70 настай урианхай харваач П.Гармаа: Тасралтгүй 18 дахь жилдээ наадамд оролцохоор бэлтгэлээ базааж байна

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр болж байна. Наадмын нэгэн хэсэг сур харваа буюу Монгол сур нь монгол түмний эрхий мэргэнээ сорих эртний уламжлалт наадам юм. Энэ нь өнөө цагт Үндэсний их баяр наадмын албан ёсны дөрвөн төрлийн нэг болон хөгжиж, улмаар түүх, соёлын өвийн нэгэн чухал салшгүй хэсэг болжээ. Сур харваа нь зөвхөн оноо бай онох бус, дотоод сэтгэл, хүндлэл, тэвчээр, тэгш ёсыг эрхэмлэдэг монгол хүний дотоод төлөвшлийн илэрхийлэл билээ.
Ийнхүү бид энэхүү үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж яваа Урианхай сурын хүндэт мэргэн, спортын мастер, Үндэсний сурын аймгийн мэргэн спортын мастер, Буриад сурын аймгийн мэргэн спортын дэд мастер Пэлжээгийн Гармаатай уулзаж ярилцлаа.
-Та сайхан наадаж байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Юуны өмнө Эгүүр сайтын уншигчдад Үндэсний их баяр наадмын мэндийг хүргэе. Миний уугуул нутаг Баян-Өлгий аймгийн Алтай сум. Урианхай сурын "Зургаадай зэв" багийн багш дасгалжуулагч. Зэрэг цолны тухайд гэвэл Урианхай сурын Хүндэт мэргэн спортын мастер, Үндэсний сурын аймгийн мэргэн спортын мастер, Буриад сурын аймгийн мэргэн спортын дэд мастер мөн мөсөн сурын улсын цолтой харваач хүн.

-Сур харвааны үүх түүхийн талаар хоёулаа ярилцлагаа эхэлье?
-Сур харваа бол монголчууд бидний салшгүй нэг соёл, наадмын хэсэг юм. Түүхийг нь яривал Чингис хааны үе, түүнээс өмнө ч ан гөрөө, дайн байлдааны зэр зэвсэг болгон ашиглаж ирсэн. Мөн түүнчлэн 13 дугаар зууны үед зэр зэвсгээс гадна тоглоом наадгай болгон ашиглаж ирсэн нь эртний түүх, сударт бичигдэн үлдсэн байдаг. Манай монголчууд мэднэ дээ. Есүхэй мэргэн гэж 375 алд метр газраас байгаа онож байсан гэх домог, түүх бий. Монгол тооллоор 1 алд 1.6 метр орчим гэж үздэг. Тэгэхээр ийм мундаг харвадаг байжээ гэсэн үг юм. Харин ардын засгийн үеэс буюу 1921 оны Ардын хувьсгал ялсны дараа үндэсний уламжлал дээр тулгуурласан шинэ төрийн баярыг бий болгож, наадмыг албан ёсоор тэмдэглэж ирсэнд сур харваа даган өнөөдрийг хүртэл хөгжиж байна.
-Монголчуудын сур харваа үндсэндээ гурван төрөл буюу Халх, Урианхай, Буриад хэмээн хуваадаг нь дан ганц соёлын хувьд ялгаатайгаас гадна тус бүрийн онцлогийг та уншигчдад маань тайлбарлаж өгөөч?
-Тийм ээ. Монголын үндэсний сур харваа нь өнөөдөр гурав үндсэн төрлөөр хөгжиж, уламжлагдан ирсэн байдаг. Урианхай сур нь урианхайнуудын уламжлалт соёлтой холбоотой, цэргийн ажиллагаанд суурилсан онцлогтой төрөл юм. Зөвхөн эрчүүд харваж уралддаг ба харваачид босоогоор харвана. Зай нь 40 метрийн зайд байрладаг. Эрчүүд харвадаг гэдэг үүднээс их хүч, хурд шаардсан харваа байдаг. 350-450 гр бөөрөнхийлж сүлжсэн сурыг харвадаг. 5 метр 5 см-ийн урттай зурхай дотор 2 метр 50 см дотор сураа өрөөд, урд талд нь 20 см-ийн өндөртэй далан буюу өтөөг босгож урд талын өтөөг сэтгэхгүйгээр сураа онож, дараагийн өтөө буюу 20 см-ийн өндөртэй даланг давсан тохиолдолд оноонд тооцдог ийм харвааны төрөл юм. Сум нь урт, хөнгөн байх ба энэ харваа нь илүү практик ур чадварт тулгуурладаг гэсэн үг юм даа нэг ёсондоо.
Харин Буриад сурын харваа нь төвлөрөл, тайван хандлага шаарддаг. 45-35 метрийн зайнаас харвадаг. 2 метрийн далан урдаа болон хойноо ухаж тухайн байнд сураа оноод, сур нь давсан тохиолдолд оноонд тооцдог. Буриад сур нь бие, сэтгэлийн тэнцвэр, нарийн мэдрэмж шаарддаг онцлогтой. Энэ харваа нь буриад түмний соёл, зан үйлийн нэгэн хэсэг болсон байдаг.
Халх сур харваа нь өнөөдөр хамгийн өргөн дэлгэрсэн, улсын наадамд зонхилон хэрэглэгддэг төрөл юм. Бай нь модон зос буюу хасаа гэж нэрлэгддэг бөгөөд 75 метрийн зайд байрлана. Харин эмэгтэйчүүдэд 65 метр орчим. Хүнд, богино сум хэрэглэж, байг цохиж унагааснаар оноо тооцно. Онох үед “Хит!” хэмээн дууддаг уламжлалтай. Халх сур нь дэг жаяг, хүндэтгэл өндөртэй, нэр хүндтэй харвааны төрөлд тооцогддог. Би өөрөө Урианхай хүн учраас Урианхай сураар төлхүү харвадаг.

-Анх та хэрхэн сур харвааг сурах болов. Таныг бага байх үед тоглоом наадгай гэдэг утгаар өргөн дэлгэр ашигладаг байв уу?
-Би анх ааваасаа сурсан. Аавыгаа дагаж сур харваанд явж, сумыг нь зөөдөг байсан. Бүр бага байх үедээ л сур харваатай холбогдсон. Одоо харин манай хүүхдүүд надаас үлгэрлэн сурч, сур харвааны удмаа үргэлжлүүлж байгаа.
-Таны гэр бүлд сур харвадаг, сонирхдог хүн бий юу?
-Гурван хүү харвадаг, хоёр бэр, ач зээ нар харвадаг. Гурван хөвгүүд маань гурвуулаа спортын мастер цолтой. Том хүү Г.Энхтулга сур харвааны гурван төрлийн спортын мастер. Хоёр дахь хүү Г.Түвшинтулга Урианхай сурын спортын дэд мастер. Бага хүү Г.Баттулга спортын зэрэг цолтой. Ач, зээ нараас Б.Содонцэцэг, Эгнэгт гээд хүүхдүүд минь мөн сураар хичээллэдэг.
-Удам дамжсан харваачид юм байна шүү дээ?
-Тийм ээ тэгж хэлж болно. Энэ ёс уламжлалыг үр хүүхдүүддээ болон шавь нартаа өвлүүлж байгаадаа миний хувьд маш их баярлаж явдаг.
-Та улсын баяр наадамд хэдэн онд анх оролцож байсан бэ?
-Би Сэлэнгэ аймагт ажиллаж, амьдарч байсан. Тухайн үедээ наадамд нь Урианхай сур харваагаар оролцож, түрүүлж, айрагдаж гээд эхний таван байрт хэд хэд жил орж, оролцож явлаа. Үндэсний сурын төрлөөр хамгийн анх 2007 онд Үндэсний их баяр наадамд оролцож байсан. Тухайн үед сэтгэл их өндөр байсан. Түүнээс хойш жил бүр тасралтгүй төрийн наадамд оролцож буй.

-
-Монгол наадам минь маш сайхан баяр. Хүн бүр ач холбогдол өгч дээл, хувцсаа өмсөөд баярлахаас ирдэг. Дэлхийд ганцхан бидний энэ баяр наадам бол соёлыг түгээн дэлгэрүүлж, өвлүүлэн үлдээх маш том зүйл юм шүү дээ. Тэр ч утгаараа оролцож байгаадаа баярлаж, талархалтай хүлээн авдаг.
-Сур харвааны ёс дэг, давуу талыг та юу гэж боддог вэ?
-Сур харваа бол өөрийн гэсэн ёс дэг, дотоод соёлтой, онцгой зүйл. Ялангуяа залуу харваачдын хувьд энэ спорт нь зөв дадал, суурийг нь тавьж өгдөг гэж би боддог. Тэсвэр тэвчээр суулгаж, хүнийг хүмүүжүүлдэг. Мөн ахмад настныг хүндэтгэх ёсонд суралцдаг гээд олон зүйл бий.
-Олон жил дараалан наадамд оролцсон хүний хувьд, аль жилийн наадам хамгийн сэтгэлд тод үлдсэн бэ?
-Наадам бүр л сайхан. Тэр дундаас тамирчин хүний хувьд цол ахих мөч хамгийн сайхан нь юм болов уу. 2020 онд Монголын Үндэсний Сурын Харвааны Холбооны 80 жилийн ой тохиож мянга гаруй харваачид цэц мэргэнээ сорьж оролцсоноос би гуравдугаар байранд орж "Эвэр нум"-аар шагнуулсан. Миний хувьд нэлээн том амжилт байсан. Яагаад вэ гэхлээр дийлэнх нь залуучууд, байр эзэлсэн хүмүүсээс хамгийн ахмад нь би байсан. Мөн тэр оны наадамд түрүүлж аймгийн мэргэн гэх цолоо авч байлаа. Энэ бол ахмад харваачийн хувьд том амжилт хэмээн бодож сэтгэлд минь тод үлджээ.
-Сүүлийн 30-40 жилд сур харваа хөгжлийн хувьд хэрхэн өөрчлөгдөв?
-Дээр үетэй харьцуулахад хөгжил бол хурдацтай, ахицтай явагдаж байгаа. Хүүхэд, залуучууд их хичээллэдэг болсон. Манай үндэсний сур харвааны сүүлийн статистик судалгаанаас харахад дөрвөн мянга гаруй хүн сур харваагаар хичээллэдэг гэсэн тоо байсан. Саяхан гэхэд Налайхын Бүс нуурт болсон Улсын аваргын тэмцээнд 1300 гаруй харваачид ирж оролцсон. Үүнээс 300 гаруй нь хүүхдүүд байсан. Энэ бол сурын түүхэнд байгаагүй олон харваачид улсын аваргад оролцсон түүхэн зүйл болсон. Энэ нь залуучууд сур харваагаар хичээллэх сонирхолтой болсны том жишээ юм.
-Гаран дээрээ цагаанаар зураас татаж тэмдэглэсэн харагдлаа. Энэ ямар учиртай вэ?
-Харваж байхдаа энэ зураасаар байгаа шагайдаг. Буугаар яривал овоо хараа гэсэн үг. Харвадаггүй хүмүүс үүгээр сумаа хардаг юм болов уу гэж боддог байх. Нум сумаа татчихаад сумтайгаа ерөөсөө харьцалгүй, энэ зураасаараа байгаа шагайдаг юм. Үндсэн сурыг дөрвөн сумаар харвана. Урианхай сурыг гурван сумаар харвана. Буриад сурыг хоёр сумаар харвадаг. Би сая Урианхай сураар харвасан. Миний харвасан хоёр сум нь хоёр цагаан зураас татсан байгаагийн доод зураастай ижил явж байгаа оносон. Нэг сум нь хөнгөн, харваачдын хэллэгээр яваатай сум болж хоёр, гурван удаа давчихлаа.

-Сур харвааны тухайд төдийлөн нийтлэг мэддэггүй зүйлсийн талаар уншигчдад зориулан тайлбарлаж өгөөч.
-Сурын харваанд гол зүйлийн нэг нь болох нумаа өөртөө тааруулах хэрэгтэй. Жишээлбэл миний нум залуучуудын нумтай харьцуулахад тэс өөр. Минийх зөөлөн болбол залуу хүмүүсийнх хатуу байдаг. Хатуу нум, хүнд сумаар оновол оноо өндөр гардаг. Таталтын хүчээ тооцож паундаар хэмждэг. Би гэхэд 20 кг-ийн таталттай нум барьдаг бол залуус 30 кг орчим таталттай нум барьдаг. Нэг сум татахад 20 орчим кг-ийг өргөж байгаатай ялгаагүй байдаг.
-Өнөөдрийн хувьд цаг агаар бороотой, салхи тогтуун байна. Цаг агаарын нөхцөл харваанд нөлөөлдөг болов уу.
-Шууд нөлөөлдөг. Эвэр нум нь байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр хийгддэг учир нартай өдөр зөөлөрч, сэрүүн өдөр хатуурдаг. Хатуурвал цохилтын хүч нэмэгдэж байгаа онож, оноо илүү авахад дэмтэй. Өнөөдөр бол яг л сайхан харваж баймаар өдөр таарлаа. Салхи ихэсвэл оноонд их нөлөөлдөг. Үүнийг харваач хүн өөрөө л мэдэрч, зохицож л харвах хэрэгтэй. Үүнийг эзэмшиж байж харваач амжилт гаргана.

-Жил жилийн наадмын цаг агаар нөхцөл байдал харваачдын шандсыг сорьдог байх нь ээ.
-Яг тийм. Манай сур харваа цаг ууртай асар их холбоотой. Цаг агаар бол нэмэлт шалгуур болдог. Гадаад улсын иргэд манай уламжлалт харваагаар хичээллэдэг тохиолдлууд байдаг. Тэдний хувьд цаг агаараа тооцоолж харвах чадвар дутагддаг. Монгол хүн цаанаасаа л үүнд дасан зохицоод эзэмшиж чаддаг.
-"Зургаадай зэв" гэх багийн талаар дурдсан шүү дээ. Хэзээ үүсгэн байгуулж байв?
-"Зургаадай зэв багийг дөрвөн жилийн өмнө анх байгуулсан. Багийн хүрээндээ олон залуусыг сургаж, сур харвааны хөгжил, түүхийг үргэлжлүүлэн сургаж ажиллаж байна.
-Та нийт хэдэн шавьтай болов?
-Энэ дөрвөн жилд нийтдээ 40 гаруй залуусыг сур харваанд сургажээ. Аймаг, сумын зэрэг цолтой олон шавь нар төрөн гарсан. Өнөөдөр гэхэд ихэнх шавь нар минь наадмуудад оролцож харваж буй. Би ч бас Налайх дүүргийн наадамд Урианхай сурын харваанд оролцоод наадаж байна.
-Шавь нартаа хамгийн түрүүнд юуг яаж, зөвлөдөг талаараа яривал.
-Манай залуучууд заасан зүйлийг хүлээж авах чадвар өндөртэй санагддаг. Нэн түрүүнд дүрэм, журам, арга барилаа заадаг. Түүнийг маш сайн хүлээн авч суралцдаг. Харин гол зүйл болох нум, сумаа тааруулах гэдэг зүйлийг чухалчлан зөвлөдөг. Миний үргэлж захидаг зүйл бол "өөрөө техникээ сайн эзэмших, нум сумаа зөв тааруулах" гэдэг зүйлс юм. Өөрт тохирсон нум сумтай байж байж амжилт гаргадаг. 100-ний 50 хувь нь чадвар, үлдсэн 50 хувь нь хэрэглэдхүүн буюу нум сум. Үүнд нь ч нэлээд цаг, хугацааг зарцуулдаг.
-Шавь нараас нь өндөр амжилт үзүүлсэн хэдэн хүн байдаг бол?
-Спортын мастер цол гэдэг тамирчин хүний хувьд өндөр ур чадвар, хөдөлмөр зориулж авдаг зүйл. Миний шавь нар дунд таван спортын мастер цолтон бий. Өөрөөр хэлбэл 40 сумнаас 32 сум ба түүнээс дээш оновол уг цолыг авах нөхцөл бүрддэг. 30, 31 харвасан тохиолдолд спортын дэд мастер болдог. Аймгийн мэргэн, спортын мастер цолтой 4-5 шавь байгаа. Эдгээр шавь нараараа бахархаж явдаг даа. Ер нь бүх л сурах хүсэл эрмэлзэлтэй, сурах гээд ирсэн шавь бүр минь л бахархмаар.
-Сур харваагаар хичээллэдэг, хичээллээд удаагүй, сонирхож байгаа хүүхэд залууст зориулан үг хэлбэл.
-Бүх харваачид дор дороо зорилго өвөртлөн зүтгэж байгаа байх. Бүгдэд нь амжилт хүсмээр байна. Зорьсон, санасандаа хүрч шатаа ахиулаарай гэж ерөөе. Өв уламжлал болсон сур харваагаа үргэлж өвлүүлэн үлдээж, хөгжүүлж яваарай.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!
Сайн харваач байна сайхан наадаарай.