₮44 тэрбумын өртөгтэй "Урт цагаан"-ы тохижилтыг 7 сард ашиглалтад оруулж чадах уу

1962 онд хоршоологчдын хөрөнгөөр баригдсан гэгддэг "Урт цагаан"-ны барилгыг 2024 оны нэгдүгээр сард "Төр өмчөө хэрхэх ээ мэдье" хэмээн нурааж, худалдаа эрхлэгчдийг нүүлгэсэн.
Тус үйлчилгээний төв нь 2000 он хүртэл Нийтийн ахуйн үйлчилгээний харьяа байж байгаад Улаанбаатар хотын захирагчийн шийдвэрээр тендер шалгаруулж, 30 ААН өөрсдийн хөрөнгөөр буюу тэрбум гаруй төгрөгөөр засаж, шинэчилж байсан удаатай.
Гэсэн ч барилгыг нурааж, суурин дээрх барилгын төлөвлөлтөд иргэдээс санал авсан. Санал асуулгад 3564 хүн оролцсоноос 3419 буюу 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэнээр эл тохижилтын ажил эхэлж байдаг.
Тодруулан хэлбэл, 1.3 га талбайд авто машины далд зогсоолтой, дээрээ ногоон байгууламжтай цэцэрлэгт хүрээлэн байгуулах төлөвлөгөөтэй. Мөн зураг төсөлд гурван давхар үйлчилгээний төв, задгай мини театр, дугуйн зогсоол, усан оргилуур зэргийг ч багтаасан.

Улмаар зураг төслийг “Интеллект тауэр” ХХК боловсруулсан бол Д.Баясгалангийн "Бодьпропертийз" ХХК барилга угсралтын ажил гүйцэтгэх 44 тэрбумын тендерт шалгарч, ажлаа үргэлжлүүлж буй.
Ингэхдээ цэцэрлэгт хүрээлэнг хоёр сарын дараа буюу долоодугаар сард ашиглалтад оруулна гэж албаныхан ам гарсан.
Тухайлбал, “Бодь Пропертийз” ХХК-ийн ахлах инженер Д.Пүрэв-Очир "Урт цагаан төслийн барилга угсралтын ажил хоёр хэсэгтэй. Нийт төслийн төмөр бетон хийц болон далд зогсоолын ажил дуусаж байна. Нэгдүгээр хэсгийг долоодугаар сард багтаан ашиглалтад оруулна. Үүнд, цэцэрлэгт хүрээлэн буюу дээрээ тохижилт бүхий авто зогсоол багтаж байна. Хоёрдугаарт цэцэрлэгт хүрээлэнгийн хажууд байрлах B1 давхартайгаа нийлээд гурван давхар үйлчилгээний барилгыг есдүгээр сард багтаан ашиглалтад оруулна" хэмээсэн.
Гэсэн ч биднийг очиход дөнгөж цутгалт, угсралтынхаа үе шатандаа явж буй дүр зурагтай. Оройн 20.00 цагт барилгын талбайд 10 орчим ажилчид тараагүй, угсралтын ажлыг хийж байсан юм. Иймд хоёр сарын дараа гэхэд барилга угсралт дуусна, ашиглалтад оруулна гэсэн амандаа хүрч чадах уу гэх асуулт үлдэж байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Одоогийн барилгын ажлын явцыг зургаар үзүүлж байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Барилга барихгүй гэж хэлээд яагаад барилга бариад бна . ЛАЛАРУУД ????????????????
Chamd yamar hamaa bnaa