Еврогийн ханш өсөж буй нь Трампын тарифтай хавсарч Европын эдийн засагт цохилт болж байна

Еврогийн ханш гэнэт өссөн нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тарифын хажуугаар Европ компаниудын орлогоос хумсалж байна. Аливаа орон тарифын дарамтад өртөх үед тухайн улсын төв банк валютынхаа ханшийг бууруулдаг. Энэ нь тарифын дарамтыг хөнгөлөхөд тус болдог гэж эдийн засагчид үздэг юм.
Тэгвэл Трамп дөрөвдүгээр сарын хоёронд улс орнуудад хариу гаалийн татвар ногдуулна гэдгээ зарласнаас хойш Европт үүний эсрэг зүйл явагдаад байна. Еврогийн ханш нэмэгдэж буй нь Европ компаниудын ашгийг дор хаяж хоёр хувиар бууруулах төлөвтэй гэх тооцоо гарчээ.
Тус тивийн хамгийн том эдийн засаг болох Герман улс төсвийн зардлаа их хэмжээгээр нэмэх болсон гэх мэт шалтгааны улмаас еврогийн ханш чангарч байгаа юм. Гуравдугаар сараас хойш еврогийн ханш арван хувиар чангараад буй. Мөн евро худалдаанд суурилсан ханшаараа түүхэн дээд хэмжээнд хүрээд байна. Энэ өсөлтийн тал гаруй хувь нь дөрөвдүгээр сард үзэгдсэн.
“Goldman Sachs”-ийн тооцоолсноор Европын STOXX 600 индексэд багтдаг компаниуд орлогынхоо 60 хувийг гадаадаас олдог. Үүний бараг тал гаруй хувийг АНУ бүрдүүлдэг тул экспортод түшиглэдэг тус бүсийн эдийн засгийн хувь энэ нь таагүй мэдээ юм.
“Barclays” фирмийн Европын хөрөнгийн стратегийн хэлтсийн дарга Эммануэль Кау “Сул өсөлт дээр нэмэгдээд еврогийн ханш чанга байвал энэ нь Европын хувьд давхар цохилт болно” гэжээ. “BNP Paribas” фирмийн хувьцааны ерөнхий стратегич Деннис Хосе хэлэхдээ түүхэндээ еврогийн ханш арван хувиар нэмэгдэх үед корпорацын орлого хоёроос гурван хувиар буурдаг хэмээсэн байна.
Германы төв банкны Ерөнхийлөгч Хоаким Нагел өнгөрсөн долоо хоногт хэлэхдээ 2025 онд Герман эдийн засгийн уналтад орж магадгүй гэсэн юм. Тус улс Европын холбооны хамгийн том эдийн засаг тул Олон улсын валютын сан энэ болон ирэх онд ЕХ-ны эдийн засгийн өсөлтийн төлөвийг бууруулсан байгаа.
Зарим банкнууд энэ жил нэг евро 1.2 ам.доллар хүртлээ өсөж магадгүй гэж таамаглаж буй. Зарим Европ компаниудын нэгдүгээр улирлын орлогын тайланд нь бараан дүр зураг үзэгдсэн байна. Тухайлбал “Unilever” компанийн борлуулалт нь өссөн нь валютын ханшийн нөлөөгөөр орлого буурчээ. Европын хамгийн өндөр үнэлгээтэй компани болох “SAP” еврогийн ханш нэг центээр өсөхөд жилийнх нь орлого ойролцоогоор 30 сая еврогоор буурч магадгүй гэж таамаглаж байна.
“L’Oreal” компани тайландаа дурдахдаа хэрэв хоногт хүрсэн евро 1.15 ам.доллартой тэнцсэн ханш өөрчлөгдөхгүй бол жилийн борлуулалт нь 2.9 хувиар буурч магадгүй гэсэн юм.
“ING” банкны ерөнхий эдийн засагч Марийке Блом "Бид бол экспортлогч тив. Үүний үр дүнд эрэлт буурна” хэмээсэн байна. Тэрбээр мөн валютын ханшийн өсөлт нь хэрэглэгчдэд ашигтайгаар нөлөөлж, эрчим хүч зэрэг импортын зардлыг бууруулах ч евро бүсийн өсөлтөд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.