Bne IntelliNews: Монгол улс өсөн дэвжиж байгаа ч БНХАУ-аас хамааралтай хэвээр байна

Евразийн бүсэд макро эдийн засаг, геополитик зэрэг салбарын чиглэлээр зөвлөгөө өгдөг “Macro Advisory” фирмийн гүйцэтгэх захирал Крис Уифер Монгол Улсын талаар бичиж, “BNE IntelliNews” сайтад нийтлүүлжээ. Тус нийтлэлийг орчуулж хүргэе.
Гурван жилийн өмнө Монгол Улс эдийн засгийн хүнд байдалд орж, гадаад өрөө төлж чадахгүй дефолт зарла аюул нүүрлээд байв. 2020–2021 онд БНХАУ-руу гаргаж байсан зэс, нүүрсний экспортын хэмжээ болон үнэ огцом буурснаас үүдэн тус улсын орлого эрс багассан. Мөн Оюу Толгойн төслийн гол хувьцаа эзэмшигчидтэй холбоотой маргаанаас болж төслийн явц удааширсан байдаг. Төсвийн нөхцөл байдал хүндэрч, засгийн газар нь дэд бүтцийн шинэчлэл, хөдөө аж ахуй, Улаанбаатарыг хамарсан байгаль орчны асуудлуудад зарцуулах мөнгө хом болсон.
Одоогийн нөхцөл байдал 2021 оныхтой харьцуулахад мэдэгдэхүйц дээрдсэн байгаа. 2022 оны сүүлээр БНХАУ хилээ нээж, болон Бээжин, Канберрагийн хоорондын зөрчлөөс шалтгаалан Монголын нүүрсний экспорт эрс нэмэгдсэн байдаг. Мөн цахилгаан автомашины үйлдвэрлэл өссөнөөр зэсийн эрэлт нэмэгдсэн. Рио Тинто компани уул уурхайн маргаантай асуудлаа шийдвэрлэж, Оюу Толгойн зэс, алтны уурхайн томоохон өргөтгөлд хөрөнгө оруулах шийдвэр гаргасан юм.
2022 оны хоёрдугаар хагасаас хойш улсын төсөв ашигтай гарч байгаа. 2023, 2024 онуудад гадаад худалдаа болон урсгал тэнцлийн ашиг ч өссөн. Энэ нь гадаад өрөө цагт нь төлж, мөнгө хуримтлуулах боломжийг Монгол Улсад олгосон. Гадаад өр нийтдээ 37 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 150 хувиас давсан хэвээр байгаа. Харин улсын өр (Sovereign debt) 2021 онд ДНБ-ий 70 хувь байсан бол одоо 40 хувь болж буурчээ. Засгийн газар олон түвшин бүхий Үндэсний баялгийн сан байгуулах ажлыг эхлүүлж, валютын нөөцөө өсгөж байна. Эдгээр сайжруулалтыг тусган олон улсын гурван үнэлгээний байгууллага Монголын эрсдэлийн үнэлгээг сайжруулж, эерэг болон тогтвортой төлөвтэй болгосон.
Гэвч
эвслийн засгийн газар улс төрийн тогтвортой байдлыг хангаж чадах уу?
Монгол Ардын Нам сайжирсан санхүүгийн нөхцөл байдлыг ашиглан Ардчилсан Нам болон Хөдөлмөрийн Үндэсний Намтай
тохиролцон их
эвсэл байгуулсан. Энэ нь тус улсад төрийн тогтвортой байдал бий
болгож, нийгэм болон үйлдвэрлэлийн шинэчлэлд хамтран ажиллах нөхцөл бүрдсэн.
Гэхдээ хэвлэл болон бусад шүүмжлэгчдийг
дарамтлах хандлага байгаа гэж үздэг хүмүүс цөөнгүй бий.
Эвслийн засгийн газрын гол бодлого нь “Мега төслүүд” хэмээх дэд бүтцийн томоохон төлөвлөгөөнүүд юм. Энэ хүрээнд 14 томоохон дэд бүтцийн төсөл хэрэгжүүлж, эдийн засгаа шинэчлэх, ирээдүйн хөгжлийн суурь тавих зорилготой. Эдгээр төсөлд цэвэр эрчим хүч үйлдвэрлэл, тээврийн сүлжээ, усны менежмент, нийслэлийн ачааллыг бууруулах шинэ хот байгуулах зэрэг төлөвлөгөө багтаж буй. Өмнөх төслүүдэд хэт удаашрал, авлига, байгальд учруулсан хор хохирлыг асуудал гарч байсан тул тэдгээр төслийг шүүмжилдэг хүмүүс байгаа. Ямартай ч эвслийн засгийн газрын зарим төсөл хүлээлтээс хурдан урагшилж байна.
Гэсэн эдгээр эерэг өөрчлөлтүүд нь уул уурхайн салбарын тэлэлт, экспортын орлого, тэр дундаа БНХАУ-ын эдийн засгаас шууд хамааралтай хэвээр. Монгол экспортынхоо 90 хувийг БНХАУ руу гаргадаг. Ийм учир нүүрс, зэсийн эрэлт, үнэ Монголын ирээдүйд нэн чухал. Засгийн газар төсвийн тэнцвэртэй байдал, өрийн менежментийг болгоомжтой хийх бодлого баримталж байгаа учраас мега төслүүдэд зарцуулах нь зөвхөн уул уурхайн татвар болон экспортын орлогоос л орж ирнэ.
АНУ-ын шинэ импортын татварууд Монголд шууд хүндээр тусахгүй ч БНХАУ-аар дамжин нөлөөлж магадгүй. Хэрэв АНУ, БНХАУ тохиролцоонд хүрч чадахгүй бол Хятадын үйлдвэрийн үйл ажиллагаа буурч, нүүрс, зэсийн эрэлт унах магадлалтай. Эсвэл БНХАУ Монголоос оруулж ирдэг түүхий бүтээгдэхүүнийг худалдан авах үнээ бууруулж магадгүй. ОХУ экспортын зах зээлээ сэргээхийн тулд БНХАУ-д хямд үнээр материал нийлүүлэх сонирхолтой байгаа одоо үед энэ нь нэмэлт дарамт болж өгнө.
Монголын засгийн газар уул уурхайн татварыг нэмэх зорилготой байгаа ч энэ алхмыг маш болгоомжтой хийх шаардлагатай. Төр шинэ төсөл хэрэгжүүлэх, Үндэсний баялгийн сангийн гурван хэсгийг санхүүжүүлэхийн тулд уул уурхайн татварын бүтэц, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт өөрчлөлт оруулах гэж байгаа. Евразийн бүсэд гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалт хийсний дараа татварын нөхцөл өөрчлөгдөх явдал түгээмэл гардаг. Гэхдээ ингэж татвар нэмэх нь эгзэгтэй, эмзэг асуудал юм. Ялангуяа Монголд нэмж их хэмжээний гадаад хөрөнгө оруулалт цуглуулах шаардлагатай байгаа энэ үед.
Монголын нийгэмд олон нийтийн үл итгэх байдал байна. Өнгөрсөн өвлийн жагсаал энэ зун давтагдаж, өвөл рүү дамжин өрнө үү гэдэг нь хөрөнгө оруулагчдын хувьд санаа зовоосон боллоо. 2022 онд өрнөсөн томоохон эсэргүүцлийн жагсаал “нүүрсний мафи”-тай холбоотой байсан. Тус жагсаал өндөр албан тушаалтнууд Хятадын компаниудад хямд үнээр нүүрс нийлүүлж, дундаас нь ашиг олсны улмаас өрнөсөн. Монголын иргэд төрд нь үүсээ буй авлигын асуудлыг шийдэж чадахгүй байгаад бухимдалтай хэвээр. Санал асуулгад оролцсон хүмүүсийн ихэнх нь мега төслүүдийг ихээхэн хэмжээний мөнгө завших дахин нэг шалтгаан гэж харж байна. Мөн уул уурхайн салбарын хөгжил нь байгалийн гоо үзэсгэлэн, зэрлэг ан амьтан, нүүдлийн соёлд сөргөөр нөлөөлнө гэх айдас байгаа юм.
Авлигаас гадна байгаль орчны асуудлууд ч мөн шийдэгдээгүй. Улаанбаатарын агаарын бохирдол, замын түгжрэл, нийгмийн үйлчилгээний чанар муу зэрэг асуудлуудтай холбоотой гомдол, дургүйцэл их бий. Сүүлийн хоёр өвөл болсон гамшигт зудын улмаас хөдөө орон нутгаас олон хүн хот руу шилжин ирж, гэр хорооллын хэмжээ тэлснээр нөхцөл байдал улам дордсон.
Засгийн газар тэтгэвэр тэтгэмж, төрийн албан хаагчдын цалинг 20 орчим хувиар нэмсэн. Гэхдээ үүнийгээ тогтмол барьж чадах эсэх нь БНХАУ-ын эдийн засаг болон уул уурхайн салбарын татвар-хөрөнгө оруулалтын тэнцвэрээс хамаарна.
Нийгэм-улс төрийн тогтвортой байдалд эрсдэл учруулж буй өөр нэг зүйл бол инфляц. Монгол банк 2025 оны инфляцын зорилтот түвшнийг 8 хувь гэж тогтоосон ч инфляц хоёрдугаар сард 9.6 хувь, 4-р сард 8.5 хувьтай гарсан. Ирэх улирлуудад гурил, мах, махан бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх төлөвтэй. Дотоод эрэлт нэмэгдэж, төгрөг суларснаар импортын болон дотоодын бараа бүтээгдэхүүний үнэ өснө.
Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд Монголд хөрөнгө оруулах хамгийн боломжит хувилбар нь уул уурхайн салбартай холбоотой хэвээр байна. Олон уул уурхайн компаниуд олборлолт, экспортын хэмжээгээ нэмэгдүүлэхээр зорьж байгаа ч энэ нь БНХАУ-ын эрэлт, үнэ ханшаас хамаарна.
Монгол Улс “Гуравдагч хөрш” бодлогын хүрээнд Энэтхэгтэй харилцаагаа бэхжүүлж, худалдан авагч болон хөрөнгө оруулагч түншүүдээ төрөлжүүлэхээр оролдож байгаа. Энэтхэг Улаанбаатарын ойролцоо тус улсын анхны газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлж байгаа юм.
Цаашид мега төслүүдтэй холбоотой барилгын техник хэрэгсэл, инженерчлэл, үйлчилгээний салбаруудад ч том боломж гарч болзошгүй. Гэхдээ энэ нь цаг хугацаа, цар хүрээ нь БНХАУ-ын эдийн засаг, түүхий эдийн эрэлтээс хамааралтай.
Эх сурвалж: Bne IntelliNews
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.