Д.Шинэзаяа: Өнгөрсөнтэй зууралдаж бурууг хэн нэгнээс хайхын оронд, цаашдын боломжийг хараад даван туулаарай

Инээмсэглэл дүүрэн биднийг угтсан нэгэн айлд манай редакцын баг зочиллоо. Цахимд орчинд Батука болон Амигийн ээж гэдгээрээ танигдсан Д.Шинэзаяатай ярилцлаа. Тэрээр цахим хаягаараа хийдэг бичлэгээрээ дамжуулан тусгай хэрэгцээт хүүхдийн өдөр тутмын амьдрал, бэрхшээл, онцлогийг нийгэмд таниулж, ижил нөхцөл байдалтай нүүр тулж буй шинэ эцэг, эхчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгдөг гэдгээрээ олон хүмүүсийн анхаарлыг татсан нэгэн юм. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэе.
-Анх ээж болсон түүхээ та манай сайтын уншигчдад хуваалцаач?
-2016 оны наймдугаар сарын 23-ний өдөр Батукагийн ээж болж байлаа. 37 долоон долоо хоногтойдоо төрүүлсэн. Уг нь есдүгээр сарын 16 сүүлийн хугацаа нь гэж байсан боловч хугацаанаасаа арай эрт өвдөлт өгөөд төрсөн. Тухайн үед нас залуу байсан учраас төлөвлөсөн жирэмслэлт байгаагүй. Гэнэт л хүүхэдтэй болсноо мэдээд маш их баярлаж байсан.
-Ээж болоод энэ есөн жилийн хугацаанд амьдрал тань хэрхэн өөрчлөгдсөн юм шиг санагддаг вэ?
-Ганцхан би гэлтгүй нөхөр бид хоёрын амьдрал 180 градус эргэсэн гэж хэлж болно. Өмнө нь эцэг, эх болно гэдгийг сайхан талаас нь л хардаг байсан. Харин хариуцлага гэдгийг мэддэггүй байж. Ерөнхийдөө шинэхэн аав ээжүүдийн хариуцлагаас хоёр дахин илүү хариуцлага байсан юм болов уу гэж одоо бодож байна. Яагаад гэвэл хүү минь төрөөд л таталт өгч эхэлсэн. Тийм ч учраас амьдрал огцом өөрчлөгдсөн.
-Эмч нар хүүгийнх нь оношийг анх танд дуулгасны дараа дасах цаг хугацаа хэрэгтэй байсан уу, шууд л хүлээн авсан уу?
-Тархины саа, саажилт болон уналт, таталт хавсарсан гэх оноштой гэж анх эмч надад хэлсэн. Төрөөд шууд уйлаагүй юм л даа. Тэр үед нь сайн ойлгоогүй, эмч нарын зүгээс ч ямар нэгэн тайлбар хэлээгүй. Эмнэлэгт нэг хоноод гэртээ гарсны дараа гурван хоногтойгоосоо таталт өгч эхэлсэн. Орон нутагт төрсөн учраас нарийн зүйлийг нь мэдэхгүй байсан. Нэг сар хүрэх үед нь баттай оношилж уналт таталтын эмээ уугаад, эх нялхсын хяналтад орж байсан. Тухайн үед нөхөр бид хоёр 20 настай, залуухан байсан учир мэдэхгүй, ойлгохгүй хэсэг их хэцүү байсан. Миний хувьд сэтгэл хөдлөлөө ил гаргаад уйлах үедээ уйлж байсан бол эрэгтэй хүн тэгдэггүй учраас нөхөрт дотроо их хэцүү байсан байх гэж боддог. Эхний таван сарын хугацаанд огт хүлээн зөвшөөрч чадаагүй. Зургаан сар хүрээд яах аргагүй л хөгжлийн тал дээр мэдэгдээд тэр үеэс хүлээн зөвшөөрч эхэлсэн.
-Ээж хүний хувьд хүүгийнхээ төлөө эмчилгээний олон аргыг шантралгүй туршиж үзсэн байх даа?
-Үзэлгүй яахав. Ээж, аав хүн бүр л олон зүйлийг туршиж, судлаж, оролдож үзэх байх. Батука эмд тэсвэртэй, огт зогсдоггүй таталт өгдөг учраас яаж хамгийн бага түвшинд барих тал дээр л анхаарах хэрэгтэй байдаг. Солонгос болон Монголоос эм авч ууж байгаа. Сэргээн засах эмчилгээнд явуулаад дасгал хөдөлгөөн хийх үед ядраад таталт нь ихсэх хандлагатай болдог. Тэгэхээр эмийг нь таслахгүй өгөөд, нэмэлт өвчин тусгахгүй асрах нь чухал. Яагаад гэвэл есөн жил нөхөр бид хоёр шантралгүй оролдлого хийж, хөлд оруулах, өөрөө юм бариад иддэг болгох гэсэн нь зөвхөн бид хоёрын л хүсэл байсан. Өөрсдийн хүслийг хангахын тулд хүүгээ зовоохыг хүсэхээ больсон.
-Цахим орчинд нийтэлдэг бичлэг, зураг гэх мэт зүйлс тань их гэгээлэг. Адилхан зүйлийг туулж байгаа ээж аавуудад ч мөн маш их сэтгэлийг дэм өгч байгаа санагддаг?
-Тийм ээ. Нөхөр бид хоёрын зүгээс хүүхэд ийм оноштой болоход хэний буруу байв, би тээхдээ болон төрүүлж байх үедээ алдаа гаргасан уу, эмчийн буруутай үйлдэл үү гэх зэргээр нэгэнт болсон үйл явдлын бурууг хэн нэгнээс хайхыг хүсээгүй. Эмч нарын хэлдгээр тавилан нь тодорхой гэдэг үгийг бодоод цаг хугацаа алдахыг ч хүсээгүй. Тийм ч учраас аль болох гэгээлэг, гэгээтэй сайн сайхан бүхнийг нь харж амьдрахаар шийдсэн. Бичлэг хийж эхэлснээс хойш дөнгөж оношоо сонссон, ганц бие адил оноштой хүүхдээ өсгөж буй ээжүүд хэрхэн даван туулах талаар их асуудаг болсон. Өчигдөр л гэхэд нэг ээж холбогдсон. Би мэргэжлийн хүн биш ч гэсэн өөрийн туршлага дээр тулгуурлаад зөвлөгөө, мэдээлэл өгөхийг хичээдэг. Эдгээр зүйлийг ярилцаж байх явцдаа "Өнгөрсөнтэй зууралдаж бурууг хэн нэгнээс хайхын оронд цаашдаа яах боломжтой талаас нь хараад даван туулаарай" гэж хэлдэг.
-Хамгийн анхны таны бичлэг хийе гэдэг санаа юунаас төрсөн бэ?
-Бусад хүмүүсийн цахим орчинд нийтэлдэг бичлэгийг их үздэг байсан. Өөрөө хийж үзэх санаа байсан ч миний амьдралд сонирхолтой үзүүлэх юм байхгүй гэж бодоод хойш нь тавиад өнгөрдөг байсан. Харин нэг өдөр хүүхдүүдтэйгээ юу хийж буй талаарх зургуудаа аваад нийлүүлээд, зураг болгон дээрээ тайлбар бичээд бичлэг болгон оруулж байсан. Зорилго нь тусгай хэрэгцээт хүүхэд ямар байдаг, түүний гэр бүлийн хүмүүсийн өдөр тутмын амьдрал, сэтгэл зүй, нийгэм дүрвэж зугтаад байх шаардлагатай эсэх, илүү хайрлуулах гэж ирсэн хүмүүс юм зэрэг олон талаас нь харуулахыг хүссэн. Тийм ч учраас илүү сайжрахыг хүсэж, зураг эвлүүлж бичлэг хийдэг байсан бол цаашлаад өөрөө яриад хийх зэргээр хийж буй зүйлээ чанаржуулж байгаа.
-Зорилгодоо бага багаар хүрч байгаа юу?
-Ерөнхийдөө өөрсдийн анхны жижиг зорилгодоо хүрсэн гэж бодож байна. Бүхэл бүтэн нийгмийг өөрчилж, нөлөөлөх боломж багатай л даа. Анх бусдад урам өгөх ч юм уу тодорхой, нарийн зорилготой хийгээгүй. Өдөр тутмын амьдралаа харуулах таниулах, мэдүүлэх л хүсэл байсан. Харин бодит байдал дээрээ зарим хүмүүсийн харах өнцгийг өөрчилж, олон хүнээс урмын үг авч, хайрлуулсан. Мөн ядаж л тэрэгтэй хүүхэдтэйгээ явж байгаа хүнийг хараад "Өө нэг нөгөө Батука шиг хүүхэд юм байна шүү дээ" гэж хүмүүс хардаг болсон байх гэж найдаж байгаа. Өмнө нь гайхаж хардаг байсан бол одоо арай учиртай хүлээж авдаг болсон гэх юм уу.
-Бичлэгийг нь илүү олон хүн үздэг болж, анхны зорилгууд нь биелсний дараах хамгийн том зорилго, хүсэл нь юу байгаа бол гэж бодогдлоо?
-Миний бас нэг харуулах гэж боддог болсон зүйл бол ил талаасаа тусгай хэрэгцээт хүүхдийн онцлог, шаардлага. Харин цаад талаасаа хаалттай хаалганы цаана тусгай хэрэгцээт хүүхдийг битгий үлдээгээсэй, нийгэм дунд оруулаасай гэдэг зүйл юм. Явж чадахгүй, ярьж чадахгүй, харж чадахгүй гэх мэт олон янзын бэрхшээлтэй хүүхдүүд байлаа ч гэсэн тэд гадуур зугаалж, хайрлуулж, шинэ юм мэдрэх эрхтэй. Харин зарим нэг тохиолдолд хүмүүсийн нүднээс айж, ичиж хаалттай хаалганы цаана үлдээх тохиолдол байдаг. Үүнийг би өөрийн амьдралаараа өөр байж болно, ямар ч нөхцөлд байсан өөрчилж болно гэдгийг харуулахыг зорьдог болсон.
-Олон нь хүмүүсийн тан руу ханддаг сэтгэгдэл ч гэсэн их эерэг харагддаг. Энэ бүх хандалт сэтгэл санааны хувьд ч юмуу өөрчлөлт өгч чадсан болов уу?
-Бид гурвыг үздэг хүмүүсийн дийлэнх нь ээжүүд байдаг. Яг цэвэр хандалтаар хандаж үргэлж урмын үг илгээдэг. Бичлэг хийж эхэлснээр төрсний дараах сэтгэл зүйн асуудалд надад маш их дэм болсон. Олон ээжүүдийн урмын үг, хайраар эмчлэгдсэн. Яг л өөрийн үр хүүхдээ хайрлаж буй мэт бид гурвыг хайрласан сэтгэгдлүүд байдаг. Эргээд энэ их сэтгэлийг нь дааж авч явах хариуцлага бодогддог.
-Мэдээж олны дотроос хааяа эмзэглэм үг ч бас дуулах нь бий. Тэр бүхнийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Өмнө нь хэлснээр дийлэнх нь маш сайхан урмын үгтэй, аз жаргал ерөөсөн үгсийг хэлэх эсвэл зөвлөгөө, мэдээлэл авах зорилготой холбогддог. Гэхдээ хаа нэг сөрөг сэтгэгдэл орж ирдэг. Тэр дундаас нэг сонин сэтгэгдэл төрүүлсэн зүйл ирсэн. Ганц бие ээж гэсэн хүн холбогдсон. Тэрээр "Таныг харахад гэр бүл тань эрүүл харилцаатай, сайхан байна. Тэгэхэд би хоёрын хоёр эрүүл хүүхэд төрүүлээд өгсөн байхад, аав нь хаяад явчихсан" гэх утгатай зүйл бичсэн. Надад бол "Би эрүүл хүүхэд төрүүлээд хайрлагдаж чадахгүй байхад, чи тийм биш байж яаж хайрлагдаад байгаа юм" гэсэн л утгаар ойлгогдсон. Ийм зүйрлэл илэрхийлэл хэлэхээр нь яг үнэндээ буцаагаад хэлэх ч үг олддоггүй. Хүмүүсийн эерэг сэтгэгдэл нь илүү байдаг болохоор хүндээр хүлээж авахгүйг хичээдэг.
-Би ч бас таны бичлэгийн үзэгч. Анх Сэлэнгэ аймагт амьдардаг байсан шүү дээ. Хотод нүүж ирээд багагүй хугацаа өнгөрчихөв үү?
-Би өөрөө Дарханд төрөөд Улаанбаатар хотод өссөн. Манай нөхөр Сэлэнгэ аймагт төрж өссөн. Бид Сэлэнгэд суурин 10 жил амьдарсан. Хотод албан ёсны шилжүүлгээ хийгээд сар л болох гэж байна.
-Хүүхдээ хардаг ээжийн хувьд орон нутаг, хот хоёрын нийгэм болон орчны ялгаа хэр их байсан бэ?
-Орон нутгийн хувьд тайван, цэвэр агаартай, хэрэглээний зардал арай бага ч гэсэн эмнэлгийн үйлчилгээ талаас хүндрэлтэй байдаг. Харин хотод хүүхдүүдээ дагуулаад гарах үед орчны зүгээс асуудал их байдаг. Өөрийн бодож, төлөвлөсөн зүйлээс шалтгаалахгүй эрсдэл үүсэх боломжтой, бага зэрэг ээлгүй орчинтой. Хотод ирж суурьшсан хамгийн том шалтгаан нь эмнэлэг, эмчилгээ. Өнгөрсөн жил хүү хоёр удаа сандаргасан. Орон нутгаас яаралтайгаар хотын эмнэлэг явна гэдэг хүндрэлтэй. Хүүгийн биеийн байдал янз бүр болдог учраас хэзээ ахиж давтагдах эсэхийг урьдчилан мэдэх боломжгүй. Тийм учраас хотод орж ирсэн.
-Хүүдээ бүрэн анхаарал хандуулдаг, үргэлжийн завгүй ээжид охиноо хүлээж авах сонголт шийдвэрээ удаан бодож төлөвлөсөн үү?
-Миний хувьд ахиж хүүхэдтэй болно гэж бодохгүй болсон байсан. Хаширсан гэхэд болно. Ахиад ямар эмч таарах бол, эрүүл саруул төрөх болов уу гэх айдастай. Охиноо хүүгээсээ зургаан жилийн дараа олсон. Жирэмсэн гэдгээ мэдэх үедээ бид маш их баярласан. Хүүтэйгээ байсан цаг хугацааг үгүйсгээд, онцгүй байсан гээгүй ч яг үнэнийг хэлэхэд охиноороо ааваа, ээжээ гэж дуудуулах үед ийм үгээр цангасан байснаа мэдэрсэн. Мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө нь ахиад хүүхэд гарга, дүүтэй болговол гэр бүлийн харилцаанд тустай гэдэг байсан. Эрэгтэй, эмэгтэй хүнд уг асуудал өөр өөрөөр тусдаг учраас харилцаанд ч нөлөөтэй гэж зөвлөдөг байсан.
-Батука дүүтэй болоод хэрхэн хүлээж авсан бэ. Мэдрэмжээ ямар нэгэн байдлаар илэрхийлэхдээ?
-Манай хүү аав, ээжийнхээ талуудаас анхны ач, зээ нь. Ойрхон хүүхэд хамт байдаггүй байсан учраас бусад хүүхдийн уйлах чимээ, дуунд нь дургүй, уурлаад орилдог байсан юм л даа. Харин дүүдээ тэс өөр зан араншин гаргасан. Дотроо дүүгээ маш их хайралдаг нь мэдэгддэг. Дүү нь ахыгаа яаж ч ноолж, тоглож байсан уурладаггүй. Гэр бүлийн харилцаанд маш гэгээлэг, аз жаргалыг охин минь аавдаа, ээждээ, ахдаа мэдрүүлдэг.
-Батукагийн ээж гээд л бүгд мэдээд байдаг ч, аавынх нь талаар дагагчид нь сайн мэдэхгүй шүү дээ. Бүгдэд нь танилцуулбал?
-Манай нөхөр намайг маш их дэмждэг. Хийсэн бичлэгүүдийг үзээд зөвлөгөө өгдөг. Би өөрийгөө өөдрөг, цоглог, өөртөө итгэлтэй хүн гэж боддог. Энэ нь манай нөхөртэй хамааралтай. Амьдралд таарах олон асуудлыг муу ч гэх юм уу намайг ойлгодоггүй хүнтэй туулсан бол би болон гэр бүл, хүүгийн биеийн байдал ч гэсэн өдий зэрэгтэй байх уу гэдэг эргэлзээтэй. Харин нөхөр минь намайг үргэлж өөрөөр минь байлгаж, өөртөө итгэлтэй байхад тусалдаг. Түүндээ маш их баярлаж явдаг.
-Анхны бичлэгүүдийг нь санаж байна. Аавыгаа ажилд нь явуулчихаад л та гурвын нэг өдөр эхэллээ гэдэг байсан?
-Аавыгаа ажилд нь явуулаад л өглөөг эхэлнэ. Хүүхдүүдээ хувцаслаж, ариун цэврийг нь сахиулаад, хооллодог. Батукаг гурван цагийн зайтай хооллодог учраас миний ихэнх цаг гал тогоонд өнгөрдөг. Завсраар нь гэрээ цэвэрлээд, хоёр хүүхдээ ялгаа мэдрүүлэхгүйг хичээж тус бүртэй нь тоглоод яг л ээжүүд гэртээ байхад яаж өнгөрдөг шиг л байдаг. Асаргаа, арчилгааны хувьд л арай ялгаатай нэмэлт зүйлс байдгаас бусдаараа өөр ялгаа бараг л байхгүй.
-Хүүхэд хөгжлийн төвд хүүхдүүдтэйгээ өдрийг өнгөрүүлээд, давхар ажиллаж байсныг нь санаж байна?
-Хүүхэд хөгжүүлэх төвд сургууль, цэцэрлэгт хамрагдах боломжгүй эсвэл нас нь хэтэрсэн гэх мэт хүнд хэлбэрийн тусгай хэрэгцээт хүүхдүүд хамрагддаг. Хүүгээ тэнд явуулаад давхар намайг охиноо харангаа ажиллах санал тавьсан юм. Миний хувьд Батукаг асардаг юм чинь бусад хүүхдүүдийг ч бас асарч чадах мэдрэмжтэй байсан. Нөхөр харин "Нэг Батукаг асрах, нэлээн хэдэн Батукаг асрах ялгаатай шүү дээ. Чадна гэдэгтээ итгэлтэй байна уу" гэж асуусан. Тэр үед нь би чадна гэж хариулсан. Гэхдээ яг бодит байдал дээр нөхрийн зөв байсан. Хүүхэд бүрийн хөгжлийн онцлог өөр учраас бодож байснаас хэцүү санагдсан. Хүүгийн хувьд ч тэр хоолны цагийн хуваарь алдагдаад, ирэх очих үедээ явдал дундаа ядарч таталт нь ихэссэн. Үүнээс болоод эмнэлэгт хэвтсэн. Тэгээд л тэр ажлын карьер дууссан даа.
-Тусгай хэрэгцээт хүүхэдтэй болон оношоо сонсоод удаагүй ээж, аавуудад та өөрийн туршлагаас харамгүй зөвлөгөө өгөөч гэвэл?
-Үхтэл үр харам гэдэг үг байдаг. Ээж хүн хүүхэд нь хүндрээд эмч нар хөнгөвчлөх эмчилгээ хийх аргагүй боллоо гэсэн ч хийлгэхгүйг л боддог. Төрөлхийн сэтгэл зүй нь байдаг учраас зоригтой бас шантардаггүй юм шиг санагддаг. Харин зарим эрэгтэй хүмүүсийн хувьд сэтгэл зүйгээрээ энэ тал дээр арай сул санагддаг. Гэхдээ бүгд адилгүй. Эхний хүлээж авах сэтгэл хөдлөлийн хувьд л тэр. Тийм учраас эцэг эхүүд хамтдаа байж даван туулж, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хөгжлийн хоцрогдол, тусгай хэрэгцээт болох нь бидний амьдралын хэв маяг, удамшил, тохиолдол, эмч нарын буруутай үйлдэл гэх мэт ямар ч тохиолдлоор учирч болзошгүй. Амьдралд ам гарч болохгүй гэдэг үг бий. Хүний хүүхдийг, хүнийг бодлогогүй ярьж, шүүмжилж болохгүй. Тийм учраас шинээр оношлогдож буй Батука шиг хүүхдүүд бага байгаасай, хөндлөнгийн хүмүүс битгий шүүмжлээсэй гэж хүсэж байна. Хэрвээ шинээр оношлогдсон, хүүхэд тань тусгай хэрэгцээт бол өвчтэй гэдэг үгийг хэт анхаарч цаг хугацааг дэмий битгий алдаасай гэж хүсэж байна. Мөн эмчилгээ болон асаргааны явцад эцэг, эхчүүд өөрсдийгөө хаялгүй хоорондын харилцаагаа ч анхаараад гэр бүлээрээ аз жаргалтай байгаасай гэж хүсэж байна.
-Ярилцсанд баярлалаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
mundag ger bvl baina yasan huurhun hvv we
zaluuhan ingeed hamtdaa dawj baigaad baharhaj baina.
ervvl enhiig hvsy
mundag ger bvl baina amjilt ervvl enh hamgiin sain saihan bvhniig hvsey
zuwhun uragshaa harj vr hvvhdiinhee sain saihnii tuluu l amidraarai
Ямар чадварлаг юм❤️
Tanai ger bul az jargal, amjiltaar byalkhaj baig.
Мундаг хосууд байндааа жинхэн гайхамшигтай тэмцэлтэй үнэнч хосууд байна
үнэхээр их урам авдаг шүү ????????♀️