Ховордсон 3000 загасыг зориудын аргаар үржүүлэн, нутагшууллаа

Загас хамгаалал, сэргээн нутагшуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Жаргалант Идэр Тул” НҮТББ нь Монгол Улсад ховордсон загасны нэг болох Шөвгөр хоншоорт зэвэг загасны зориудын үржүүлэг, нутагшуулах ажлыг амжилттай хийсэн байна.
Тус байгууллага нь Хөвсгөл аймгийн Идэр голын сав газар, мөн Хөнжил, Тойн голыг түшиглэн хамгаалах, загасжуулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг ба энэ хүрээнд хээрийн нөхцөлд байршуулсан загас үржүүлгийн лабораторид зориудын аргаар түрс гарган авч, үр тогтоох ажлыг хийжээ.
Тодруулбал, 2025 оны тавдугаар сарын 4-нд Шөвгөр хоншоорт зэвэг загасны 200 мянга гаруй түрсийг үр тогтоон, амжилттай бойжуулж, зургаадугаар сарын 14-нд төрлөх орчин болох Жаргалант сумын нутагт орших Хөнжилийн голд жараахайнуудыг нутагшуулсан байна.
Уг ажлынхаа зорилгыг тэд хэлэхдээ, "Гол, нуур зэрэг усан орчинд амьд организмууд байгалийн хуулиар амьдардаг. Хүчтэй нь амьд үлдэж, идэш тэжээл, нуувч, хүчилтөрөгч ихтэй хэсгүүдэд бяцхан жараахайнууд илүү амьдрах боломжтой байдаг. Манай жараахайнууд ч мөн адил ийм нөхцөлд дасан зохицож, өсч томроосой гэж найдаж байна. Тэдний зарим нь эндэх ч, ихэнх нь амжилттай өсөж, загасны нөөцийг сэргээхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна" хэмээжээ.
“Жаргалант Идэр Тул” НҮТББ нь Монгол орны унаган загасны төрөл зүйлийг хамгаалах, биологийн олон янз байдлыг хадгалах зорилготойгоор цаашид ч ийнхүү үргэлжилсэн ажил явуулах ажээ.
Нэмэлт: Шөвгөр хоншоорт зэвэг загас нь Монгол орны гол мөрөнд өргөн тархалттай байсан ч сүүлийн жилүүдэд тоо толгой нь эрс цөөрч, ховордож буй унаган загасны нэг төрөл ажээ. Ховордох болсон шалтгаан нь олон янз. Хүний буруутай үйл ажиллагаа, усны түвшин буурах, загасны хэт агнуур гэх мэт. Энэхүү загас нь цэвэр, урсгал усанд амьдрах дуртай бөгөөд тухайн голын экосистемийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэгтэй юм. Зөвхөн Монголд төдийгүй ОХУ, Хятад зэрэг төв Азийн зарим нутагт тархсан байдаг. Түрсээ хаврын сүүл, зуны эхэн үеэр буюу таваас зургаадугаар сард шахдаг байна.




















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Идэрийн гол дээр энэ төсөл хэхэржээд нэмэр нь хэр бол доо. Тэртээ тэргүй загас ихтэй голд загас үржүүлэг хийж байгаа нэрээр мөнгө угаагаад байгаа м шиг. Нөгөө манай урвагч сайд С.Баяр хүртэл Монголын хамгийн их загастай голд загас үржүүлнэ гээд мөнгө угаагаад явгна лээ шд. Шишгэд голд баяр гэгч урвагч жуулчны баазтай, тэр бааздаа гакхны жуулчид өндөр үнээр авдаг тэгээд бас загас үржүүлэг нэрээр мөнгө угаагаастай. Энэ ИДЭРИЙН ГОЛЫН ТӨСӨЛ БОЛ ҮР ДҮНГҮЙ СУДАЛГАА БАЙХГҮЙ, ТЭРТЭЭ ТЭРГҮЙ БУСАД ГОЛУУДЫГ БОДВОЛ ЭЛБЭГ ЗАГАСТАЙ ШД.