Сурвалжилга: Үнэ тогтвортой, нөөц хангалттай гэсэн ч нэг хонины мах 400,000 төгрөг

Энэ оны нэгдүгээр сард Засгийн газраас махны үнийг бууруулж, зах зээлд нийлүүлэлтийг өсгөх зорилготойгоор зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл квот тогтоосон. Ингэснээр Хятад, Япон, Орос, Казахстан, Узбекстан, Иран, Катар, Хонконг, Вьетнам зэрэг арав орчим улсад мах экспортлохыг түр хугацаанд зогсоосон.
Үндэсний статистикийн хорооноос энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.5 хувь өсөж, өмнөх долоон хоногоос 0.5 хувиар өссөн гэж мэдээлсэн. Тус мэдээллээр махны үнэ:
- Үхрийн цул мах кг нь 22 мянган төгрөг
- Үхрийн ястай мах кг 20 мянган төгрөг
- Хонины ястай мах кг нь 17 мянган төгрөг
- Адууны ястай мах кг 13 мянган төгрөг
- Ямааны ястай мах кг 12 мянган төгрөг
Иймд махны үнийн өсөлт, одоогийн нөхцөл байдлын талаар махны худалдаачид болон иргэдээс тодрууллаа.
15.00 цагийн үед Хүчит шонхор захын махны тасагт ирэв. Худалдан авагчгүй эл хуль, лангууны худалдагчид л үлдсэн махнуудаа ялгаж, хоосорч үлдсэн лангуугаа цэвэрлэж буй дүр зурагтай байсан юм. Махны үнэ болоод худалдан авалтын талаар хэдэн зүйл тодруулъя гэхэд ихэнх нь яриа өгөхөөс татгалзав. Харин махны худалдаачид нүүр царай болон нэрээ нууцлахыг хүсэж яриа өгсөн юм. Учир нь царайгаа гаргаж мэдээлэл өгөхөөр худалдагчид үнэ нэмлээ хэмээн иргэд шүүмжилдэг тухай учирлав.
-Цаашид дулаарах тусам махны үнэ буурна гэв


"Үхрийн цул мах 18 мянгаас 19 мянга. Ястай нь 16 мянгаас 17 мянган төгрөгийн хооронд л байна. Ер нь намрын мах арай хямд, шинэ мах үнэтэй байдаг. Махны үнэ өмнөх оноос бол нэмэгдсэн. Цаашдаа нэг их үнэ нэмэгдэхгүй байх. Худалдан авалт бага байгаа учраас нэмэгдлээ гэхэд хүмүүс улам л авч чадахгүй нөхцөлд хүрнэ. Гэхдээ он гарсаар ахиж огцом өссөн зүйл байхгүй. Биднийг нэмээд байдаг гэж боддог. Тэр бол худлаа"
"Үхрийн цул 18-19-ийн хооронд байгаа. 12 сараас хойш яг энэ үнээ барьж байгаа"

-Иргэд худалдан авалт хийхдээ мах үнэтэй байна гэж хэлдэг үү?
-Бусад зах, худалдааны төвүүдээс хамгийн хямд нь гээд ирж үйлчлүүлдэг. Хамгийн хямд үнийг манай зах л барьдаг.
-Цаашдаа үнэ өсөх үү. Үнийн өсөлтийн талаар?
-Цаашдаа үнэ бол өсөхгүй. Дулаарах тусам үнэ унана.
-Үнийн хэлбэлзэл байдаг уу. Өдөр бүр нэг үнээрээ ирдэг үү?
-Өдөр бүр өөр үнээр ирэх тохиолдол байдаг. 500-1000 төгрөгийн хооронд л үнэ хэлбэлздэг. Өсөх үедээ хэт өндөр үнээр өсдөггүй. Харин унах үедээ сайн унаж хямдардаг.
-Лангуунд мах зарж буй хүмүүсийг хямд өртгөөр аваад үнэтэй зарж байгаа гэж иргэд шүүмжилдэг. Яг хэдэн төгрөг нэмж зардаг юм бэ?
-Цаанаас ирж байгаа ханш нэг өөр. Авч байгаа шат, шатандаа бас л өөр. Миний хувьд жижиглэн учраас 30-40 хувь нь хаягддаг. Тухайн хаягдаж байгаа ясны өртгийг гаргаад үнэндээ шингээж, нэмж зардаг.
-Махны үнэ өсөхөд эрэлт нь нэмэгддэг нэг зүйл бол дайвар бүтээгдэхүүн-


-Махны үнэ өсөх үед дайвар бүтээгдэхүүн авах иргэдийн тоо нэмэгддэг үү?
-Орж ирэх хүмүүсийн хамгийн их хэлдэг үг бол "Махны үнэ их үнэтэй байна" гэдэг үг. Манайх руу орж ирж байна гэдэг нь мах үнэтэй учраас тэр. Дайвар бүтээгдэхүүн зардаг бидний хувьд орлого сайн өдөр, муу өдөр гээд янз бүр. Гэхдээ зөвхөн иргэд бус аваад дэлгүүртээ зардаг худалдагчид бас авдаг. Одоо ер нь махны худалдаа хийдэггүй байсан дэлгүүр ч гэсэн дайвар бүтээгдэхүүн зардаг л болсон. Яагаад гэвэл эрэлт ихтэй байна шүү дээ. Зарим иргэд мах авч чадахгүй байна.
-Иргэдийн худалдан авалт хэр байна?
-Иргэдийн худалдан авалт ер нь л тааруу даа. Хүүхдийн мөнгө, халамж, цалин, тэтгэвэр буусан үеэр нэмэгддэг. Тэр үеэр арай их хэмжээгээр нөөцлөх маягтай авдаг. Сарын сүүл өдрүүдээр 12 цаг гэхэд бүтээгдэхүүнүүдээ зарж дуусаад явдаг. Тэрнээс бусад өдрүүдэд муу л байна. Орой зургаан цаг хүртэл суугаад ч дуусахгүй үе бий.
-Хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн юу вэ. Хэр их хэмжээний бүтээгдэхүүн борлуулдаг бол?
-Өдөртөө зарагддаг, зарах хэмжээний зүйлүүдээ аваад сурчихсан учраас бүх л дайвар бүтээгдэхүүнүүд жигд зарагдаад дуусдаг. Хонуулж, удаахгүйн тулд үргэлж зарах өдрөө шинээр нь авдаг. Миний хувьд өдөрт багадаа 50 хонь, таван үхрийн дотор гэдсийг цэвэрлэж, ангилаад зарж дуусгадаг.
-Та өглөө бүр махны худалдаачдаас худалдан авалт хийгээд, ангилж зардаг хэмээн хэллээ. Махны үнэ өсөх нь таны орлогот хэр нөлөөлдөг вэ?
-Үхрийн зүрх, хонины зүрх борлуулалт өсөх үед урд захын махны үнэ өссөн байдаг. Зүрх цул мах учраас үнэтэй хаа, гуяны цул авах боломжгүй иргэд авдаг. Хямдарсан үед цөөн тохиолдолд үлдэгдэл үлддэг. Түүнийг хөлдөөж хадгалаад дараа нь зарахад үнэ нь унадаг. Тэгэхээр бидний орлого махны үнэнээс шууд хамааралтай.
-Иргэд: Иргэдийн худалдан авах чадвартай нийцсэн үнэтэй байвал зүгээр-

"Би өөрөө махан дээр гадаа зогсдог. Үхрийн мах бусад махнаасаа үнэтэй байна. Одоо бол үнэ нь унах хандлагатай байна. Мах гадаа зардаг хүмүүсийн хувьд хөдөөгөөс ирдэг махыг аваад 300-500 төгрөг нэмээд зардаг. Зогсоолын мөнгөө гаргаад. Зооринд байсан мах бол гадаа зарагдахдаа 10 мянга 500 төгрөгийн үнэтэй байна. Надад бол үнэ бол хэт хөөрсөн үнэтэй санагдахгүй байгаа"

"Хонины цул мах, өвчүү, сүүл авлаа. Махны үнэ нэмэгдсэн байна. Сар бүр хүнсээ бэлдээд янз бүрийн газраас л авдаг. Хүчит шонхор захын хувьд бол бусад газруудаас арай хямд байдаг. Манай улс 70 сая гаруй малтай байж махны үнэ ийм байна гэдэг бол харамсалтай. ТҮЦ ачиж, ноолуур оролдож байхын оронд махны ченж нартаа анхаарал хандуулж, хяналт тавивал зүгээр л байна"

"Бараг 400 мянган төгрөгөөр нэг хонины мах авлаа. Өчнөөн сая малтай хэр нь дотоодын махны хэрэглээгээ хангаж чадахгүй, махны үнээ тогтоож, барьж чадахгүй гэдэг хэцүүхэн л санагдаж байна"

"Хонины мах үхрийн мах авлаа. Үхрийн мах 5 кг-ийг 99 мянга 500, хонины мах 11 кг нь 165 мянган төгрөг болсон байна. Надад бол эндээс авахад үнэ хямд санагдаж байна. Харин бусад газрууд дамлаж зардаг учраас үнийг хөөрөгдүүлдэг. Хөгшин, настай хүмүүс ч юм уу наашаа зорьж ирэх боломжгүй хүмүүс үнэтэй зардаг газруудаас худалдан авалт хийж байгаа учраас махны үнийг өссөн гэж үзэж байгаа байх"

"Махны үнэ арай дэндэж байна. Мал аж ахуйтай улс байж ийм үнэтэй зарж болохгүй шүү дээ. Би өмнө нь худалдааны байгуулагд ажилдаг байсан. Миний үед ингэж хөөрсөн үнэтэй байгаагүй. Үхрийн махыг 10 мянган төгрөгөөс хэтрэхгүй үнээр зарах боломжтой. Мах авах чадалтай ч хүн байна, боломжгүй ч хүн байна. Махны тал дээр хяналт, шалгалт хийх хэрэгтэй байна"

"Би малчин хүн.Хэнтий аймгийн Биндэр сумын малчин. Махаа борлуулахдаа "Дэнжийн мянга" зах дээр л өгдөг. Мах үнэлж авах үнэ маш муу. Малчид малынхаа арьс, хөөвөр, ноолуур, мах, цагаан идээгээр амьдардаг. Бидний хувьд үнэлгээ муу байгаа учраас асар их хүндрэлтэй байна. Тэтгэвэр, тэтгэмж нэмэгдсэн ч дагаад бусад өргөн хэрэглээний бүх зүйл үнээ нэмдэг. Малын ашиг шимээ хүртэх боломжгүй амьдарч байгаадаа гомдолтой байдаг. Хонины махыг долоон мянгаас найман мянгаар ченж нарт өгдөг. Маш их шулуулдаг, ноолуураа ч мөн маш доогуур үнээр өгсөн. Зээлээс зээлийн хооронд л байна"

"Махаа жижиглэнгээр л авч байна. Нөөцийн мах яс ихтэй учраас захаас цул мах авах хэрэг гардаг. Махны үнэ бол үнэтэй байна. Олон тойрч байж боломжийн хямд мах олж авдаг. Хаврын цагт махнаасаа шим тэжээл авдаг. Ийм үед хямдарвал сайн байна"

"Үнэний хувьд үнэтэй байна. Дамжлагаас болоод нэмэгддэг байх. Би бол тэтгэврийн хүн. Цалин, орлоготой хүмүүст ч үнэ бол өндөр тусна. Би саяхан Чехэд байж байгаад ирсэн. Тэндхийн үнэ манай цул махны үнэ бараг л эн тэнцүү. Гэхдээ цалингийн түвшин ямар билээ. Харьцангуй хоёр газар хэр нь кг махны үнэ адилхан байна. Иргэдийн худалдан авах чадвартай нийцсэн үнэтэй байвал зүгээр гэж бодож байна"

"Махны үнэ тэнгэрт тулсан байна. Махаа авч идэж чадахгүй боллоо. Тэтгэврийн 600 мянган төгрөгтэй хүмүүс махаа яаж авах вэ. Энэ үнийн хөөргөдлийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Энэ үнийн хөөрөгдөлд ард түмэн туйлдаж байна. Өнгөрсөн жилийн үнээсээ хэтэрхий өндөр үнэтэй болжээ"

Өдөр тутмын хүнсний хэрэглээнд зайлшгүй байдаг зүйл бол мах. Гэвч худалдан авалт хийх мөнгөний талаас илүү нь маханд явдаг. Энэ байдал удаан үргэлжилж, үнэ улам нэмэгдсээр. Махны үнэ олон хүмүүсийн эдийн засагт нөлөөлдөг. Зөвхөн худалдан авагчдаар хязгаарлагдахгүй. Малчдын хувьд орлогын үүсвэрийнх нь томоохон хэсэг. Махаа экспортлох нь улсын орлого нэмэгдэх чухал гарц болдог. Дан ганц малчид ч биш мах боловсруулах үйлдвэрүүдийн орлого, тогтвортой ажиллах байдал ч нөлөөлдөг. Ерөнхийдөө бол монгол улсын эдийн засагтай шууд хамааралтай гэхэд хэлстэхгүй. Мөн махны экспортын орлого нь улсын валютын нөөцийг нэмэгдүүлж, гадаад өрийн хэмжээг бууруулахад тустай болохыг мэргэжилтнүүд онцолдог.
Гэвч махны квот тогтоосноос сарын дараа буюу 2025 оны эхний хоёр сард манай улсын нийт бараа эргэлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.1 хувиар буюу 77.5 сая ам.доллароор буурсан. Үүнд хонь, ямааны мах 11.4 сая ам.доллароор буурсан нь голлон нөлөөллөө.
Үүнээс харахад махны үнэ бууруулах, дотоодын нийлүүлэлтээ тэлэхээр зэхсэн түр хязгаарлалт иргэдийн амьдралд нөлөөлж чадсангүй. Үнэ тогтвортой, нөөц хангалттай боловч нөгөө л нэг махны үнэ. Энэ жилийн хувьд малчдын эдийн засгаа бүрдүүлдэг гол түүхий эдийн ханш буурч, хямдарсантай холбоотой махны үнэ буурах, буурахгүй нь тодорхойгүй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Лангуунаас биш ченжээс мах ав
Монголын махны үнээс гадныхан айхаар болсон
Энэ. Бүхний. Ард. Мөнгө. Хүүлэгчид. Хятадууд. Манай. Олигархуудын. Ерөнхийлөгчийн. Ах. Дүүсийн. Хамтлаг. Харагдаж. Байна даа
Махны үнэ ч дундаас доош давхарга дийлэхээргүй болсоон
ц�##�ин 1,5 сая байхад мах 11мянга, ц�##�ин 3 сая болоход мах 22мянга байна.2011онд 1$-1300төг, өнөөдөр 1$-3600төг. Харин ц�##�ин тогтмол 700-1000$.
Олон тооны м�##� нь бүгд хувь м�##�чны өмч учраас ямар үнээр зарах нь тэдний мэдэх хэрэг. Тэдний худ�##�дан авдаг бүх зүйлсийн үнэ бас нэмэгдэж байгаа учир адилхан л үнээ нэмж байж худ�##�дан ав�##�т хийнэ.