Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Тажикстаны Ерөнхийлөгч Эмомали Рахман Үндэсний ордондоо угтан авлаа

Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Ерөнхийлөгч Эмомали Рахмон Үндэсний ордондоо албан ёсоор угтан авлаа.
Үндэсний ордны урд талбайд хоёр улсын Төрийн далбааг мандуулж, Төрийн хүндэт харуулын захирагч Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтгал өргөсний дараа хоёр орны Төрийн дуулал эгшиглэв. Энэ үеэр ёслолын буудлага үйлдэж хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар Төрийн хүндэт харуулын цэргүүд болон хоёр талын албан ёсны төлөөлөгчидтэй мэндчилж, дурсгалын зураг авахууллаа.
Хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцож, хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийнэ.
Душанбе хотын төвд байх Үндэсний ордонг тус улсын тусгаар тогтнол, Төв Азийн түүх, соёлын илэрхийлэл болсон архитекторын хосгүй шийдэлтэй гэж үздэг юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.