Урианхай сурын харваанд Баян-Өлгий аймгийн харьяат аймгийн мэргэн, спортын мастер Х.Мягмаржав түрүүлжээ

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваанд 350 харваач цэц мэргэнээ сорьсон байна.
Харваанд Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат аймгийн мэргэн, спортын мастер Х.Мягмаржав 27 оноогоор товх харван түрүүлж, Улсын мэргэн цолны болзол хангажээ.
Завхан аймгийн Тэс сумын уугуул, Налайх дүүргийн харьяат, Их өв цэцэн багийн харваач, “Тэсо пропертис” группын тамирчин, урианхай сурын Улсын мэргэн Б.Хатансайхан дэд байрт шалгарсан бол Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, “Өлгийн мэргэчүүд” багийн харваач, “Таван богдын бүргэдүүд” дэвжээний тамирчин, спортын мастер Н.Алтансүх гутгаар байрын мэргэнээр тодров.
Дөрөвдүгээр байрт Ховд аймгийн Дуут сумын харьяат “Ховд цахилгаан түгээх сүлжээ ХХК”-ийн ажилтан, “Уулсын мэргэчүүд холбоо”, “Алтайн шонхор” багийн харваач, аймгийн мэргэн, спортын мастер М.Галбадрах шалгарч, тавдугаар байрыг Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул, Ховд аймгийн Мянгад сумын харьяат, “Ховд эко цемент Вестерн холд ХХК”, “Уулсын мэргэчүүд холбоо”, “Алтайн шонхор” багийн харваач, урианхай сурын Улсын мэргэн Д.Алтангэрэл эзэлсэн ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.