Хэзээ ч хамаагүй Украинд гал зогсоох боломжтой гэж Зеленский хэллээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ням гарагийн /2025.05.04/ орой мэдэгдэл хийхдээ гурван жил үргэлжилж буй дайнд хэзээ ч хамаагүй гал зогсоох боломжтой гэжээ. Мөн гал зогсоолгохын тулд Москвад үзүүлж буй шахалтаа нэмэхийг тэр холбоотнууддаа уриалсан байна.
Зеленский Чехийн Ерөнхийлөгч Петр Павелтай Праг хотноо хамтарсан хэвлэлийн бага хурал хийхдээ Москвад үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэхгүй л юм бол Путин мөргөлдөөнийг зогсоох бодит алхам хийхгүй гэжээ. Тэр “Дарамт шахалтаа нэмэхгүй бол ОХУ дайныг зогсоох бодит алхам хийхгүй гэж бид бодож байна. ОХУ гал бүрэн зогсоох Америкийн саналыг үл тоосон 54 дэх өдөр өнөөдөр тохиож байна. Хэзээ ч хамаагүй, өнөөдөр ч гэсэн гал зогсоох боломжтой гэж бид үзэж байгаа. Ингэж дипломат харилцаанд бодит боломж олгох хэрэгтэй” хэмээсэн юм.
Ялалтын баярыг тохиолдуулан Украинд гурван хоног гал зогсооно гэж Путин өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Зеленский ийм арга хэмжээ нь утга учиргүй хэмээж үүний оронд АНУ-ын дэвшүүлсэн саналын дагуу 30 хоног гал зогсоохыг уриалсан билээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.