Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын тарифын улмаас Азийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зургаадугаар сард дахин буурав

Азийн олон орны үйлдвэрийн үйл ажиллагаа зургаадугаар сард дахин буурчээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын гаалийн татварын тодорхойгүй байдал эрэлт хэрэгцээг бууруулсаар байгаа нь үүнд нөлөөлсөн байна. Гэхдээ зарим улсад үйлдвэрлэл бага зэрэг сэргэх шинж тэмдэг илэрчээ.

Мягмар гарагт /2025.07.01/ нийтлэгдсэн судалгаанууд Азийн үйлдвэрлэлийн салбар дахь сул байдал үргэлжилж буйг харуулсан байна. Японд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа сүүлийн 13 сард анхны удаа өсөж, Өмнөд Солонгост агшилт бага зэрэг саарсныг судалгаанууд харуулсан юм.

Хятадын “Caixin” худалдан авалтын менежерүүдийн индекс (PMI) зургаадугаар сард шинэ захиалгын тоо нэмэгдсэнээр өссөн аж. Гэвч энэ нь албан ёсны судалгаатай зөрж байна. Албаны судалгаагаар зургаадугаар сард тус худалдан авалтын менежерүүдийн индекс гурав дахь сардаа дараалан бууралтыг үзүүлсэн билээ.

Японы “au Jibun Bank”-ийн PMI зургаадугаар сард 50.1 болж өссөн нь үйлдвэрлэл нэмэгдсэнтэй холбоотой ч АНУ-ын тарифын тодорхойгүй байдлаас болж шинэ захиалга буурч, нийт эрэлт сул хэвээр байна.

Өмнөд Солонгост үйлдвэрлэл тав дахь сардаа дараалан агшсан ч зургаадугаар сард агшилтын хурд саарсан байна. Үүнийг зургаадугаар сарын 3-нд болсон гэнэтийн ерөнхийлөгчийн сонгуулиар зургаан сарын тодорхойгүй байдал арилсантай холбон тайлбарлажээ.

Харин Энэтхэг энэ чиглэлд онцгой жишээ болсон бөгөөд зургаадугаар сард үйлдвэрлэлийн өсөлт сүүлийн 14 сарын хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. Энэ нь олон улсын зах зээлд борлуулалт огцом өссөнтэй холбоотой бөгөөд шинэ ажилд авах явц ч түүхэнд байгаагүйгээр нэмэгдсэн байна.

Азийн бусад олон оронд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа буурсан хэвээр байгаа юм. Индонезийн PMI тавдугаар сард 47.4 байсан бол зургаадугаар сард 46.9 болж буурсан бол Вьетнамд 49.8-аас 48.9 болж агшсан байна. PMI 50-аас бага бол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа агшиж, харин их бол тэлж байгааг илэрхийлдэг.

Малайзын PMI 48.8-аас 49.3 болж бага зэрэг өссөн бол Тайванийнх 48.6-аас 47.2 болж буурчээ. “Capital Economics”-ийн зах зээлийн эдийн засагч Шиван Тандоны хэлэхдээ, бүс нутгийн үйлдвэрлэлийн сул байдал үргэлжилж байгаа тул бодлого боловсруулагчид эдийн засгийн өсөлтийг сэргээхэд анхаарч эхэлнэ гэсэн юм.

Тандон “Өсөлт удааширч буй нь инфляцтай холбоотой түгшүүрээс илүү чухал асуудал болж байгаа. Ийм учир төв банкнууд мөнгөний бодлогыг улам сулруулах төлөвтэй. Тэр байтугай шинжээчдийн таамгаас ч илүү их хэмжээгээр бодлогоо сулруулах магадлалтай” гэж хэлсэн байна.

АНУ-тай хийх худалдааны хэлэлцээр гацаж, дэлхийн эрэлт суларч болзошгүй эрсдэл мөн БНХАУ-ын эдийн засгийн сул өсөлт байгаа зэргээс шалтгаалан Азийн үйлдвэрлэлийн салбарт цаашид дарамт ирэх төлөвтэй гэж шинжээчид дүгнэж байна.

БНХАУ-ын “Caixin Insight Group”-ийн эдийн засагч Ван Жэ “Зургаадугаар сарыг нийтэд нь авч үзвэл үйлдвэрлэлийн нийлүүлэлт, эрэлт сэргэх хандлага ажиглагдсан. Гэхдээ гадаад орчин хүнд хэвээр буйгаас гадна тодорхойгүй байдал улам нэмэгдэж байна. Дотоодын үр дүнтэй эрэлт одоогоор бүрэн сэргэж чадаагүй байна” гэж  хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button