Top StoriesНИЙГЭМ

Эм, эмийн бэлдмэлийг цахим орчинд худалдахыг хориглох хуультай ч том зах зээл хэвээр байна

Баталгаагүй эм, эмийн асуудал одоог хүртэл хууль бусаар олон нийтийн дунд байсаар. Хаанаас орж ирсэн нь тодорхойгүй эм, бэлдмэлийг авах иргэд ч цөөнгүй. Эмийн зах зээлийг "мөнгө" хэмээн харах хүмүүс ч улам бүр нэмэгдэж байна. Тураах, ядаргаа тайлах, дархлаа дэмжих гэх мэт тодорхойлттой эм эмийн бүтээгдэхүүн нь шинжлэх ухаанаар нотлогдож, албан ёсны эмийн компани, үйлдвэрүүдээс гараагүй бол энэ нь хуурамч, баталгаагүй ангилалд багтдаг.

Цахим орчин баталгаагүй эмийн том зах зээл болж байна

Худалдан борлуулж байгаа эмд тавигдах хяналт сул, задгай, үнэ ханш, эрэлт, нийлүүлэлтэд зохицуулалт сул. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд цахим орчин гэдэг том зах зээлтэй болсноор бүр ч илүү өргөжин дэлгэрсээр. Энэ асуудлыг илүү олон талаас нь судалж үзвэл.

Хэрэглэгчид жинхэнэ болон хуурамч эмийг анзааралгүй худалдан авах нь түгээмэл байна. Нарийн анзаарвал үйлдвэрлэсэн улс, үйлдвэрлэгч нь тодорхойгүй байвал хуурамч эм, эмийн бүтээгдэхүүн гэдгийг төвөггүй мэдэж болно.

  • Жишээ 1: Фэйсүүкийн нэгэн цахим хуудаснаас баталгаагүй, монгол улсын  эмийн жагсаалтад ороогүй тураах эм, эрэгтэй хүмүүсийн чалх сайжруулах эм зэргийг шууд дамжуулалт хийн иргэдэд зардаг байна.
  • Жишээ 2: Сошиал орчинд идэвхтэй, олон мянган дагагчтай иргэн тусгайлан зориулагдсан бүтээгдэхүүн тодотголтой бүтээгдэхүүнийг нэг хайрцгийг нь 200 мянган төгрөгөөр борлуулдаг байна. Хэдийгээр тус бүтээгдэхүүн нь БНХАУ-ын хүнс, эмийн хяналт удирдлагын газрын зөвшөөрөлтэй, хятад улсдаа албан ёсны зөвшөөрөлтэй зарагддаг гэсэн боловч монгол улсын  эмийн жагсаалтад ороогүй бүтээгдэхүүн юм.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас Монголд бүртгэлгүй хуурамч эм болон эмийн бүтээгдэхүүний талаарх мэдээллийг хүргэдэг. Эмнэлгийн мэргэжилтнүүд аливаа гаж нөлөө илрэх, эмчилгээ үр дүн муутай байх, хуурамч гэж сэжиглэсэн тохиолдлын талаар Эмийн зохицуулалтын байгууллагад мэдээлэх ёстой байдаг байна. Ингэснээр ДЭМБ эдгээр хуурамч бүтээгдэхүүнд өртөж болзошгүй улс орон, бүс нутгуудын нийлүүлэлтийн сүлжээнд хяналт, шалгалтыг нэмэгдүүлэх зөвлөмж хүргэдэг.

Тухайлбал, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс болон Камерун Улсад дөрвөн цувралын хуурамч HEALMOXY 500мг (Амоксициллин) капсултай эм илэрсэн талаар 2025 оны 03 дугаар сард ДЭМБ-д мэдээлсэн. Жинхэнэ HEALMOXY капсултай эмийн үндсэн үйлчлэгч бодис нь Амоксициллин  бөгөөд дунд чихний үрэвсэл, уушигны үрэвсэл, арьсны үрэвсэл, амны хөндийн үрэвсэл, шээсний замын халдвар зэрэг олон төрлийн нянгийн гаралтай халдварын үед хэрэглэдэг.

Энэ бүтээгдэхүүний гарал үүсэл, найрлага, эх сурвалжийг санаатайгаар буруу мэдээлсэн тул хуурамч бүтээгдэхүүн гэж тогтоожээ.

  • Хуурамч  HEALMOXY бүтээгдэхүүний дээжинд хийсэн шинжилгээгээр идэвхтэй бодис буюу амоксициллин агуулагдаагүй болохыг тогтоосон.
  • Хуурамч бүтээгдэхүүний хоёр цувралын үйлдвэрлэсэн болон хүчинтэй хугацааны бичиглэлийн формат нь тохирохгүй байсан. Эдгээр хуурамч бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн огноо нь 8 оронтой тоогоор өдөр/сар/жил (10/01/2027) гэсэн хэлбэрээр бичигдсэн байна.

Цахим орчинд эмийн бүтээгдэхүүн сурталчлахыг хориглох хууль хэрэгжиж байгаа

Хуурамч эм, эмийн бүтээгдэхүүн худалдан авсан иргэдийн дийлэнх нь олны танилууд сурталчилж байсан учраас гэдэг хариулт хэлдэг. Гэтэл өнгөрсөн оны 10 дугаар сарын 1-ээс Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу эм, эмнэлгийн хэрэгслийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлтэй үйлдвэр, ханган нийлүүлэх байгууллага телевиз, радио, самбар, мэргэжлийн хэвлэл, албан ёсны цахим хуудсаар эмийн зар сурталчилгааг явуулах эрхтэй. Харин цахим орчинд эмийн зар сурталчилгаа явуулахыг хориглодог. Тухайлбал,

  • 26.5 Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаас гадна дараах эмийн зар сурталчилгааг хориглоно:
  • 26.5.1. Зар сурталчилгааны зөвшөөрөлгүйгээр олон нийтэд эм сурталчлах; 26.5.2.эмнэлгийн мэргэжилтэн эм сурталчлах;
  • 26.5.3. Жороор олгох эм, эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эм, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийг сурталчлах;
  • 26.5.4. Хүүхдэд шууд зөвлөсөн, ухуулсан, бусад хэлбэрээр нөлөөлсөн эмийг сурталчлах;
  • 26.5.5. Эмийг ховор, үр дүн нь бусад эмээс илүү, аюулгүй, гаж нөлөөгүй, шинэ эм, патентлагдсан, хямд үнэтэй гэж иргэдийг төөрөгдөлд оруулан сурталчлах; 26.5.6.эмийн худалдан авалт, борлуулалтад урамшуулал олгох, үнийн хямдрал үзүүлэх талаар нийтэд чиглэн сурталчлах;
  • 26.5.7. Эмийг зүй бус, бодит байдал болон ёс суртахуунд үл нийцсэн, далд агуулгаар сурталчлах;
  • 26.5.8. Иргэн, хуулийн этгээд зар сурталчилгааны зөвшөөрөлгүй эмийн сурталчилгаанд оролцох, дэмжих, сурталчлах, санхүүгийн дэмжлэг өгөх, авах; 26.5.9.эмийг цахим орчин дахь нийгмийн сүлжээгээр сурталчлах;
  • 26.5.10. Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг өвчнийг оношлох, эмчлэх үйлдэлтэй гэж олон нийтийг төөрөгдөлд оруулсан байдлаар сурталчлах;
  • 26.5.11. Тамирчин болон спортоор хичээллэж байгаа иргэнд эмчилгээний бус зорилгоор Дэлхийн допингийн эсрэг код, олон улсын стандартад хориглосон жагсаалтад орсон эмийг санал болгох, дэмжин сурталчлах, зарж борлуулах

Иргэн Б.С: Тураах эм авч уугаад сөрөг нөлөө илэрсэн

Иргэд ихэвчлэн цахим сүлжээнээс эм, эмийн бүтээгдэхүүнийг хүргэлтээр авч, ууж хэрэглэх нь их бөгөөд худалдаж буй тал эргээд гарах хариуцлагын тогтолцоо байхгүй.

Сошиал сүлжээнээс тураах бэлдмэл авч хэрэглэсэн иргэн Б.С-ээс дараах тодруулгыг авлаа

-Та ямар төрлийн бүтээгдэхүүн хэрэглэсэн бэ?

-Би Туркээс ирдэг гээд тураах эм авч уусан.

-Хэрхэн олж худалдан авсан талаар?

-Миний нэг найз надад анх хэлсэн. Тэр найзад бас нэг таньдаг хүн нь хэлсэн гэсэн. 200 мянган төгрөгөөр сарын хэрэглээний эм авсан. Ууж эхлээд гурав дах хоногоос зогсоосон. Учир нь гэвэл толгой эргэн, дотор муухайрч надад таарахгүй байгаа мэдрэмж өгсөн.

-Авсан газраа хандаж хэлсэн үү?

-Хэлээгүй. Надад л таарахгүй байгаа юм байна гэж бодоод зүгээр уухаа зогсоосон. Харин үлдсэн эмээ хаях хайран байсан учраас дүүдээ өгсөн.

-Дүүд тань ууж хэрэглэсэн  үү?

-Тиймээ уусан. Бас л надтай адил сөрөг нөлөө илэрсэн гэсэн. Тэгээд хэн нь ч уулгүй тухайн эмийг  хаясан.

-Дараагийн тохиолдол илрэх үед цагдаа юм уу хуулийн байгуулгад хандах сэдэл байв  уу?

-Яах талаар хэсэг бодож үзсэн. Гэхдээ өөртөө ч тэр дүүдээ, авсан газраа ажил удахыг хүсээгүй болхоор тэгэсгээд л хаясан.

-Хэрвээ танд юм уу дүүд тань эрүүл мэндийн ноцтой өөрчлөлт илэрсэн бол яах байсан бэ?

-Үнэхээр эрүүл мэндэд хохирол учраад, илүү их зүйл тохиолдсон бол тухайн үед нь цагдаад хандах байсан гэж бодож байна.

Хүний их эмч О.Төгсбаясгалан: Тураах эм бэлдмэлүүдээс үүдэж элэг өвчилдөг-

Иргэдийн дунд хамгийн эрэлттэй эмийн бүтээгдэхүүн нь тураах бэлдмэл бөгөөд уусны дараах сөрөг нөлөө болон баталгаагүй бэлдмэл уусны цаана ямар эрсдэл тулгардаг талаар Хүний их эмч О.Төгсбаясгалангаас тодрууллаа.

-Баталгаагүй эм, эмийн бүтээгдэхүүний талаар?

-Монгол улсад худалдаалагдаж байгаа эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүн нь эмийн бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой. Гэвч иргэд дур мэдэн бүртгэлгүй эм авч хэрэглэх тохиолдол цөөнгүй байдаг.

-Ямар сөрөг нөлөөтэй бол?

-Тураах эм бэлдмэлүүдээс үүдэж элэг өвчилдөг. Элгийг гэмтээдэг хэд хэдэн хүчин зүйлс бий. Мэдээж хамгийн их тохиолддог нь B, C вирусийн халдвар юм. Харин сүүлийн үед элбэг тохиолдох болсон нэг шалтгаан нь тураах төрлийн эм бэлдмэл болоод байгаа.

-Элгийг гэмтээдэг гэлээ шүү дээ. Ямар шинж тэмдэг илэрч, яаж гэмтээдэг вэ?

-Элэг нь хүний биед хэрэгтэй уураг, нүүрс ус, өөх тос гэх мэт бодисын солилцооны өөрчлөлтүүдийг гаргаж ирдэг. Мөн эмийн бодис, гормоныг хоргүйжүүлж байдаг. Элгийг амин чухал эрхтэн гэж ярьдаг. Харин тураах төрлийн эм бэлдмэл хэрэглэснээр элэг гэмтэж, хэрвээ элэгний вирустэй хүн байвал элэгний хатуурал үүсэж ихэсдэг. Элэг нь өөрөө дүлий эрхтэн гэж хэлж болно. Тиймээс элгээр өвчилсөн хүмүүс дийлэнхдээ хожуу шатанд орсон үедээ өвдсөнөө мэддэг. Элэгний хатуурлын шинж тэмдгийн хувьд дийлэнхдээ ядарч сульдах, нүүр ам ногоорч шарлах, бие загатнах, хамар ам буйлнаас цус гардаг. Мөн шулуун гэдэснээс цус гарч, хоолны шингэц мууддаг. Ийнхүү хөдөлмөрийн чадвар нь алдагдаж эхэлдэг. Эдгээр шинж тэмдгийг авч үзвэл маш ерөнхий шинж тэмдгүүдээр элэгний хатуурлын шинжүүд илэрдэг гэж хэлж болно.

-Эмчийн зүгээс зөвлөгөө өгвөл?

-Эмч бидний зүгээс хэзээ ч монгол улсын  эмийн жагсаалтад ороогүй эмийг зөвлөхгүй. Тухайн эм ямар ч орц найрлагатай байж болно. Өөрт харшилдаг орц орсон байхыг үгүйсгэхгүй. Харин иргэд баталгаагүй, сүлжээний эм бэлдмэл хэрэглэхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй.

Иргэд баталгаагүй эм авсан ч тэр бүр цагдаад ханддаггүй

Харин цагдаагийн байгуулга тус асуудлын хүрээнд ямар арга хэмжээ авдаг болон энэ төрлийг хэрэг их бүртгэгддэг талаар тодруулахад, “Ийм хэрэг бүртгэл цөөн тохиолддог. Иргэд эрүүл мэндээрээ ноцтой хохирсон тохиолдолд л цагдаагийн байгууллагад гомдол гаргадаг. Ихэвчлэн хуурамч болон чанаргүй, баталгаагүй эм эмийн бүтээгдэхүүн авлаа гэдэг гомдол гаргахаас илүүтэй бие нь хүндээр өвдөх зэрэг шинж тэмдгийн дараа л цагдаад ханддаг" гэв.

Хуульд, торгох болон 6 сараас 3 жил хүртэл хорих ял шийтгэлтэй

Эрүүгийн хуулийн 20.14 дүгээр зүйл. Хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл  үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх

1.Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүн, малын эмчилгээнд хэрэглэхийг хориглосон, зөвшөөрөгдөөгүй, хугацаа дууссан эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэсэн, импортолсон, худалдсан, түгээсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Хэдийгээр холбогдох хууль нь хэрэгжээд хагас жил гаруйн хугацаа өнгөрөөд байгаа ч өнөөг хэр сошиал орон зайд эм, эмийн бүтээгдэхүүн худалдаалагдаж, сурталчилдаг нь хэвээр байгаа нь хуулийн хэрэгжилтийг хангах, хянах газар нь ажлаа хийхгүй байгааг харуулж буй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button