АН-ЫН ЗОДООН: Муухай харалцсан “гурав
-ЖҮЖГИЙН ГОЛ НАЙРУУЛГЫГ Ц.ЭЛБЭГДОРЖ САНААЧЛАВ-
АН-ын дарга С.Эрдэнэ З.Нарантуяа, Б.Пүрэвдорж, Р.Амаржаргал нарыг намынхаа дэд даргаар сонгох шийдвэрийг нэлээд эрт гаргасан. З.Нарантуяа, Б.Пүрэвдорж нар тодорхой имиж төрхтэй, УИХ-ын гишүүд гэдэг утгаараа зөв сонголт байв. Харин намдаа тэрсэж, адрах үедээ адарчихдаг Р.Амаржаргалыг дэд дарга болгосон нь “эвсэх” бодлого байсан гэж болно.
Улмаар саяхан Х.Тэмүүжин, Р.Дэлгэрмаа, Г.Батхүү нар намын дэд даргаар сонгогдсон. Намаа илтэд шүүмжилж, З.Энхболдоос “өрх тусгаар” явсан бүхнийг С.Эрдэнэ элгэндээ наасан нь тэдний хагарлыг бүр мөсөн өрх тусгаарласан гэж болно.
Гэхдээ энэ бүх төгс найруулгат, холын хараатай жүжгийг С.Эрдэнэ ганцаараа хийчихээгүй.Гол гаргалгаа, санааг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж зурсан гэдгийг АН-ынхан дотооддоо ярьж буй.
Ингэж АН цагтаа тэднийг удирдаж, Засгийн газраа толгойлж явсан Н.Алтанхуягаас ч бас “өрх тусгаарлав”. Намын анхан шатны байгууллагаас нь түүнийг гишүүнчлэлээс нь түдгэлзүүлсэн шийдвэр гаргалаа.
Зөрүүлээд Н.Алтанхуяг мэдээлэл хийхдээ “С.Эрдэнэтэй үзэлцэнэ” гэдгээ ч зарлав. Гаднаа тэдний тоглолт ингэж өрнөж байхад өнөөх гол хорыг найруулагч Ц.Элбэгдорж дуугүй л явна.
З.ЭНХБОЛД: “С.ЭРДЭНЭ ГИШҮҮН ЭЭ, МУУХАЙ ХАРАЛЦЧИХЪЯ”
Эрх баригч намынхан нэгэн үес бужигнаж байх үедээ “Хаврын улс төрийг АН хийнэ” гэлцэж байв. Үнэхээр л АН-ын зодоон урь уних цагтай зэрэгцэн хүчээ авч, С.Эрдэнэ, Н.Алтанхуяг, З.Энхболд гэсэн гурван өөр бодолтнууд нэгэн рүүгээ харж, хөмхийгөө зууцгаалаа.
Угтаа хөшигний ард яригдсанаар бол З.Энхболдын намаа авах төлөвлөгөө энэ өрнөлөөс тэс өөрөө бичигдсэн байв. С.Эрдэнийг хавар намын даргаас нь чөлөөлж, нэр цэвэр гэгддэг Я.Санжмятаваар солихоор зэхсэн гэгддэг. Гэвч тоглолтод хөшигний араас Ц.Элбэгдорж орж ирснээр өөрөөр өрнөсөн.
Анхлан С.Эрдэнийг АН-ын дарга болоход хөшигний араас З.Энхболд удирдана гэгдэж байсан. Тэр ч тэгсэн. Гэхдээ эвдрэлцлээ. Эвдрэлцээд ирэнгүүтээ өөр нэгнээр АН-ын толгойг солихоор зэхэж байсан ч болсонгүй.
Мэдээж цаашид намдаа онхи хаягдсан Н.Алтанхуяг ч С.Эрдэнэд тонгоруулсан З.Энхболд ч зүгээр суухгүй.Аа,нэгэнт босгосон байраа С.Эрдэнэ ч зүгээр сууж байгаад, самруулахыг бас хүсэхгүй билээ.
Яг энэ өнцгөөс бол АН-ын хавар эхлүүлэх дайн дөнгөж л эхэлж байна. Чөлөөтэй сайхан тэсэрдэг энэ нам цаашид угшил нэгт нөхөд рүүгээ бөмбөг хаяж, зөрүүлээд дарийн утааг ч олноор үнэрлэх биз ээ. Ээлжит бус чуулганы үеэрх байнгын хорооны хуралдаан дээр ЕТГ-ын дарга З.Энхболд “С.Эрдэнэ гишүүн ээ, муухай харалцчихъя” гэж хэлсэн нь зүгээр ч нэг үг биш билээ.
Ж.МЯДАГБАДАМ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.