож байсан, одоо ч гэсэн тийм хэвээрээ.

2018 оны зул сараар мөнгөгүй, нуруу өвдөөд дээрээс нь аавыгаа алдаад удаагүй үе таарсан. Дотроосоо ганцаараа баймаар санагдаад л. Хоёр гурван өдөр ганцаараа хонож байснаа санаж байна Тэр үед их зүйл бодогддог юм билээ. Ер нь бол хүн өөртөө л итгэх ёстой юм байна гэдгийг ойлгосон доо.

Монголдоо ирээд оношоо анх удаа сонссон. Сэтгэлээр уналгүй судалгаа хийж, цахимд хандивын аян өрнүүлж, галтай амьдрахад нь юу нөлөөлсөн бол?

-Тухайн үед нэлээд хэдэн ажил амжуулахаар Монголд ирсний нэг нь MRI зураг авахуулах байсан юм. Америкт эмчийн зөвшөөрлөөс эхлээд MRI зураг авахуулахад нэлээд төвөгтэй юм билээ. Ингээд Монголд хувиараа авахуулж, өмнө нь үзүүлж байсан эмч дээрээ очьё гэж бодоод ирсэн. Арай ч хорт хавдар байна гэж төсөөлөөгүй. Сонсоод шоконд орж, шокноосоо гарах гэж нэлээд хэдэн цаг болсон.

Харин хандивын аяны тухайд нэлээн бодож байж, сүүлд шийдсэн гэх юм уу. Өөрийнхөө шөрмөсөөр болгочихъё гэж бодсон ч эмчилгээний зардал маш өндөр гарах төлөвтэй юм билээ. Америкт нэг хүндрэлтэй зүйл нь, эмчилгээний тооцоо сүүлд нь ирдэг. Урьдчилж барагцаалахад хэцүү. Одоо ч гэсэн эмнэлгээс хоёр, гурван удаа асуусан ч тодорхой, дорвитой хариу авч чадаагүй байгаа. Иймээс хандивын аян өрнүүлэхээс өөр аргагүй юм байна гэж бодсон, ингээд манай найзууд гардаж эхлүүлсэн.

Галтай гэхээс илүү тэмүүлэлтэй, зорилготой амьдрахад аав минь нөлөөлсөн гэж хэлмээр байна. Намайг 10 жилд байхаас хойш зүрхний өвчнөөр өвдөж явсаар өнгөрсөн жил өөд болсон. Аав л илүү их нөлөөлсөн.

Оношийг аав, ээж, гэр бүл, найз нөхөд гээд хайртай дотны хүмүүс нь сонсоод хэрхэн хүлээж авч байв?

-Оношийг маань хамгийн эхлээд манай найз мэдсэн. Улаанбаатарт өөрийн байргүй, найзындаа буугаад байсан үе л дээ. Тэд сонсоод мөн л шоконд орсон. Надтай яаж харьцахаа мэдэхгүй, нэлээд хэцүү байх шиг санагдсан. Монголд эмчилж болохгүй өвчин байсан учир ээждээ хэлээгүй. Ах эгчдээ хэлсэн, мэдээж ямар олиг байх вэ. Яах вэ, ийх вэ гэж бөөндөө сандарцгаасан. Гэхдээ угаас би өөрөө л тэмцэхгүй бол, хэн нэгэн ирээд эмчлээд өгчихнө гэж байхгүй шүү дээ. Америк явахаасаа өмнө олон хүнд биш, хэрэгтэй гэж үзсэн хэдэн хүнд л дуулгасан.

Саяд нэг тохиодог ховор өвчин. Ингэж өөрийгөө мэдээд ямар бодлууд төрсөн бол? Ер энэ өвчний талаар ойлголтыг хүмүүст товч тайлбарлаж өгвөл?

-Хамгийн эхэнд, “Яагаад би ийм өвчин тусчхав аа?” гэж л өөрөөсөө асуудаг юм билээ. Юуг буруу хийсэн юм бэ? Сүүлдээ бодоод байхад миний хийсэн үйлийн үр юм болов уу ч гэж санагдах. Бас хэрвээ эдгэрч чадахгүй бол явахаасаа өмнө би юу хийх хэрэгтэй юм бэ гэх мэт бодлууд төрсөн. Гомдоож байсан хүмүүсээсээ уучлалт гуйх. Хайртай хүмүүстэйгээ цөөн ч хором мөчийг хамт өнгөрүүлэх…

Америк руу эмчилгээнд явахаасаа өмнө нэлээд зүйлийг ч хийж амжуулсан. Гэхдээ энд ирээд, эмч нар “Чи эдгэрч, дараа жил гэхэд эрүүл хүн шиг алхаад явж чадна” гэж хэлэхийг сонсч урам орсон доо.

УГААСАА АМЖИЛТТАЙ БОЛНО ШҮҮ ДЭЭ, ЯАГААД “ХЭРЭВ” ГЭДЭГ ҮГ БАЙГАА БИЛЭЭ?

Одоо дэмжиж тусалж байгаа хүмүүс хэр олон байна вэ? Хандивын аян урагштай юу? Санхүүгийн хувьд ямар хэмжээний мөнгө дутаж байна вэ?

-Дэмжиж, тусалж байгаа маш олон хүн бий. Калифорнид байгаа манай найзуудын эхнэрүүд нийлж, хоол хийгээд авчирч өгөх жишээтэй . Монголд хамт ажиллаж байсан, цуг оюутан байсан хүмүүс холбогдож хандив тусламж өгч байгаа. Эдгээр хүмүүсийн тусламжтай л энэ бүхнийг даван туулна.

Найзынхаа хамт санхүүгийн тооцоолол хийж үзэхэд, нийт мөнгөн дүн 68 мянга гаруй ам.доллар болсон. Хамгийн чухал нь эмчилгээний зардал, мөн Калифорни өртөг өндөртэй муж учир амьжиргааны зардал хоёр. Юу юугүй хоолой дээр тулаад ирсэн асуудал байхгүй, тухай бүрт нь шийдээд л явна даа. Гол нь сэтгэл санаагаа хэрхэн тогтвортой байлгах вэ, эмчилгээний хугацаанд яаж зөв хооллох вэ гэх мэт зүйлс дээр л санаа зовж байгаа.

Одоогийн байдлаар сэтгэл санааны байдал ямар байгаа вэ, эдгэрнэ гэсэн итгэл найдвар хэр байна?

-Сэтгэл санааны хувьд ер нь дажгүй шүү. Монголд эдгэрэх боломжгүй гэсэн хариу авч байтал энд ирээд, “Эдгэрнэ, өөрөө хичээ” гэсэн хариу сонсоод сэтгэл санаа дээрдсэн. Ер нь эдгэрнэ гэсэн л итгэлтэй байгаа. Эдгэрэхгүй гээд яах юм бэ, үхэх юм уу. Тиймээс эдгэрнэ гэсэн 110 хувийн итгэлтэй байгаа. Харин ч эдгэрснийхээ дараа юу хийх талаараа бодож сууна.

Хэрэв бүх зүйл амжилттай болж, эдгэрвэл хамгийн түрүүнд юу хийх бол?

-Угаасаа амжилттай болно шүү дээ. Яагаад “Хэрэв” гэдэг үг байгаа билээ?

Хамгийн түрүүнд ажилд орно доо. Ажилд орохгүй бол амьдрахгүй /инээв. Сурв/. Мэдээж тодорхой хэдэн бодсон зүйлс бий. Болоогүй юмыг нэг их ярих дургүй. Монголд очиж, гэр бүл, найз нөхөдтэйгээ уулзах байх. Ямар ч байсан эхлээд эдгэрээд авъя.


Эдгэрнэ гэсэн дүүрэн итгэлийг өөртөө бий болгочхоод, алс хэтийн зорилгоо дотроо чимээлж суугаа тэрбээр ийнхүү том хагалгааны өмнөх химийн эмчилгээгээ хийлгэж байна. Түүний эмчлүүлж буй эмнэлэгт сагсчин О.Дөлгөөн агсан мөн хэвтэж байсан юм.

Түүнд туслах хандивын аянд нэгдэхийг хүсвэл та энд дарж, мэдээлэл авах боломжтой.

Image may contain: 1 person, smiling, standing and text
Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

5
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
5 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
ondo nastan
ondo nastan

minii duu egerne ee. itgelee 100 huvi tavi. zalbirya.

ondo nastan
ondo nastan

minii duu edgerne ee. mundag huu.

Зочин
Зочин

Мундаг залуу заавал эдгэрнэ

Зочин
Зочин

setgeliin hattai baigaarai. zaawal yalan diileerei. zalibirch baiya.

013
013

bi bas 2018 oni 9 sar medsendee odoo boltol emchluulj chadahgui l ywna setgeliin tenheetei bgarai ymarch uyd chi chadnaa

Back to top button