БНХАУ худалдааны дайнаас эдийн засгаа хамгаалахын тулд бодлогын хүүгээ бууруулав

Мягмар гарагт /2025.05.19/ БНХАУ өнгөрсөн аравдугаар сараас хойш анхны удаа бодлогын хүүгээ бууруулав. Үүнтэй зэрэгцэн тус улсын томоохон банкнууд хадгаламжийн хүүгээ багасгажээ. Энэ нь эрх баригчид мөнгөний бодлогыг зөөлрүүлж, АНУ-тай үүсээд буй худалдааны дайны нөлөөнөөс эдийн засгаа хамгаалахаар зорьж буйтай холбоотой.
Тус улсын Ардын банкнаас мэдээлэхдээ нэг жилийн зээлийн жишиг хүү (LPR) 10 нэгжээр буурч 3 хувь болсон бол таван жилийн зээлийн хүү мөн адил хэмжээгээр буурч 3.5 хувь болгожээ.
БНХАУ-ын төв банк шинжээчид болон олон нийтийн таамаглаж байснаар бодлогын хүүгээ ийнхүү бууруулав. Уг арга хэмжээ хоёр дахь том эдийн засаг саарч буй энэ үед хэрэглээ болон зээлийн өсөлтийг дэмжихийн зэрэгцээ арилжааны банкнуудын ашигт ажиллагаа хумигдаж байгааг хамгаалах зорилготой юм.
Гэхдээ бодлогын хүүг харьцангуй бага хэмжээгээр бууруулжээ. БНХАУ нь сүүлийн жилүүдэд мөнгөний бодлогыг аажмаар зөөлрүүлж байгаа юм. Бээжин АНУ-тай хийж буй худалдааны дайнд эрсдэлтэй алхам хийхээс болгоомжилж байгааг тусгасан алхам байлаа гэж шинжээчид үзжээ.
БНХАУ-д олгож буй шинэ болон олгосон зээлүүдийн ихэнх нь нэг жилийн LPR дээр үндэслэдэг. Харин таван жилийн хүү нь орон сууцны зээлийн хүүг тодорхойлоход нөлөөлдөг. Энэхүү хоёр хүүгийн түвшин 2019 онд LPR тогтолцоог шинэчилснээс хойших хамгийн бага түвшинд хүрээд байна.
Зээлийн хүүг бууруулсан мэдэгдлийн дараа Хятадын таван том төрийн өмчит банк хадгаламжийн хүүгээ бууруулснаа зарлав. Тухайлбал Хятадын Аж Үйлдвэр, Худалдааны Банк, Хөдөө Аж Ахуйн Банк, Хятадын Барилгын Банк, Хятадын Банк зэрэг багтсан бөгөөд эдгээр нь тодорхой хугацаатай хадгаламжийн хүүгээ 5-25 нэгжээр бууруулжээ.
Томоохон банкнууд хадгаламжийн хүүгээ бууруулсан нь жижиг банкуудыг ижил төстэй алхам хийхэд чиглүүлж болох юм. Бодлогын хүүг бууруулах шийдвэрийн дараа банкны хувьцааны үнэ бага зэрэг өсөж, CSI банкны индекс мягмар гарагаас /2025.05.20/ хойш 0.6 хувь орчим өссөн байна.
Хятадын MUFG банкны санхүүгийн зах зээлийн ахлах шинжээч Марко Сан хэлэхдээ энэхүү хүүгийн бууралт нь зээл олголтыг дэмжиж, хэрэглээг тэлэх зорилготой гэж мэдэгджээ. Сан "Хэрэв гадаад геополитикийн эрсдэл илт дордож, эдийн засаг тогтворжино гэсэн найдлагыг үгүй хийхгүй л бол төв банк ойрын саруудад ажиглах байр суурь баримтлах магадлалтай" хэмээсэн юм.
Эдийн засгийн сэргэлт эмзэг хэвээр байна
Хятад, АНУ хоёр 90 хоногийн хугацаанд шинэ тарифыг 110 хувиар бууруулахаар тохиролцсоны дараа дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банкууд БНХАУ-ын энэ жилийн эдийн засгийн өсөлтийн таамаглалаа өсгөж байна. Гэвч хоёр улсын худалдааны хэлэлцээр тодорхойгүй хэвээр байгаа юм.
Nomura фирмийн Хятадын эдийн засаг хариуцсан ахлах эдийн засагч Тинг Лу "Бээжин ойролцоогоор 5 хувь гэх өсөлтийн зорилгодоо хүрэхэд томоохон хэмжээний эдийн засгийн дэмжлэг явуулахгүй бол маш хэцүүхэн хэвээр байна. Худалдааны дайны түр намжмал байдлыг харгалзан үзвэл, Бээжин шаардлагатай урамшуулал ба шинэчлэлийг хэрэгжүүлэх дарамт харьцангуй багассан байж болох юм" гэжээ

Сүүлийн үеийн эдийн засгийн үзүүлэлтүүдээс харахад өсөлт тогтмол бус, сул хэвээр байна.
БНХАУ-ын шинэ орон сууцны үнэ дөрөвдүгээр сард өмнөх сараас өөрчлөлтгүй гарсан. Үл хөдлөхийн салбар нь тус улсын ДНБ-ий 20 орчим хувийг бүрдүүлдэг. Бээжин үл хөдлөхийн салбарыг тогтворжуулах гэж оролдсон ч бараг хоёр жил үргэлжилж хямрал дуусаагүй гэдгийг харуулсан. Үүний зэрэгцээ шинэ зээлийн хэмжээ өнгөрсөн сард шинжээчдийн таамаглаж байснаас их хэмжээгээр унажээ.
Банкнуудын ашиг шахалтад орж байна
Мягмар гарагт зарласан хүүгийн бууралт нь урьдчилан авсан арга хэмжээ гэж “ANZ” банкны Хятадын ахлах стратегич Син Жаопэн хэлжээ. Тэр "Нэг зорилго нь арилжааны банкнуудын хүүгийн зөрүүг сайжруулж, ирээдүйд бэлтгэх явдал" хэмээж, долоодугаар сарын эцэс гэхэд дахин нэг удаа хүүг бууруулна гэж таамаглаж буйгаа илэрхийлсэн юм.
“Moody's” агентлагийн шинжээч Николас Жу БНХАУ бодлогын хүүгээ бага түвшинд удаан барина гэж үзэж байна. Тэрбээр "Хадгаламжийн зардал буурснаар хөрөнгийн өгөөж багасаж буй нөлөөг тодорхой хэмжээнд саармагжуулж байгаа. Банкнууд бодит эдийн засгийг дэмжих шаардлага өндөр байгаа учраас өгөөжийн дарамт үргэлжилж байна" хэмээжээ.
БНХАУ-ын Ардын банк2 023 оны долоо болон аравдугаар сард бодлогын хүүг бууруулсны дараа томоохон банкнууд хадгаламжийн хүүгээ бууруулсан. Үүний өмнө банкнууд гурван удаа хадгаламжийн хүүгээ бууруулж байсан юм.
Том таван банк анхны улирлын орлогоо танилцуулахдаа зээлийн ашиг бага байсныг мэдээлж, зарим нь ашиг нь буурсан гэж мэдэгдлээ. Энэ нь банк санхүүгийн салбар удаан үргэлжилж буй эдийн засгийн өсөлтийн удаашралын нөлөөнд өртөж буйн шинж.
Арилжааны банкнуудын ашгийн гол үзүүлэлтүүдийн нэг болох цэвэр хүүгийн ашиг энэ оны эхний улиралд 1.43 хувь болж, түүхэн доод түвшинд хүрсэн тухай албан ёсны тоо баримтад дурджээ.
Хятадын Олон улсын хөрөнгийн корпорацын шинжээчдийн үзэж буйгаар, зээлийн эрэлт сул хэвээр байгаа энэ үед банкнууд хямд зээлээр үйлчлүүлэгчдийг татахаар ширүүн өрсөлдөж байгаа тул цэвэр хүүгийн ашиг энэ онд дахин 10–15 суурь нэгжээр буурах төлөвтэй гэсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.