ОХУ-ын Украинд хариу өгөх цохилт хараахан дуусаагүй гэж барууны албан тушаалтнууд үзэж байна

Украин ОХУ-ын газар нутгийн гүнд дроноор халдсаны хариу цохилт хараахан дуусаагүй гэж дүгнэж буйгаа АНУ-ын албан тушаалтнууд “Reuters” агентлагт хэлсэн байна. Хариу арга хэмжээний гол хэсэг хараахан эхлээгүй, олон талтай цохилт болж магадгүй гэж эх сурвалжууд хэлсэн аж.
Москва хэзээ бүрэн хариу арга хэмжээ авах нь тодорхойгүй. Нэгэн эх сурвалж ойрын хэдэн хоногийн дотор өгнө гэж таамаглаж байгаа хэмээжээ. Өөр Америк албан тушаалтан хэлэхдээ хариу цохилтыг пуужин, дрон гэх мэт янз бүрийн агаарын зэвсэг хавсарсан байдлаар өгөх магадлалтай гэсэн юм.
ОХУ-ын зэвсэгт хүчин өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Киев рүү дроноор томоохон цохилт өгсөн. Оросын Батлан хамгаалах яам мэдэгдэл хийхдээ зэвсэгт хүчний болон зэвсэгт хүчинтэй холбоотой дэд бүтцүүдэд цохилт өгсөн хэмээсэн юм. ОХУ-ын албан тушаалтнууд Украины цохилтыг террорист халдлага хэмээн тодорхойлсон.
Барууны дипломат эх сурвалж “Reuters” агентлагт хэлэхдээ ОХУ-ын хариу арга хэмжээ эхэлсэн байж магадгүй ч Киевт тодорхой мессеж илгээх гэж оролдоно гэжээ. Үүнийгээ Украины бэлэг тэмдэг бүхий объектууд буюу засгийн газрын барилга гэх мэт зүйлсэд цохилт өгч магадгүй хэмээсэн байна.
Өөр нэгэн барууны дипломат Москвагийн зүгээс дахин томоохон дайралт хийнэ гэж таамаглаж байгаа гэжээ. Тэр эх сурвалж “Асар том, хэрцгий цохилт байх болно” хэмээсэн юм.
Олон улсын энх тайвны төлөөх Карнегийн сангийн Орос шинжээч Майкл Кофман хэлэхдээ Москва халдлагад оролцсон Украины дотоодын аюулгүй байдлын агентлагт хариу барих гэж оролдож магадгүй гэжээ. Мессеж илгээхийн тулд ОХУ дунд тусгалтай баллистик пуужин харваж магадгүй хэмээж тэр хэлсэн байна.
Кофман “Украины дотоодын аюулгүй байдлын агентлаг, бусад бүс нутгийн тагнуулын захиргааны байруудад хариу цохилт өгөх магадлал өндөр байна” гэжээ. ОХУ мөн Украины батлан хамгаалахын үйлдвэрүүд рүү цохилт өгч магадгүй юм.
Гэхдээ ОХУ-ын барих хариу арга хэмжээний цар хүрээ хязгаарлагдмал байж магадгүй гэж Кофман хэлжээ. Учир нь Москва Украин руу ихээхэн цэргийн хүчээ дайчилж байгаа. Тэр “Ерөнхийдөө ОХУ сүүлийн хэдэн сар өгч буй цохилтоо эрс нэмэгдүүлэх чадвар нэлээд хязгаарлагдмал” гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.