Улс төрийн ярилцлага

О.Номинчимэг: Шуудхан хэлэхэд би аль ч талын хүн биш шүү дээ

УИХ-ын гишүүн О.Номинчимэгтэй ярилцлаа. Бид сонгуулийн өмнө ярилцаж байсан. Токиогийн их сургуульд бакалавр, Колумбийн их сургуульд магистр хамгаалж, Нью-Йоркийн хуулиар мэргэшсэн хүн парламентад хөл тавиад өнгөрсөн хугацаанд юу хийв гэдгийг товч асуулаа. Тамхины хяналтын тухай хууль дээр ажиллаж байгаа нь одооноос маргаан дагуулж эхэлсэн. Хамгийн сүүлд тэрбээр хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг амжилттай ахалж, ажиллаад байгаа юм.

-Хууль тогтоомжийн тухай хууль бол парламентын үйл ажиллагаанд үндсэн нөлөөтэй. Үүнд ямар концепцоор өөрчлөлт оруулъя гэж анхны санаачилга гарсан юм бэ?

-Д.Цогтбаатар, Б.Энхбаяр, Х.Баасанжаргал нарын есөн гишүүн энэ хуулийг санаачилж, өргөн барьсан. Харин миний хувьд УИХ дахь ажлын хэсгийг ахалж, ажиллалаа. Энэ хууль анх 2015 онд батлагдсанаас хойш хэд хэдэн удаа өөрчлөгдсөн байдаг.

Харин энэ удаагийн өөрчлөлт гурван үндсэн концепцоор орж ирсэн.

Нэгт, хууль тогтоомжоор биш захиргааны хэм хэмжээний актаар нийгмийн харилцааг зохицуулах нь нийтлэг болчихсон байна. Хууль тогтоох онцгой бүрэн эрх УИХ-д байдаг. Харин энэ чиг үүргийн зарим хэсгийг Засгийн газарт шилжүүлж өгсөн дүр зураг харагдаж байгаа. Тухайлбал, “Энэ асуудлаар Засгийн газар өөрөө журмаа батална” гэдэг байдлаар гүйцэтгэх засаглалд хэм хэмжээ тогтоох эрхийг олгодог болжээ. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 415 хуулиас эх авсан 2400-аад захиргааны хэм хэмжээний акт батлагдсан байна. Энэ балансыг засахгүй бол анхны хуулийн зорилтоос гажуудсан, цаашлаад авлига албан тушаалын гэмт хэргийн суурь нөхцөлийг үүтгэж мэдэх журмууд батлагдаж байгаа. Ингэж үзээд, хүрээ хязгаарыг нь нэлээд нарийвчиллаа.

Хоёрт, бид хүний эрхийг дээдэлдэг хүнлэг энэрэнгүй нийгмийг бүтээнэ гэж Үндсэн хуулиар зорьдог. Гэвч зарим нөхцөлд асуултын тэмдэг тавигдаж байна. Олон улсын тавцандаа бид тийм ч муу биш. Манай улсыг хүний эрхийн чиглэлд маш дэвшилтэт гэдгээр олон улсын байгууллагууд үнэлж байдаг. Гэхдээ анхаарах ёстой асуудлууд байгаа. Хэвлэлийн эрх чөлөө, хүүхэд ба гэр бүл гэх мэтээр тухайлан анхаарах шаардлага бий. Харин хууль өөрөө хүний эрхийг хамгаалахад, зөрчихгүй байхад чиглэх ёстой. Иймээс энэ агуулгыг хууль боловсруулах шатанд анхаарч, нягталдаг байя гэсэн шалгуур үзүүлэлтүүдийг оруулж ирсэн.

Гуравт, бусад буюу хуулийг илүү чамбай боловсруулъя, олон нийтээр хэлэлцүүлж, саналыг нь авдаг байя гэсэн концепцын өөрчлөлтүүд хийгдлээ. Хэлэлцүүлэг хийдэг ч ирсэн саналыг ер тусгадаггүй. Яагаад тэр саналыг тусгаагүй нь тодорхой биш байдаг. Иймд заавал товъёоглож, хэлэлцүүлгийн саналыг авсан бол авсан, аваагүй бол яагаад гэдгийг хавсарган танилцуулах ёстой. Тэгэхээр хуулийг илүү өндөр түвшинд боловсруулдаг байх шалгууруудыг суулгаж өгсөн.

-Эцсийн хэлэлцүүлэг хүртэл өөрчлөгдсөн зүйл бий юу. П.Сайнзориг гишүүний хувьд УИХ-ын чуулган дээр тодорхой хасах саналуудыг оруулж ирэн босгох гэж оролдох шиг анзаарагдсан?

-П.Сайнзориг гишүүний хувьд энэ хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан практик туршлагатай. Тэр үүднээсээ төдийлөн шаардлагагүй гэж үзсэн заалтуудаа хасах санал дэвшүүлсэн.  Бид хасах боломжгүй гэдгээр мэргэжлийн байнгын хороон дээр нэлээд мэтгэлцээн өрнүүлсэн. Техникийн хувьд засах шаардлагатай гэсэн зарим заалтууд бол ажлын хэсгээс ч орж ирсэн. Тэгэхээр үндсэн концепцоос бол төдийлөн гажихгүйгээр батлагдаж чадсан.

-Хэр улстөржиж байв. Эцсийн хэлэлцүүлэг сонсоход А.Ариунзаяа гишүүн жендерийн агуулгыг оруулсангүй, хуулийн хулгай боллоо гэхчлэнгээр ширүүн үг хэлж байна лээ. Зарим талаар бас улстөрчдийн эрх ашигт шууд нөлөөлөх өөрчлөлтүүд биш шиг байна?

-Улстөржилт гэхээсээ мэргэжлийн мэтгэлцээн өрнөсөн гэж харж байгаа. Жендерийн агуулгын тухайд эмэгтэй гишүүний хувиар анхаарч байгаа. Түүнчлэн энэ өөрөө зөвхөн эмэгтэй хүний ч асуудал биш юм. Жендерийн үнэлгээ хийвэл манай эрэгтэйчүүдийн асуудал илүү ихээр хөндөгдөх магадлал бий. Боловсрол, эрүүл мэндийн асуудал байна. Эрэгтэйчүүддээ бас анхаарахгүй бол, жендер гэхээр эмэгтэйчүүдийн л тухай ярьдаг мэт ойлголтыг нийгэмд битгий өгөөсэй гэж хардаг.

А.Ариунзаяа гишүүний саналын тухайд, нэгэнт жендерээр ялгаварлан гадуурхахгүй байх зарчим нь олон улсын нэр томъёоны хүрээнд багтсан. Харин техникийн шалгууртаа үгчилж оруулах нь хууль зүйн хувьд төдийлөн зөв биш гэж үзсэн байгаа.

-Ер нь уншигчдын бодит амьдрал дээр буулгаж энэ хуулийн өөрчлөлтийг ойлгомжтой тайлбарлаж өгвөл?

-Аливаа хуулийг боловсруулахдаа яаж зөв бөгөөд сайн хийх вэ гэдгийг л зохицуулна гэсэн үг. Цар тахлын үед олон хуулийг яаралтай горимоор оруулж ирсэн. Тооцоо судалгааг нь сөхөж харалгүй, шуураад л баталцгаасан. Дараа нь төсвийн хяналтгүй зарцуулалт болжээ, цар тахалтай холбоогүй агуулгууд оржээ гэж шүүмжилцгээсэн. Иймд аливаа хуулийн зорилго нь юу вэ, тооцоо судалгаа нь хаана байна вэ гэдгийг шаарддаг боллоо, шаардлага өндөрслөө хэмээн ойлгож болно.

Гүйцэтгэх засаглал дураар журам баталж, энэ нь хүний эрх зөрчиж байгаа тухай дүгнэлтүүд гарсан. Жишээ дурдвал, төрийн албан хаагчийг тэтгэвэрт гарахад 36 сарын тэтгэмж өгдөг. Энэ бол төрийн албан хаагчийг тогтвортой ажиллуулах зорилго бүхий дэлхийн жишиг бөгөөд хуульчлагдсан агуулга.

Атал Засгийн газрын тогтоолоор журам батлахдаа, 36 сарын тэтгэмжийг сүүлийн тодорхой жилүүдэд л тасралтгүй ажилласан төрийн албан хаагчид өгнө гэдэг нэмэлт шаардлага оруулж ирэх жишээтэй. Улс төрийн зорилгоор халчих нь элбэг шүү дээ. 20 гаруй жил ажиллачхаад, улс төрийн шалтгаанаар халагдаж, шүүхдээд ч юм уу эргэн ажиллаж байгаад тэтгэвэртээ гарах гэтэл “Сүүлийн жилүүдэд тасалдсан байна” гээд нөгөө 36 сарын тэтгэмжээс хасаж байна. Энэ хүний эрхийн зөрчил. Ийм мэтийн гажуудлыг засъя гэсэн зорилготой.

-Гүйцэтгэх засаглал бол хууль тогтоох эрх мэдэлд нэлээд хуруу гараа дүрж эхэлсэн нь бодит үнэн. Энэ талаар мэргэжлийн хуульчид шүүмжилсээр ирсэн. Цар тахлын үеэс хойш бүр ч гаарсан гэж харагддаг. Засгийн газраас яаралтай өргөн барьсан л бол УИХ шууд баталчихдаг болсон. Нөгөө талаас, хууль өөрөө чанарын шаардлага хангахгүй өргөн баригддаг болсон зэрэг нь суурь шалтгаан нөхцөл болсон юм байна?

-Энэ үнэн. Ойлгомжтой тайлбарлавал, Засгийн газраас нэн яаралтай гээд л нэг анхдагч хууль оруулж ирдэг. Тэр нь хийдэл гарч мэдэх, уялдаа муутай хуулийн төсөл байдаг. 20 заалттай хууль дээр 35 санал гарсан тохиолдол бий. Ийм нөхцөлд бүгдийг нь дахиж өөрчлөх болдог. Гэтэл нийт өргөн баригдаж буй хуулийн 70-80 хувь нь Засгийн газраас орж ирж байгаа.

Улстөрчид бол “Ийм сайхан хууль” гээд л үзэл санаагаа ерөнхий хүрээнд ярьчихдаг. Даанч төсөл нь бөөн алдаа. Ингээд парламент дээр цаг хугацааны шахалтад засах гэж ажиллана, энэ бол чанаргүй хууль батлах болдог гол нөхцөл.

Дээр нь нэн яаралтай горим гэдгийг цар тахлаас хойш маш их хэрэглэсэн. Хэлэлцүүлээд байлгүй хурдан баталчихъя гэдэг. Тэдгээрийн заримд нэн яаралтай биш агуулга байх нь ч бий.

Энэ асуудлыг Хууль тогтоомжийн тухай хуулиар хязгаарлахаас гадна бас УИХ-ын гишүүд сайтар анхаарах хэрэгтэй. Нэн яаралтай хэлэлцэх эсэхийг гишүүд кнопоор шийдэж болно шүү дээ.

Нэгэн жишээ бол цахим мөрийтэй тоглоомыг зохицуулах Зөвшөөрлийн тухай хууль. Мэдээж энэ асуудал нийгэмд асар их тулгамдсан. Засгийн газраас шуурхай анхаарсан нь зөв. Даанч мөн л чамгүй алдаатай хууль оруулж ирсэн. Ингээд засах гээд ажиллахад “Санаатай гацаалаа, удаалаа” хэмээн тайлбарлах жишээтэй. Тэгэхээр хэн хэн нь л хариуцлагатай баймаар байгаа юм.

-Одоо та хэдэн хуулийн ажлын хэсэг ахлаад байгаа вэ?

-Энэ бол миний ажлын хэсэг ахалж ажилласан анхны хууль байлаа. Дараагийнх нь Тамхины хяналтын тухай хууль юм, санаачлагчийн түвшинд ажилласан. Харин Евразийн түр худалдааны хэлэлцээрийн процесстой холбоотойгоор өргөн барьж амжаагүй байна. Дээр нь СӨХ-ны тухай хуулийг олон нийтээр хэлэлцүүлж, боловсруулж байгаа.

-Бид сонгуулийн өмнө ярилцаж байсан. Тэгэхэд та Нийслэл дээр байхдаа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн асуудлыг шийдэж, “Хангай” зочид буудал дээр анхаарч, тодорхой үр дүнг богино хугацаанд, мэргэжлийн хүрээнд шийдсэн. Одоо тэр үеэс үр дүнд хүрэлгүй орхигдчихсон сэдвүүд байна уу?

-Нийслэлийн аж ахуйн ажил руу төдийлөн орох боломжгүй байгаа ч нэгэнт эхлүүлснээ дуусгая гэж бодож ажилладаг. Хоёулаа хүүхдийн тоглоомын талбайн асуудлаар ч ярилцаж байсан. Одоо хууль тогтоогчийн хувьд СӨХ-ны тухай хууль дээр л энэ сэдвийг эзэнжүүлэх, стандартжуулах, хариуцлагажуулах асуудлыг тусгаж чадна. Мөн дулаалга, сэргээгдэх эрчим хүчээр халаалт шийдэх асуудлыг эхлүүлж байсан. Нийслэл дээр үргэлжлэн хэрэгжиж байгаа. Нийслэлийн зовлон, жаргалыг мэддэг гишүүдийн хамт бодлогын дэмжлэг үзүүлэхээр санаачилга өрнүүлж байна.

-Ер нь анхны тодотгол хүлээх намар, хаврын чуулган дамнасан ерөнхий уур амьсгал танд ямар сэтгэгдэл төрүүлэв. 126 гишүүнтэй, залуу бөгөөд хуульч гишүүд дийлэнх, жагсаалтаар мэргэжилтнүүд орж ирсэн. Одоо зарим популист улстөрчдийн дүр төрх ил харагдаад ч эхэллээ. Таны хувьд харьцангуй ажил хэрэгч байр суурийг баримталсаар байна. Улстөржилттэй хэр нүүр тулав. Мөн залуу хуульч гишүүд ер нь хэр нэгдмэл ажиллаж байгаа вэ?

-Энэ парламентад олон давуу чанар байгаа. 80 гаруй нь анх удаа сонгогдсон. Манай бүлгийн гишүүдийн 57 хувь нь гэхэд мөн л анх удаа сонгогдсон онцлогтой. Өөрийн чинь хэлдгээр, жагсаалтаар улстөрч биш салбар салбарын мэргэжилтнүүд орж ирсэн. Тэдний хувьд яах аргагүй арга барилын хувьд өөр анзаарагдаж байгаа.

Бидний өмнө тулгамдсан асуудлын дийлэнх нь л популизм, богино зайн тоглолт, дахин сонгогдох ахархан бодлоос үүдэлтэй шүү дээ. Нэг жишээ нь нийгмийн даатгалын тогтолцоо байна. Сууриар нь шийдэхээс илүү хэсэг гишүүд оноо авахын тулд сэглэж ирсэн. Энэ бол богино хугацаанд хуурмаг үр дүн авчрах тул иргэддээ таалагдана. Гэвч урт хугацаанд нийгэмдээ сөрөг үр дүн авчирна.

Манай шинэ гишүүд харьцангуй ийм зүйл хийхээ больё, хэзээ хүртэл үнэнтэй нүүр тулахгүй явах юм бэ гэдэг дээр нэгдэж байгаа. Зөвхөн манай намын гишүүд ч биш юм. Бусад намын залуу гишүүдтэй ч бид нэгдэх үедээ нэгддэг.

Улс төр өөрөө бас мэргэжил юм билээ. Бидний хувьд нэг жил боллоо. Ямартай ч зарчмаа бариад явж байхад буруудахгүй гэж харж байгаа. Хуульч гишүүдийн хувьд чамгүй эв нэгдэлтэй. Мэргэжлийн, нээлттэй мэтгэлцээн бол байх ёстой. Харин улс төрийн үүднээс зааглагдан хуваагддаг зүйл гайгүй. Дунд нь яс хаях тохиолдол гарч л байна, гэхдээ энэ бүгдэд зарчмаа бариад явахад төдийлөн том асуудал биш гэж харж байгаа.

-Та тамхи гэдэг маш төвөгтэй сэдэв рүү орчихлоо. Янжуур тамхины ч, цахилгаан тамхины цаана ч асар том мөнгө, лобби байгаа нь анзаарагдаад удаж байна. Энэ дундуур хууль батална гэхээр аль талын лобби нь дийлэх вэ гэдэг эргэлзээ хамгийн түрүүнд төрдөг. Та энэ эргэлзээнд юуны өмнө хариулт өгөх ёстой?

-Шулуухан хэлэхэд би аль ч талынх нь хүн биш ээ. Миний ард үр хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа зовнисон аав ээж нар бий. Эмч бөгөөд багш нар бий.

Энэ маш том, ашигтай зах зээл юм билээ. Ноднингийн хувьд 3.5 тэрбум ширхэг янжуур тамхи орж ирсэн байна. 175 сая хайрцаг тамхи гэсэн үг. Дундаж үнээр тооцоход л 700 тэрбум төгрөг эргэлдэх жишээтэй. Цахилгаан тамхины тухайд 8.2 сая ширхэг орж ирсэн. Ашиг нь их өндөр. Учир нь ямар ч тусгай зөвшөөрөл байхгүй, татвар төлдөггүй.

-Гэхдээ нээрэн татвар төлдөггүй юм уу. Зүгээр энгийн бараа шиг хилээр орж ирдэг гэж үү?

-Гаалийн албан татвар л төлдөг. Миний ширээн дээр байгаа энэ дэвтэртэй адилхан л 5 хувийн гаалийн албан татвар төлж байна. Гэтэл энэ бол хортой хийгээд донтолт үүсгэдэг бараа шүү дээ. Нөгөө талаар маш их ашигтай бизнес хүчтэй лобби хийдэг юм байна. Хууль баталъя гэхээр ямар нэгэн байдлаар талцуулж, улстөржүүлээд алга болгодог жишиг явчихсан юм байна.

Мөнгөний өмнө төрийн бодлого сөхөрч болохгүй. 10-20 жилийн дараа энэ шинэ бүтээгдэхүүнээс болж ямар үр дүн гарахыг хэн ч мэдэхгүй байгаа.

Нэг бол гүтгүүлнэ гэж айдаг. Нөгөө бол угаас лоббитой юм чинь гээд аль нэг талд нь орж, ашигтай ажиллахаа боддог, ингэж л явж ирсэн юм байна. Гэтэл би шинэ гишүүн учир хэний ч тал биш. Айх юм алга. Тийм учраас шийдчих юм сан гээд хууль санаачлаад явж байгаа.

-Янжуур тамхи ч гэсэн үнэндээ олон улсын жишгээс маш доогуур татвартай  л даа. Тэгэхээр аль нэгийг нь хориглох биш ижил тэнцүү хандах агуулгатай байвал зөв?

-Яг тийм. Ер зорилго нь янжуур ч бай, цахилгаан тамхи ч бай, хоёулаа хортой учир адилхан л зохицуулалттай байя гэсэн санаачилга дээр бий.

Цахилгаан тамхи тусгай зөвшөөрөлтэй байх ёстой. Зар сурталчилгаа нь хязгаарлагдмал байх ёстой. Онцгой албан татвар төлөх ёстой. Тэр татварыг эргээд нийгмийн эрүүл мэндэд зарцуулах учиртай л гэсэн үзэл санаа бий юм.

Янжуур тамхины татвар үнэхээр үеийн үед бага явж ирсэн юм билээ. Үнийг нь бага байлгаж байгаад л нийт хэрэглэгчээ ихэсгэх нийтлэг бодлого үйлчилж байна.

Гэтэл хөгжингүй орнуудад тамхидалт буурч байгаа. Тэнд бол татварыг өндөр тавьж өгдөг. Нэг хайрцаг тамхи 10 евро гэж байна. Австралид 20 ав.доллар байна. Гэтэл манайд дунджаар ердөө 4000 төгрөг шүү дээ. Адаглаад хойшоо Эрхүүд яваад очиход энэ 4000 төгрөг гурав дахин өсдөг. Урд хөршид ч ижил. Тэгэхээр үүнээс хуурамч буюу чанаргүй тамхи орж ирдэг үү гэсэн хардлага төрдөг. Хоёрдугаарт татварын бодлого үнэхээр хуучирчихсан байна.

-Цахилгаан тамхийг дотор орчинд татахыг хязгаарлах заалт бий гэж үнэн үү?

-Мөн ижил тамхи учир янжуурын адил дотор орчинд татахыг хориглоно гэсэн үг. Нөгөө талаас бусдад болон хүүхдүүдэд ямар үлгэр дуурайл үзүүлэх вэ, сэдэл төрүүлэх вэ гэдэг бодууштай.

-Гишүүн асан Л.Эрдэнэчимэгтэй та уулзсан байсан. Тэр ямар зөвлөгөө өгсөн бэ?

-Тамхидалтыг бууруулахад, наад захын өнөөгийн хэм хэмжээ, зах замбараатай болгоход маш том нөлөө үзүүлсэн хүн бол гишүүн асан Л.Эрдэнэчимэг шүү дээ. Хамгийн түрүүнд зоригтой бай гэсэн. Олон чиглэлийн дарамт ирнэ, тэр бүрд битгий ухраарай. Эмэгтэй гишүүдтэйгээ хамтарч, олуул болоход анхаараарай. Тэгээд гол нь зоригтой байгаарай гэж зөвлөсөн.

-Харин нээрэн гишүүд хамтарч, дэмжиж байна уу?

-Уг нь ажлын хэсэг дээр 6-7 гишүүн байсан юм аа. Төсвөө боловсруулж байтал тэдний маань заримд лобби орж ирсэн. Үзэл санааны хувьд нэгдээгүй гишүүд бий болсон. Иймд ажлын хэсгээс гадна парламентаас гишүүдийн дэмжлэгийг авч байгаа. Одоогоор 70-аад гишүүн бол үзэл санааны хүрээнд нэгдчихсэн байна.

-Лобби гэдэг сэдэв дээр бас ил тод хариулт хэрэгтэй байна л даа. Та одоо мэдээлэлтэй болсон байгаа. Ер нь энэ салбарынхан хэр “том” юм байна?

-Намайг ажлын хэсгийг ахлах захирамж өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гараад л, эхний лобби орж ирсэн. Тамхины компаниас, мөн Казахстанаас уулзъя гэсэн. Цахилгаан тамхи сурталчилдаг хүмүүс бас уулзъя гэж хандсан. Би шууд уулзахгүй гэсэн. Тооцоо судалгааг хийсний дараа эрх ашиг нь хөндөгдөж байгаа та бүхэнтэй нэг дор уулзана гээд гаргасан.

Гэтэл “Номинчимэг ээ, чамтай хоёр хүн уулзуулмаар байна аа” гээд л яриа хөөрөө явж эхэлсэн. Би эхнээсээ хэлсэн. Нэрийг чинь бичиж авна шүү, улстөрч ах нар аа гэдгийг хэлсэн. Аажимдаа энэ оролдлогууд тасарсан.

20, 30-аад жижиглэнгийн худалдаачдын шаардлага ирчихсэн байна. Импортлогч компанийн шаардлага ч ирлээ. “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилсон хууль болжээ” л гэнэ. Тамхи импортлогч компанид ямар үзэл бодол илэрхийлэх эрх хөндөгдөөд буйг ойлгохгүй байгаа.

Цахилгаан тамхины хүмүүсээс гэхэд бүх гишүүд рүү бичиг явуулсан байна лээ. Хоргүй гэсэн агуулгатай. Хоёр хүн ордон дотор гишүүдтэй уулзаад явж байна гэсэн. Лобби бол ийм өндөр түвшинд явагддаг юм байна. Сошиалд гүтгэх, харлуулах болон хоргүй гэж үндэслэл баримтгүй, судалгаагүй тархи угаах оролдлого их харагдаж байна.

-Намрын чуулганаар хэлэлцэх юм байна. Ер нь хуулийн төсөл бэлэн болчихсон уу?

-Засгийн газар санал өгөх ёстой байгаа. Дээр нь, Евразийн түр худалдааны хэлэлцээртэй холбогдуулан, гаалийн татварт өөрчлөлт орж байна. Манай татварын бодлого дээр маш том гажуудал үүсгэх гээд байна. Тэгэхээр энэ чиглэлд дахин нэмэлт судалгаа хийх ёстой болчихоод байна л даа. Эдгээрийн дараа өргөн барьж, намрын чуулганаар хэлэлцэх болов уу гэж харж байна. Миний хувьд хөнгөн хуумгай хандаж, хурдтай хэлэлцүүлэхээс илүү нухацтай байя, олон нийтийг аль болох мэдээллээр хангая, тэгж гэмээнэ хэн нь хэн бэ гэдэг тодорхой харагдана гэж бодож байгаа.

-Танаас энэ СӨХ-ны хуулийг тань бас асуумаар байна. СӨХ гэчихээр ач холбогдол нь бага мэт харагдавч энэ бас дутахгүй гал дагуулсан хууль болох нь таны ярианы өнгө аясаас ажиглагддаг. Яагаад тийм юм бэ?

-1111 дээрх гомдлын гуравны нэг, Нийслэл дээрх гомдлын 70-80 хувь нь СӨХ, конторын үйл ажиллагаатай холбоотой байна. Яах аргагүй оршин суугчдад өдөр тутам тулгамдаж, бухимдал үүсгэж байна. Нөгөө талаар энэ өөрөө оршин суугч болон СӨХ-ны дарга хоорондын асуудал төдий биш юм. СӨХ-нд өгсөн мөнгө зөв зүйтэй зарцуулагддаггүй гэдгээс гадна том эрх ашгууд бий.

Энэ бол газрын асуудал. Мөн барилгын чанар. Барилгын компаниуд төлөвлөгөөнөөс гадуур ажил хүлээлгэж өгөөд СӨХ дээр асуудал үүсдэг. Иймд барилгын компанийн хариуцлага яригддаг. Дахиад контор гэж ярьдагчлан ус, дулаан, ариутгал татуургын үйлчилгээнд их асуудал байна. Энэ нь орон нутгийн өмч давамгайлсан хэсэг.

Нөгөө талд СӨХ бол өмчлөгчийн харилцаанд тулгуурладаг. Гэтэл контор монополь бүтэц болчихсон, үнээ тогтоодог, үйлчилгээ нь яг иргэдийн хэрэгцээнд нийцэхгүй байна. Энэ бухимдал явж явж нөгөө СӨХ дээр л төвлөрөөд оччихдог.

Олон талын эрх ашиг огтлолцож байгаа тул мөн л чамбай хандах шаардлагатай байна.

-Та бол том сэдэвтэй намар тулах юм байна. Нөгөө талаас олон улсын хуулиар мэргэшсэн тан шиг мэргэжилтэн ховор байдаг. Намар болох Оюу толгойн арбитрын маргаан зэрэг олон улсын хэмжээний мэргэжилтэн шаардагдах ажилд таныг орж, ажиллаасай гэж хардаг юм. Өнгөрсөн хугацаанд ийм саналууд ер нь ирсэн үү. Өөрт бас эрмэлзэл байна уу?

-Би одоо хууль тогтоогч болчихсон. Тэгэхээр гүйцэтгэх засаглалын ажилд парламентын гишүүн оролцоод байх нь чиг үүргийн хувьд тохиромжгүй. Харин нэгэнт парламентаар яригддаг тул өөрийн хэмжээнд тусалж, дэмжих эрмэлзэл мэдээж бий.

Би улстөрч болохоосоо өмнө яах аргагүй олон улсын арбитр дээр Монгол Улсыг төлөөлдөг байсан. Олон улсын хэрэг маргаанд өмгөөлөгчөөр, арбитрчаар ажиллаж байсан. Дэд бүтцийн томоохон төслүүдэд хууль зүйн зөвлөгөө өгч байсан. Одоо мэдээж парламентаар шийдвэр гаргах нөхцөлд мэргэжлийн хүний үүднээс санал зөвлөмжөө өгөөд явах боломжтой.

Евразийн худалдааны үр хэлэлцээрийг харахад л манай улс ер хэлэлцээр хийх чадвар, стратеги маш муу байна. Энэ бол уралдаан шүү дээ. Дэлхийн эдийн засгийн 70-80 хувь нь худалдаагаар бүрддэг. Бид туршлагагүй юм байна. ДЭМБ-ын олон гэрээ, конвенцод нэгдэн орохдоо ч үндэсний ашиг сонирхлоо хамгаалах тал дээр мэдлэг дутсан тал байна.

Японтой бол чөлөөт худалдааны хэлэлцээр хийсэн, алдаа гарсан. Энэ алдаанаас суралцаагүй л байна. ЭЗХЯ-наас мэргэжлийн баг хамт олон, стратегичтэй ажилласан уу гэж асуухаар үгүй гэх юм. Өөрсдийн эксперт байхгүй бол авч ажиллуулах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүйгээр яаж Монгол Улсын эрх ашгийг хангуулах билээ дээ.

-Таныг “Рио Тинто”-гийн хүн гэж ярьдаг нь юу юм бэ?

-Ийм гүтгэлэг Нийслэлийн Засаг даргын орлогчоор томилогдсоноос хойш явсан л даа. Яагаад гэхээр, манай нөхөр “Оюу толгой” ХХК-ийн хуулийн хүн юм. Энэ бол “Рио Тинто” биш шүү дээ. Гэтэл бүгдийг ингэж хамтатган, гүтгэж байгаа. Би “Рио Тинто” байтугай гаднын компанийн хөл гар болж явж байгаагүй. Хийсэн ажил маань үүнийг харуулдаг. Нөхрийн маань хувьд мэргэжлээрээ ажиллаж байгаад л санал аваад, “Оюу толгой” ХХК-д ажиллаж байгаа хүн шүү дээ.

-Өнгөрсөн сарын хугацаанд стандарт бус олон үйл явдал төрийн ордон дотор болж өнгөрлөө. Эдгээрийн дунд бас тан шиг залуу гишүүдийн дуу хоолой дутаад байх шиг анзаарагдах юм. Энэ бол танаас улстөржилт хүлээж байгаа хэрэг биш шүү. Засгийн газар огцорсон, ахиж байгуулагдсан дүр зураг дундуур зарчим ярьж гарч ирэх гишүүд бол хэрэгтэй байлаа шүү дээ?

-Шинэ гишүүдийн хувьд зарчмын олон зүйл дээр санал нэгдэж байгаа. 30 гишүүн гарын үсэг зурсан нь зөвхөн Засгийн газар байгуулахтай биш, ер өвлөөс хойш төрийн ажил явдаг системд сэтгэл дундуур байсантай холбоотой болов уу гэж харж байгаа.

Ярилцахгүйгээр дээрээс шийдээд явчихдаг нь бидний дургүйцлийг төрүүлж байсан. Ил тод байгаач ээ. Бидний оролцоог хангаач. Яах гэж биднийг мэргэжилтэн, цэвэр нэр төртэй гэж жагсаалтаар оруулж ирэв. Ашигла л даа. Иймд ингэж улс орноо өөрчилнө гэж үгүй нь, шаардлагаа тавиад явъя гэж нэгдсэн. 30 гишүүн бол үйл ажиллагаа, шийдвэр гаргалтаа ил тод байлга гэж намдаа шаардлага тавьсан. Ижил үнэт зүйлтэй залуус олон байгаа нь бас итгэл төрүүлж байна. Мэдээж дуугараад цаашид илүү идэвхтэй дуугараад явна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
6 сар 30, 2025 08:06

Za nominchimeg,sainzorig 2 bol ilted oyunerdene,nyambaatar 2iin hun bsn shte

Зочин
Зочин
6 сар 30, 2025 08:55

Хүний эрх гэж ярьдаг хүн тэнэг мулгуу болдог. Тамхи татах архи уух орилж чарлах вакцинийг муулах цагдааг доромжлох бусдын зовлонгоор шулж мөлжих гм хүний эрх мөн үү. Олон түмэн хохирч нийгэм хохирч харин олон нийт нийгмийг хохироосон хувь хүн хожиж завшихыг хүний эрхийг хамга�##�ж байна гэж монгол даяараа солиорч байна.

Зочин
Зочин
6 сар 30, 2025 09:05

Zuv huuli sanaachilsan bna aa. Tsahilgaan tamhi bol ali hediinee mash tom business bolj huvirch ee.

Ариунаа
Ариунаа
6 сар 30, 2025 09:12

татаж гаргасан хүнээ гомдоогоод л ... дараа нь хэнээр татуулах уу бодох л асууд�##�даа

Зочин
Зочин
6 сар 30, 2025 09:19

Голыг Эрдэнэчимэг хийчихсэн. Гэтэл МАН-ын гомо Су.Батболд шар Уянга мэтийн хөлснийхөн нэр хүндийг нь унагаан улс төрөөс �######�уулсан. Сүүлийн 5 жилд иймэрхүү технологи МАН-д ялангуяа Данх их хэрэгжүүлсэн

Зочин
Зочин
6 сар 30, 2025 09:19

Өөрөө өөрийгөө л маргаантай гээд л бичүүлэхийн? Юу хийдэг нь харагдаггүй ш дээ. Пүүжээтэй хамт нэг хэлүүлсэнээс өөр юм дуулаагүй л юм бн?! Дуулсан мэдсэн хүн байна уу?

Anonymous461
Anonymous461
6 сар 30, 2025 09:44

Лобби бол нүгэл биш. Байх ёстой. Чи ч уулзах ёстой. Харин уулзахгүй байгаа бол чи �##�ь нэг т�##�ын лоббид оржээ гэсэн үг. Хуульч хүн юм гээ биз дээ. Энэ зэргээ мэдэхгүй онгонтоод бн гэж байх уу? Худлаа нэг төлөгөн коммун гарч ирж дээ

Зөвлөмж, санал
Зөвлөмж, санал
6 сар 30, 2025 13:05

Ус, дулаан, цахилгааны үнийг орон сууцны байгууллага тогтоодоггүй зохицуулах газрууд тогтоодог юм. Харин сөх үйлчилгээний үнийг дур зоргоор нэмдэг, мэргэжлийн биш ихэвчлэн тэтгэврийн хүмүүс ажиллаж, Үнэ тариф, импляц, долорын ханш, ц�##�ингийн өсөлт сөх, сууц өмчлөгчидөд их дарамт болдог.

Холбоотой мэдээ

Back to top button