The Times of Central Asia: Монгол Улс Төв Азийн орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлж байна

“The Times of Central Asia” сайт “Тал газрын дипломаси: Монгол Төв Азийн орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлж байна” гарчигтай нийтлэл оруулжээ. Тус нийтлэлийг орчуулж хүргэе.
Долоодугаар сарын 20-ны орой Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр төрийн айлчлал хийхээр Киргизийн нийслэл Бишкек хотноо газардсан. Энэ нь түүний Төв Азийн бүс нутгаар хийж буй аяллын нэг хэсэг. Тэрбээр Бишкекийн дараа Тажикистаны нийслэл Душанбе хотыг зорино.
Энэ айлчлал нь 2023 онд Киргизийн Ерөнхийлөгч Садыр Жапаров Улаанбаатарт зочилж, тус улсын Монгол дахь анхны Элчин сайдын яамыг нээж, Чингис хааны музейг үзсэн үйл явдлын үргэлжлэл юм.
Дулаанаар угтан авсан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Манас олон улсын нисэх онгоцны буудалд Садыр Жапаров улаан хивсний ёслолоор угтан авч, уламжлалт бүжиг, хөгжим, бүргэдийн үзүүлбэрээр хүндэтгэсэн. Тэд хуучны сайн анд мэт бие биетэйгээ мэндчилсний дараа хот руу хөдөлсөн юм .
Жапаров шиг У.Хүрэлсүх 2021 оноос хойш төрийн тэргүүнээр ажиллаж байгаа. Гэхдээ түүний албан тушаалын эрх мэдэл харьцангуй бэлгэдлийн шинжтэй. Үнэндээ өнөөгийн Монголын улс төр Киргизэд Жапаровын өмнөх үеийг санагдуулах мэт.

Зургаадугаар сард Монголын ерөнхий сайд итгэл хүлээх санал хураалтад бүдрэн огцорсон. Энэ нь түүний хүү тансаг хэрэглээнд их хэмжээний зардал гаргасан талаар хэвлэлүүд мэдээлж, олон нийтийн жагсаал өрнөсөнтэй холбоотой.
Айлчлалын хоёр дахь өдөр Жапаров саяхан ашиглалтад орсон ерөнхийлөгчийн ордонд төрийн зочдыг хүлээн авсан. Бишкек хотод 37 хэмийн халуун байсан ч Монголын У.Хүрэлсүх ордонд хүрэлцэн ирж, хоёр орны төрийн тэргүүн нар Киргизийн армийн хүндэтгэлийн жагсаалыг үзсэн юм.
Найрсаг харилцааны эхлэл
Ийм сүр жавхлант хүлээн авалт нь хоёр орны хооронд бодитоор биелэх боломжийн хязгаарыг харуулж байж магадгүй. Эдийн засагч Искандер Шаршеев “The Times of Central Asia”-д өгсөн ярилцлагадаа тодорхой ахиц гарсныг онцлов.
Тэрбээр “Мал эмнэлгийн гэрчилгээг хоёр улс баталсан. Энэ нь Киргизийн үйлдвэрлэгчдэд шинэ зах зээл нээж өгнө. Хонины ноос, ялангуяа ноолуур боловсруулах салбарт хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг мөн зурсан. Монгол Улс дэлхийд ноолуурын үйлдвэрлэлээр тэргүүлэгч орнуудын нэг. Технологи, мэргэжилтнүүдийг бэлтгэх туршлага нь Киргизийн нэхмэлийн салбарыг мэдэгдэхүйц ахиулах боломжтой” гэж хэлсэн юм.
Гэвч үүнээс өөр онцлох зүйл цөөн байсан юм. Хоёр улсын удирдагчдын үгс дипломат нийтлэг хэв маягтай байв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүх салбарт, ялангуяа худалдаа, эдийн засгийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байна” хэмээсэн юм. Харин Ерөнхийлөгч Жапаров “Монгол Улстай иж бүрэн хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Киргизийн гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг” гэжээ.
Харин үүний ард бодит агуулга байгаа эсэх нь чухал асуудал юм. Эдийн засгийн талаасаа энэ харилцаа дорвитой нөлөө үзүүлэхгүй нь ойлгомжтой. 2024 оны эхний таван сард Киргизстан Монгол руу нийт 3.1 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолсон. Тэр бараанууд нь голчлон чихэр, амттанууд. Монгол экспортын дүн үүнээс ч бага. Экспортын хэмжээ бага ч гэсэн албаныхан 2024 онд экспорт гурав дахин өссөн гэдгийг онцолж буй. Гэхдээ энэ 3.1 сая доллароор Нью-Йорк Upper East Side дүүрэгт хоёр өрөө байр ч авч хүрэхгүй. Чухамдаа Монголын Ерөнхий сайд асан Сү.Батболд хууль бусаар олсон мөнгөөрөө худалдан авсан Нью-Йорк хот дахь 14 сая ам.долларын үнэ бүхий хоёр орон сууцаа хураалгасан байдаг.
Гэвч эдийн засгийн үндэслэл хязгаарлагдмал байгаа явдал нь уг айлчлал үр ашиггүй байсан гэсэн үг биш юм. Заримдаа аливаа зүйлийн бэлгэдэл урт хугацааны стратегийн ашиг сонирхлыг бүрдүүлж чаддаг.

Бүс нутгийн хүрээнд нэгдэх эрмэлзэл
Киргизийг зорин ирдэг гадаадын төрийн тэргүүнүүдийн жишгийг дагаж, У.Хүрэлсүх Ала-Тоо нурууны бэлд байрлах 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үеэр амь үрэгдсэн Киргиз сэхээтнүүдийн дурсгалыг хүндэтгэн Ата-Бейит цогцолборт цэцэг өргөсөн.
Монгол Улсын хувьд энэхүү дурсгал нь тусгай утга агуулгатай. Хэдий ЗХУ-ын бүрэлдэхүүнд албан ёсоор багтаагүй ч 1924–1990 онд Ардын Бүгд Найрамдах Улс байсан Монгол Москвагаас хараат нөхцөлд байсан юм. 1937–39 оны хооронд “Тал нутгийн Сталин” гэгддэг Х.Чойбалсангийн үед Монгол Улсад 20 мянга гаруй иргэн хэлмэгдэж, Буддын сүм хийдүүдийг шатаан, олон мянган ламыг шоронд хорьж, буудан хороосон.
Худалдааны эргэлтийг нөхөх хэмжээнд биш ч энэ түүхэн холбоо нь дан ганц түүхчдийн анхаардаг сэдэв байхаа болих боломжтой.
Монгол болон Киргиз ард түмэн нүүдэлчдийн соёл, морь, гэр гэх мэт үндэсний билэгдэлтэй зүйлсээрээ ижил төстэй. Сүүлийн арван жилд “Их Төв Ази” гэх ойлголт дахин хүчээ авч байгаа. Үүнд зөвхөн хуучин ЗХУ-ын “стан” орнууд төдийгүй Афганистан, Монгол ч багтана.
Монголын бүс нутгийн интеграцийн оролдлого
Монгол Улс бүс нутгийн хүрээнд өөрийн байр сууриа тодорхойлохын тулд идэвхтэй ажиллаж байна. Зургаадугаар сард Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монголд анх удаа төрийн айлчлал хийсэн. У.Хүрэлсүх ч мөн адил 2024 онд Ташкент хотод айлчилсан.

Харин энэ долоо хоногийн айлчлал нь Киргиз, Тажикистаныг хамарсан, бүс нутгийн хүрээнд зохион байгуулалттай алхмуудын нэг юм. Шаршеев үүнийг тайлбарлахдаа “Энэ айлчлал нь Монгол Улс эдийн засгийн шинэ гарц эрэлхийлж, улс төрийн түншлэлээ бэхжүүлэх стратегийн сонирхолтой байгааг харуулж байна. Газар зүйн хувьд далайд гарцгүй орнуудын хувьд бүс нутгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх нь БНХАУ, ОХУ зэрэг томоохон хөршүүдээс хараат байдлаа бууруулах оролдлого болж байна” гэжээ.
Геополитикийн хүрээлэл дэх Монголын хязгаар
Өнөөдөр Монголын эдийн засаг түүхий эд, тэр дундаа нүүрсний экспортын ачаар хурдацтай өсөж байна. Эдийн засгийн өсөлт энэ жил 6.6 хувь хүрэх төлөвтэй байгаа нь БНХАУ-ын хилтэй ойролцоо байрлах маргаантай Оюу Толгой зэсийн уурхайн үр өгөөж нэмэгдэж буйтай холбоотой.
Гэвч Монголын эдийн засаг Бээжингийн худалдан авалтаас онцгой хамааралтай байдаг. Зарим эх сурвалжийн тооцоогоор Монголын нийт экспортын 92 хувь нь БНХАУ руу гардаг аж.
Монгол Улс газар зүйн хувьд давчуу орчинд байгаа нь томоохон бэрхшээл. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн орнууд Иран, Каспийн тэнгис, мөн Афганистанаар дамжих гарцуудтай. Харин Монгол Улс нь ОХУ, БНХАУ хоёроор бүх талаараа хүрээлэгддэг.
Алтайн бүс нутагт Монгол, Казахстан хоёр 34 км-ын зайнд оршдог. Гэхдээ тэр зайл нь ОХУ, БНХАУ хоёрын газар нутаг бий. Ийм зайтай байдал нь Орос, Хятадыг оролцуулдаггүй бүс нутгийн аливаа хамтын нэгдлээс Монгол Улс бүрэн ашиг хүртэх боломжийг хязгаарлах эрсдэлтэй.
Монгол Улс Москва тэргүүлсэн Евразийн Эдийн Засгийн Холбоо (ЕАЭХ)-нд элсэх сонирхлоо ийм учраас илэрхийлсэн байж магадгүй. Зургаадугаар сард Улаанбаатар ЕАЭХ-тэй түр хугацааны чөлөөт худалдааны гэрээ байгуулсан. Киргиз энэ алхмыг нь дэмжиж буйгаа илэрхийлсэн байдаг. Мөн Монгол Улс Турк хэлтэн орнуудын байгууллагад (OTS) ажиглагч гишүүнээр элсэх сонирхлоо илэрхийлсэн юм.
Боловсрол, судалгааны чиглэлд ч Төв Азийн орнуудтай хамтын ажиллагаа өргөжиж байна. Зургаадугаар сард Улаанбаатар хот “CAMCA”-гийн 10 дахь чуулга уулзалтыг зохион байгуулсан. Энэ нь Төв Ази, Монгол, Кавказ, Афганистаны сэтгүүлч, эрдэмтэн, бизнес эрхлэгчдийг нэгтгэсэн бүс нутгийн арга хэмжээ юм.
Газар зүйн хувьд тусгаарлагдсан Монгол Улс Төв Азийн нэгэн хэсэг болох байр суурийг бэхжүүлж буй явдал нь өөрөө ач холбогдолтой алхам юм. Ийм утгаараа уг төрийн айлчлал нь Монголын бүс нутгийн идэвх оролцоог нэмэгдүүлж, шинэ шатны харилцааны эхлэлийг тавьсан гэж үзэж болно.
Шаршеев “Монгол Улсын ерөнхийлөгчийн айлчлал нь зөвхөн улс төр, бизнесийн хүрээний төдийгүй олон нийтийн анхаарлыг татаж байна. Айлчлалыг Киргиз хэвлэлүүд анхааран мэдээлж, сошиал орчинд ч өргөн хүрээнд хэлэлцэгдэж байна. Энэ бүхэн хоёр улсын хамтын ажиллагаанд иргэдийн сонирхол нэмэгдэж буйг харуулж байна” хэмээсэн юм.
Эх сурвалж: The Times of Central Asia
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud