Татварын нөхцөл болоод хууль эрх зүйн орчноо сайжруулахыг дотоодын бизнесийн "акулууд" Ерөнхий сайдаас "шаардав"

Өнөөдөр Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн гишүүдтэй Ерөнхий сайд Г.Занданшатар уулзсан байна.
Уг уулзалтад манайдаа бизнесийн салбарын төлөөллүүд багтдаг. Иргэд олон нийтээс ирэх оны төсвийн төсөлд санал авч байгаа энэ үед Ерөнхий сайд Г.Занданшатар бизнесийн салбарт тулгамдаад буй асуудлуудын талаарх ерөнхий тойм зураг босгож, хэлэлцлээ.
Засгийн газраас ирэх намрын чуулганаар Татварын багц хуулийн төсөл, Баялаг бүтээгчдийг дэмжих тухай зэрэг хэд хэдэн хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаагаа хэлнэ лээ. Гэвч нэг талдаа төр бизнесийг дэмжих нэрийдлээр хүнд суртал, журам, татвар зэрэг олон босго тавьдаг нь үнэн.

Тэд юу гэв,
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав,
Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 дугаар зүйлд “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэж заасныг хөрөнгө оруулагчдад сайтар тайлбарлах шаардлага үүсэж байна.
Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн дарга Ц.Түмэнцогт,
Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын орчин нөхцөлд тохирсон, олон улсын сайн туршлага шингэсэн, эрх зүйн орчин бүрдүүлбэл Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэх боломжтой.
“Монголын алт” корпорацийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн,
Уул уурхайн хайгуулын салбарыг бодлогоор дэмжиж, эрх зүйн зохицуулалтыг нээлттэй, уян хатан болгоогүйн улмаас олон асуудал ужгирч, энэ салбарт бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулж байна. Мөн Нийгмийн даатгалын тогтолцооны гажуудал аж ахуйн нэгж байгууллагуудад хүндрэл учруулж байгааг засах, НӨАТ-ын тухай хуулийг тэгш хүртээмжтэй хэрэгжүүлэх талаар эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага бий.

Ерөөсөө л татварын ээлтэй орчин, гадаад дотоод хөрөнгө оруулалтыг сайжруулахын тулд ойлгомжтой төрийн бодлого, ээлтэй эрхзүйн орчныг бүрдүүлэхийг бизнесийн төлөөллүүд хэлж байлаа.
УИХ-ын намрын чуулганд өргөн барихаар боловсруулж буй хуулийн төслүүдийг зөвлөлийн гишүүдэд танилцуулж дахин саналыг нь сонсох, хуулийн төсөлд багтаагүй саналуудын татгалзсан шалтгаан, үндэслэл зэргийг эргэж мэдээлдэг байхыг Сангийн сайд Б.Жавхланд даалгасан юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дотоодын баялагын хулгайч нар