Ногоон зүлэгний булан

Одоогоос гурван жилийн өмнө буюу 2022 оны тавдугаар сард төв талбайд ногоон зүлэг дэвсэж байв. Тухайн үед хотын аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээн болох гэж байгаатай холбогдуулан байршуулж эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн иргэд Сүхбаатарын талбай руу шуурч, дэвссэн зүлгэн дээр амарч, найз нөхдөөрөө тоглоцгоож баяр наадмаас дутахааргүй, өргөн дэлгэр үйл явдал болсон юм.
Далд утгаараа бол манай нийслэлд иргэдийн амарч тухлах, зугаалах, чөлөөт цагаа өнгөрөөх, салхилах ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн дутагдаж буйн илрэл, тод жишээ. Энэхүү ногоон зүлгийг энэ хавар ч мөн байршуулжээ.
Одоогоор нийслэлд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Төв цэнгэлдэх хүрээлэн, Мишээлийн цэцэрлэг, Рио Тинтогийн цэцэрлэгт хүрээлэн зэрэг тоотой хэдхэн газар бий. Тоочвол ил далдын зовлон их. Нэмээд байршлын хувьд хол, дуртай үедээ очоод байх боломжгүй. Зорьж л очдог. Өөрөөр хэлбэл хүрэлцээ муу.
Ингээд харвал манай нийслэлд ногоон байгууламж шиг хэрэгтэй зүйл үгүй. Гэтэл өндөр, өндөр орон сууцны барилга өдөр өдрөөр сүндэрлэн босож улам л зай талбай хумигдсаар. Дэлхийтэй хөл нийлүүлнэ гэж томчуул ярьдаг ч үнэндээ бордюр, явган хүний зам солихоос өөрөөр нэг их гавихгүй байгаа нь худлаа биш. Хөгжил гэдэг зөвхөн гоё сайхан барилга, байшингаар хэмжигдэхгүй. Хүндээ хэр ээлтэй вэ гэдэг л гол үзүүлэлт. Атал манайд нийтийн томоохон цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж хүртэл ховордож, алсдаа байгуулах зай талбай ч олдохгүйд хүрэх нь.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ зүлэг маш их бохирдсон байгаа шүү!!!